Хятадын нүүрсний импортыг газар зүйн байршлаар нь авч үзвэл Монгол, Индонези, ОХУ Австралиас илүү ойр. Тэр дундаа Монгол коксжих нүүрсний хамгийн ойр бөгөөд том эх үүсвэр. Харин Хятад Австралийн харилцаа муудсанаар хоёр талын нүүрсний худалдаа муудаад байгаа билээ.

Иймд Хятад улс өөрийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хангах үүднээс найрсаг бус орны нийлүүлэлтээс хамаарах байдлаа бууруулахын тулд импортын эх үүсвэрээ төрөлжүүлэхийг хүсэж байгааг тодотгожээ.

Эх сурвалж: globaltimes.cn

БНХАУ нүүрсний импортоо Орос, Монгол зэрэг хөрш орнуудаасаа авч, эдийн засгийн тодорхойгүй байдлын улмаас тасалдаж магадгүй түүхий эдийн хангамжаа бүрдүүлж байгаа тухай олон улсын хэвлэлүүдээр бичиж эхэллээ.

Урд хөршийн төрийн өмчит Fujian Guohang Ocean Shipping компани ОХУ-ын “Элга Коул” компанитай нүүрс экспортлох хамтарсан үйлдвэр байгуулах гэрээ байгуулжээ. Энэхүү тохиролцоогоор бол Оросын нүүрсний импортыг 30 сая тонноор нэмэгдүүлж, ОХУ- аас Хятад руу экспортолж буй нүүрсний нийт хэмжээг 33 сая тонноос бараг хоёр дахин өсгөх төлөвтэй байгаа аж.

Хятадын нүүрсний худалдааны хамгийн том таван улс нь Индонези, Австрали, Орос, Монгол, Филиппин гэсэн судалгааг урд хөршийн Хөгжил шинэтгэлийн хорооноос 2020 оны эхэнд гаргасан байдаг. “Гангийн үйлдвэрлэл болон дотоод эдийн засаг цар тахлын дараа эргэж хэвийн байдалдаа орсон тул Австралиас нүүрс авахаас түдгэлзсэнээр нүүрс авах бүтцэд зарим өөрчлөлт гарах болно” гэж Хятадын нүүрсний тээврийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Жао Жиангуо ярьжээ.

Хүлэмжийн хийг бууруулах хэлэлцээрт нэгдсэн хятадууд өөрсдийн нүүрсний хэрэглээг бууруулна хэмээн нүүрсний цахилгаан станцуудаа цөөрүүлэх бодлого барьж эхэлснээ зарлаж байсан цаг саяхан. Гэсэн хэдий ч тодорхой эх үүсвэрээс хараат байдлаа бууруулах нь зүйтэй гэх сургамжийг тэд “Худалдааны дайн”-аас авсан бололтой. Тиймээс Австрали гэх том ханган нийлүүлэгчийн бүтээгдэхүүнийг царцааж хойд хөршүүддээ найр тавьж буй. Ийнхүү хараат байдлаа бууруулж сонголтоо төрөлжүүлэх нь Монгол, ОХУ-д эдийн засгийн томоохон боломж юм.

Өнгөрсөн ес болон аравдугаар сард Монгол Улс Хятадад коксжих нүүрс нийлүүлэгч Австралийг орлож байв. Тухайлбал, БНХАУ өнгөрсөн аравдугаар сард нийт 5.9 сая тонн коксжих нүүрс импортолсны 3.3 сая тонн буюу талаас илүүг нь манайхаас авчээ.

Ковид19 цар тахалтай холбогдуулан хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий ногоон гарцыг өнгөрсөн наймдугаар сард хэрэгжүүлж эхэлснээр ачаа тээврийн хүчин чадал нэмэгдсэн. Үүний үр дүн Монгол Улсаас импортлох нүүрсний хэмжээ нь өссөн. Үүнээсөмнө өдөрт 500-1000 ачааны машинаар Монголоос Хятад руу нүүрс гаргаж байв. Харин наймдугаар сараас өдөрт 2000 болж өссөн юм. Гэтэл Хятадын Fujian Guohang Ocean Shipping ба ОХУ-ын Elga Coal компанийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэлснээр ОХУ-ын нүүрс манайхтай өрсөлдөж эхэллээ.

"Хятад, Орос хоёр эрчим хүчний салбар, тэр дундаа нүүрсний салбарт илүү гүнзгий хамтын ажиллагааны орон зайг олох болно" гэж Шямэний Их сургуулийн Хятадын Эрчим хүчний эдийн засгийн судалгааны төвийн захирал Лин Бочиан ярьжээ.

Австрали Хятадын хоорондын худалдааны зөрчлийн тодорхой бус байдлын улмаас Хятадын компаниуд ОХУ-ыг сонгож байгаа бөгөөд Орос, Австралийн нүүрсний чанар, үнийн хооронд нэг их ялгаа байхгүй гэж үзжээ.

Монгол Улсын хувьд 2021 онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэвч Н.Энхбаяр зэрэг зарим эдийн засагчийн зүгээс энэ онд 2020 оны хэмжээнээс илүү гарахгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Тиймээс манай улсын хувьд хойд хөрштэй өрсөлдөхийн тулд ОХУ-аас үлгэр жишээ авч Хятадын төрийн өмчит компаниудтай хамтрах жишиг нэвтрүүлэхээс нааш өрсөлдөөнд илүү гарч чадахгүй бололтой.

Мөн цар тахал болон бусад хүчин зүйлээс шалтгаалан далайн тээвэрлэлт чангарсан тул харьцангуй тогтвортой хүчин чадал, өртөг санал болгодог Хятад- Европын ачааны галт тэрэг бүс нутгийн худалдааны тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь манай улсын нүүрсний өрсөлдөх чадварыг бууруулж байна. Гэхдээ манай улсын нүүрсний экспортын өрсөлдөх чадвар нэмэгдэх бодит шалтгаан бий. Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд тавьж буй төмөр замын бүтээн байгуулалт эрчтэй урагшилж байгаа. Эхний хэсэг нь 2021 онд дуусах хүлээлттэй байгаа бөгөөд ашиглалтад орсноор жил бүр 30 гаруй сая тонн коксжих нүүрс тээвэрлэнэ гэсэн тооцоотой. Түүнчлэн хоёр талын Жянсү муж Ляньюнган дахь нүүрсний боомт. худалдааны тарифыг бууруулснаар Монгол Улс Хятадын нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа ахиулах төлөвтэй байгаа юм. Мөн манай улс хамгийн сүүлд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орохоор шийдвэрлэсэн нь Монгол Хятадын худалдаанд ашиг тусаа өгнө гэж үздэг.

Энэ жилийн тухайд бидний хүлээлт өндөр байгаа хэдий ч бодит байдал дээр нүүрсний экспорт ямар байхыг одоогоор хэлэхэд эрт байна. Сайн мэдээ гэвэл, Хятадын эдийн засгийн өсөлт 2021 онд найм орчим хувь байх бөгөөд үүний нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 5.1 хувиар өсөх тооцооллыг Дэлхийн банк гаргаад буй.