"Цагааннуур", "Боршоо", "Эрээнцав" боомтоор малын тэжээл импортолно

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор манай улс 120 мянган тонн тэжээлийг импортоор авахаар төлөвлөсөн. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжигдэж, хилийн "Цагааннуур" болон "Боршоо", "Эрээнцав" боомтоор малын тэжээл оруулж ирэхээр болоод байна. 

Тодруулбал, хөдөө орон нутагт мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн "Цагааннуур" болон "Боршоо", "Эрээнцав" боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг танилцуулж дэмжсэн юм.

Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний тогтоолоор Баян-Өлгий аймгийн "Цагааннуур" болон Увс аймгийн "Боршоо" хилийн боомтоор нэвтрэх авто тээврийн хөдөлгөөнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс түр зогсоосон. Тогтоолын хүрээнд "Цагааннуур" хилийн боомтоор зөвхөн шатахуун тээвэрлэх авто тээврийн хэрэгслийг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт хуваарийн зохицуулалтаар нэвтрүүлж байна.

Баян-Өлгий, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас авсан мэдээгээр хил нэвтрэх авто тээврийн хөдөлгөөнийг зогсоосноор "Цагааннуур" боомтын нөгөө талд ОХУ-ын нутагт 600 гаруй тонн малын тэжээл саатжээ. Харин Боршоо боомтын нөгөө талд 1500 тонн малын тэжээл саатаад байна.

Засгийн газрын тогтоолын хүрээнд Баян-Өлгий, Увс, Дорнод аймаг болон баруун зүүн бүсэд малын тэжээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулах нөхцөл бүрдэнэ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)