Хөл хорионы хохирогчид

Хөл хориог хамгийн сайн мөрдөж байгаа нь хүүхдүүд хэрнээ хамгийн том хохирогчид нь мөн л тэд. Ялангуяа боловсролын үзүүлэлтээр цар тахал, хөл хорио хүүхдүүдийг асар их хохироож байна. Бүтэн нэг жилийн хугацаанд хүүхдүүд тогтсон хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу боловсрол эзэмшиж чадсангүй. Теле, цахим хичээлээс өвөртөлсөн мэдлэг хомс хүүхдүүд анги дэвшиж бас төгсөж байна.

Өнгөрсөн жил цагаан толгойн үсгээ үзэж дуусгаагүй хорионд орсон сурагчид энэ жил хоёр сар танхимаар хичээллэж дөнгөж уншиж сурах дээрээ дахиад л хорионд орчихлоо. Уг нь хөтөлбөрийн дагуу энэ жилийн хоёрдугаар ангийнхан дуржигнатал өгүүлбэр уншиж, даржигнатал тоогоо боддог болчихсон байх ёстой. Төгсөх ангийнхны элсэлтийн ерөнхий шалгалтын үзүүлэлт ч ерөнхий дүнгээрээ тун тааруу гарсан. Хөл хорио нэгдүгээр анги болон төгсөх ангийн сурагчдад илүү хортой нөлөөлсөн ч тэдний дундах олон мянган хүүхэд ч боловсролын хоцрогдолтой болж байна.

Теле, цахим хичээлд цэцэрлэгийн 247 мянган хүүхэд,ерөнхий боловсролын сургуулийн 686 мянган суралцагч, их дээд сургуулийн 146 мянган оюутныг хамруулах ёстойгоос 20 гаруй хувь нь теле, цахим хичээлд хамрагдаж чадаагүй гэсэн судалгааг иргэний нийгмийн байгууллагууд гаргажээ. “За яах вэ, айлуудын нөхцөл бололцоо өөр учраас бүгд цахим, теле хичээлд хамрагдаж чадахгүй нь ойлгомжтой” гээд хүүхдүүдийн 20 хувийг орхилоо ч хичээлд хамрагдсан 80 хувийнх нь үр дүн тун хангалтгүй байна. Хэдийгээр албаныхан хүүхдүүдийг сургалтад тэгш хамруулахаар уялдаа холбоотой ажиллаж байгаа гэх ч үр дүн муутай байгаа нь энэ мэт судалгаанаас харагдаж буй.

Боловсролын салбарт цар тахлын үзүүлж буй нэг сөрөг нөлөө нь тэгш бус байдал. Боломжийн амьдралтай айлын хүүхдүүд ганцаарчилсан зайны сургалт авч, хоцрогдсон хичээлээ нөхөж байгаа бол дундаж хийгээд ядуу амьдралтай айлууд хүүхдийнхээ боловсролыг зөвхөн теле хичээлд даатгасан. Хувийн сургуулийнхан өөрсдөө цахим хичээл явуулж, хүүхдүүдээ сургаж байгаа бол улсын сургуулийнхан теле хичээлд л анхаарал хандуулж байна. Зурагтгүй, интернэтгүй, сүлжээгүй газар байдаг, малчдын хүүхдүүд бүр теле хичээлдээ ч хамрагдаж чадахгүй байгаа. Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслээс хийсэн судалгаагаар малчдын хүүхдүүдийн 67 хувь телевиз үзэж чаддаггүйгээ хэлжээ. Нүүдлийн мал аж ахуйн амьдралын хэв маягтай холбоотойгоор мал төллөх, мал хариулах, нүүдэл хийх зэрэгт тусалж, хичээлээ хийх завгүй болсон хүүхдүүдийг буруутгах аргагүй. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон үндэстний цөөнх хүүхдүүдийн сурч боловсрох асуудлыг орон нутагт нь хариуцуулж орхилоо. Ингэснээр хувийн болон улсын сургуулийн хүүхдүүдийн боловсролын түвшингийн зөрүү холдож, боловсролын салбарт тэгш бус байдал гүнзгийрлээ.

Тиймээс эмзэг бүлгүүдэд тохирох технологи болон арга хэрэгслийг үнэ төлбөргүй, хүртээмжтэйгээр ашиглан зайнаас сурах боломжийг олгох, орон нутагт суурилсан сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамгийн эмзэг, гадуурхагдсан бүлгийнхэнд нөхцөл байдалдаа тохирсон чанартай боловсрол, сургалтад хамрагдах боломжийг олгох чиглэлээр илүү их хүчин чармайлт, бодлогын үнэлгээ, судалгааг хийх шаардлагатайг мэргэжилтнүүд онцлов.

Түүнчлэн цар тахал нь хүүхдүүдэд сэтгэлзүйн гэмтэл, стресс, сэтгэл хөдлөлийн сөрөг нөлөөллийг ч үүсгэсэн. Тиймээс тусгаарлагдсан, эсвэл аав ээжээсээ хол, сэтгэл зүйн хямрал авч байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлж, зайны сургалтын хөтөлбөрөөр шинэ мэдлэг олгох эсвэл суралцагчийн өмнөх мэдлэгийг бататгах чиглэлээр шийдэл гаргах нь чухал билээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир

Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс хичээлүүдээ төлөвлөөд, теле хичээлийнхээ хуваарийг гаргаад явж байгаа. Зарим сургууль сургалтын цахим хувилбарыг сонгож, сургалтын удирдлагын системүүдийг хөгжүүлээд, багш нар нь өөрсдөө цахимаар хичээлээ зааж байна. Бидний авсан урьдчилсан судалгаагаар 100 гаруй сургууль үндэсний хэмжээнд цахим сургалтын платформ ашиглаж, хөгжүүлээд явж байна. Өнгөрсөн хугацаанд теле хичээлийн ирц сургуулийн өмнөх боловсрол 69, ерөнхий боловсролын сургууль 73 хувьтай байсан. Үүнээс 10 орчим хувь нь цахим платформ ашиглаж байгаа. Үлдсэн 20 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар теле хичээл үзэх боломжгүй, гэр бүлийн орчинд нь цахим орчин бүрдээгүй хүүхдүүд байгаа. Эдгээр хүүхдийн хичээл сурлагад анхаарах, сургалтын хөтөлбөрт нийцүүлсэн гарын авлага, бататгах даалгаврыг долоо хоног бүр хүргэх, эргэж хянах зэргээр уялдаа холбоотой ажиллаж байна. Ямар ч байсан энэ бүх цаг хугацаанд хичээлийн хоцрогдлыг аль болох бага гаргах, нийгмийн болон сурлагын ялгаатай байдлыг бага байлгах тал дээр анхаарч ажиллаж байгаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Т.Цэндсүрэн

Олон жилийн турш танхимын сургалтаар дадсан хүүхдүүдэд зайнаас сурах нь шинэ зүйлбайсан. Цахим сургалтын үеэр хийсэн судалгаагаар хүүхдүүд айдас түгшүүртэй байгаа нь мэдэгдсэн. 13-аас дээш насныхан тэр дундаа төгсөх ангийнхан теле хичээлээ үзэж чадахгүйгээс, агуулгыг нь дутуу ойлгосноос бусдаасаа хоцорчих вий гэсэн айдастай байсан. Харин бага ангийнхан тэр дундаа нэгдүгээр ангийнханд хичээлээс хоцрохоос илүү халдвар авах вий гэсэн айдас их байна. Энэ айдсаасаа улбаалан хүүхдүүдэд ганцаардалд өртөж байна. Бид бодохдоо хотын хүүхдүүд илүү айдас, ганцаардалтай байх болов уу гэж бодож байсан. Гэтэл судалгааны дүнгээр малчдын, хөдөө амьдардаг хүүхдүүд илүү ганцаардмал байна. Гэр бүлийнхэнтэйгээ л харьцаж, малаа хариулж байгаа хүүхдүүдэд илүү хүнд туссан. Өөрөөр хэлбэл бүгд тэгш боловсрол эзэмшиж чадахгүй байгаа нь хүүхдүүдийг хүнд нөхцөлд оруулж байгаа юм. Түүнчлэн теле хичээл үр дүнтэй болж байгаа эсэхэд “Тийм” гэж хэлэхэд үнэхээр учир дутагдалтай.

Одоо хичээл сургалтын үйл ажиллагаанаас хоцорч байгаа хүүхдүүдэд анхаарах шаардлагатай. Мөн сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн хөгжил орхигдлоо. Гурван хүүхэдтэй айл байлаа гэхэд зөвхөн сургуулийн хүүхдэдээ л анхаарч цэцэрлэгийн хүүхдийн хөгжил боловсролд анхаарахгүй байна. Тиймээс энэ арванхоёр, нэгдүгээр сарыг хүүхдүүдийн амралтын хугацаа гээд зүгээр орхимооргүй байна. Энэ хугацаанд хоцрогдолтой хүүхдүүд рүү чиглэсэн хичээл сургалт явуулах хэрэгтэй.

Яст мэлхийн хурдтай цахим шилжилт

Хүн төрөлхтнийг чичрүүлж буй цар тахал бүхий л салбарт их, бага нөлөөлөл үзүүллээ. Халдвар тархах өндөр эрсдэлтэй боловсролын салбарыг цахимд шилжүүлж, ажилчдыг, суралцагчдыг аюулаас гэтэлгэж, алсын зайнаас суралцах, сургах үйл явцад дэлхий нийтээрээ шахуу шилжив. Гэвч боловсролын салбар нийгэм, эдийн засгаас ч дутахгүй тахлын хор уршигт нэрвэгдэж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар одоогийн байдлаар 53 оронд боловсролын байгууллагуудынхаа үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ. Харин 27 улс дунд, ахлах, их, дээд сургууль, коллежиудыг хэсэгчилсэн байдлаар хаагаад байна. Тиймээс ЮНЕСКО боловсролын үйл ажиллагаа, хичээл сургалтын тасалдлыг арилгахын тулд сургууль болон багш нарыг зайны сургалтын хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж хэвшүүлэх, нээлттэй боловсролын программ, платформыг өргөн ашиглахыг зөвлөж буй.

Манай улс ч өнгөрсөн хоёрдугаар сараас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихдээ сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, хичээл сургалтыг теле, цахимд шилжүүлсэн. Гэвч манай улсын боловсролын салбарын цахим шилжилт яст мэлхийн хурдтай урагшилж байна. Хичээл, сургалтын үйл ажиллагааг зөвхөн теле багш нарт даатгачихлаа. Телевизээр гаргасан хичээлээ бататгах, хүүхдүүдэд илүү ойлгогдохуйц байдлаар мэдлэг олгох чиглэлд салбарынхан анхаарсангүй. Цахим хичээлийн үр дүнг сайжруулахын тулд дорвитой ажилласангүй. Ядаж л боловсролын салбарын цахим сайтууддаа цахим, теле хичээлээ текстээр буулгаж байршуулах сэтгэл, сэдэл ч алга. Уг нь албаныхан боловсролын салбарт цахим шилжилт хийж буйгаа өнгөрсөн намаржин л сурталчилсан. Тэгсэн хэрнээ зайны сургалтынхаа агуулга, хэлбэрийг ч өөрчилсөнгүй. Сурагчдын бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд түлхэц, дэмжлэг үзүүлэхүйц нэгдсэн систем, аппликэйшн ч манайд алга.

Хичээл, сургалтын үйл ажиллагаа цахимд шилжсэн энэ өдрүүдэд харин ч илүү хурдтай ажилламаар. Багш сурагчдаа богино хугацаанд зайны сургалтад бэлтгэж, сургаж дадлагажуулахад түлхүү анхаарч, зөвлөгөө мэдээллээр тасралтгүй “бөмбөгдөж” баймаар. Гэтэл бүхэл бүтэн байгууллагын нэрийн хуудас болсон цахим сайтууд одоог хүртэл цэгцрээгүй, зарим цэс нь хоосон, зарим нь сарын өмнөх мэдээлэлтэйгээ байна. Дээр, дооргүй цахим шилжилт хийж, дэвшилтэт технологи ашиглаж байхад боловсролын салбар л хойрго хэвээр байна. Үүний цаана хэдэн мянган хүүхэд цар тахлын хохирогч болж байгааг бид таашгүй.

Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбооны зохицуулагч Г.Ганцэцэг

Нэгдүгээр сарын 24-ний шийдвэрээр бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хааж, цахим сургалтад шилжсэн. Үүнээс хойш хөл хориог хэд хэдэн удаа сунгаж, цахим, теле сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн орсон. Мэдээж цахим, теле хичээл явуулахад олон хүний хөдөлмөр, зүтгэл шингэж байгаа. Гэвч хүүхдүүд гэртээ алсын зайнаас суралцаж байгаа гэх боловч телевизийн хичээлийг бататгах, хүүхдэд үргэлжлүүлэн ойлголт өгөх асуудал орхигдож байна. Төрийн байгууллагуудаас тушаал, шийдвэр, зөвлөмж хангалттай гарсан. Харин эдгээр заавар, зөвлөмж, шийдвэрийн хэрэгжилт нь хангалтгүй байгаа юм. Тиймээс шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлбар мэдээлэл өгөх ажил учир дутагдалтай байгаа нь судалгааны явцад харагдсан.

Цаашид цар тахлыг намжаахад 6-7 сар шаардлагатайг албаныхан хэлж байгаа. Тэгэхээр энэ хичээлийн жил дуустал хүүхдүүд танхимаар суралцахгүй байх өндөр магадлалтай. Хэрвээ хичээлийн жил дуустал энэ байдал үргэлжилбэл, тахлын үеийн онцлогтой хойрго, мэдлэг хомс нэгэн үе бий болох нь.

Боловсролыг тэгш хүртээх жишиг

Харин олон улсад боловсролын салбарыг цахимд шилжүүлэхийн зэрэгцээ зорилтот бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй, үндэсний цөөнх хүүхдүүдийг ч орхигдуулахгүй бодлого барьж байна. Тухайлбал, Шинэ Зеланд улс хөгжлийн бэрхшээлтэй болон төрөлх бус хэлээр суралцаж буй хүүхдүүдэд зориулж, сургалтын агуулгыг англи болон маори хэлээр бэлтгэн дамжуулахаар телевизийн хоёр сувгийг санхүүжүүлэв. Харин Литва улсын Боловсролын яам нь нөхцөл бололцоо тааруу гэр бүлийн 30000 гаруй сурагчид компьютер түрээсэлж, тэднийг сурах боломжоор хангалаа. Мөн Өмнөд Африкт интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдийн холбоо нь Ковид19 хямралын үеэр боловсролын агуулгыг үнэ төлбөргүй дамжуулав. Хүүхдүүдийг боловсролоор нь хохироохгүй байх, бүх сурагчийг зайн сургалтад тэгш хамруулахын тулд үлгэрлэл авах энэ мэт жишээ олон улсад их бий.

ЮНЕСКО-гоос ч компьютерын лабораториос дижитал төхөөрөмжүүдийг түр авах, бага орлоготой өрхийн суралцагчид дижитал төхөөрөмж хөлслүүлэх, үнэ төлбөргүй интернэт дата багцаар түр хангах зэрэг аргаар бүх суралцагчийг зайн сургалтад хүртээмжтэй байлгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөж буй.

Харин манай салбарын яам хүүхдүүдийг сургалтад тэгш хамруулах, сурах нөхцөл боломжоор хангахад хойрго бус байгаасай. Гэртээ радио, телевиз, интернэтгүй сурагчдад хэвлэмэл сургалтын материал өгөх, гар утасны мессеж ашиглаж мэдээлэл өгөх, бага орлоготой өрхүүдийг дэмжиж, дижитал төхөөрөмжөөр хангах гарц шийдэл бийг дахин сануулъя.