Азийн цээжинд орших Монгол Улсад 2019 оны байдлаар 93 820 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэдгээрт нэг сая орчим хүн ажиллаж байна гэсэн тооцоо бий.
Харин Монголын гол худалдан авагч нь гарын арван хуруунд багтахаар цөөн. “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй уул уурхайн салбарынхан, “Өгөөж”, “Талх чихэр”, “АПУ”, “MCS”, “Сүү” тэргүүтэй хүнс үйлдвэрлэгчид, “МАК”, “Цемент шохой” үйлдвэр, цөөн тооны банкууд гээд цэгцрэх тийшээ хандана. Энэ хэдхэн компани дээрх 100 орчим мянган аж ахуйн нэгжийн үндсэн хөдөлмөрийг худалдан авдаг. Уг нь бидний логик бол энэ арваад компанийг улам томруулах, чадахгүй бол бусдыг нь дэмжиж тэр чинээнд хүргэх явдал. Өөрөөр хэлбэл, худалдан авагч том компанийн тоог олшруулах юм. Гэтэл дэмжих нь байтугай байнга буланд шахаж, болж өгвөл татвар, торгууль мэтээр дарамталж, өөд заяаг нь үзүүлэх нь ховор. Хамгийн сүүлчийн жишээ гэвэл “Оюутолгой”-н далд уурхайтай холбоотойгоор үүссэн маргаан. Ер нь Оюутолгойг “нүдэж” амь зуудаг улстөрчдийн бүхэл бүтэн бүлэг бий болчихсон. Түүгээрээ өнгөтэй, өөдтэй, босоо хийморьтой яваа нь ганцаар тогтохгүй.
Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5 тэрбум орчим ам.доллароор нэмэгдэх тооцоо танилцуулсан нь зарим улстөрчийн ундууцлыг маш ихээр хүргэх болжээ. Энэ нь “Монголын хүртэх ашгийг багасгахаас гадна, ашиг хүртэж эхлэх хугацааг уртасгалаа” гэсэн тайлбарыг хэлцгээж байна. Гэхдээ хувийн компани зардлаа нэмэгдүүлнэ гэдэг нь өөрсдөд нь ашиггүй агаад хохиролтой. Харин монголчуудын хувьд ашигтай.
Тэрхүү өссөн зардлаар цементээс эхлээд ажилчдын хоол хүнс, техник ажиллуулах шатахуун гээд Монголын компаниудаас худалдан авалт хийх нь дамжиггүй. Энэ утгаараа зардал өсөх тусам худалдан авалт нь нэмэгдэнэ. Энэ компанийн үйлдэл болгон нь Монголын хувийн хэвшлийг тэтгэдэг байтал элгээр нь хэвтүүлчих гээд байдгийн цаад учир шалтгааныг унацгүй хоцорсон улстөрчид хэдэн зуун хувилбараар тайлбарладаг учир энд хэлэх нь илүүц биз ээ.
Бид тэжээгчдийнхээ тоо толгойг нэмэгдүүлдэггүй шалтгаан нь УИХ хамгийн том худалдан авагч болчихсонтой холбоотой. Бүх л худалдан авалтыг нийтийн эрх ашгийн нэрийн дор тэнд шийддэг болсон болохоор тийш зүтгэгсэд олширсон. Хувийн бизнесээ өргөжүүлэх гэж тийш горилдог нь ямар их болсныг бид сонгуулиас сонгуулийн хооронд өсч буй нэр дэвшигчдийн нийлбэрээс харж болно.
Монголд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бүхэл бүтэн сан бий. Тэндээс хэдэн гишүүн халбагадаад, хэрэг нь ил болоход буцаагаад төлчихнө гэж томорсныг бид харсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нь зөв ч бидний хөгжлийн гарц бол биш.
Олон арван, болсон болоогүй жижиг дундчууд эцсийн бүлэгт нэгнээ барьж идээд дуусдаг. Тийм гэдгийг Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хийсэн судалгаа нотолно. Бизнесийн өрсөлдөөний төлөвийг судалж үзэхэд дийлэнх буюу 64 хувь нь бизнесийн гол өрсөлдөгчөө дотоодын аж ахуйн нэгжүүд гэсэн бол 21 хувь нь Хятадын импортын бараа, 11 хувь Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд гэж үзжээ. Өнөөдөр татвар төлөгчдийн мөнгийг хумслах тендерт зориулж хэчнээн компани байгуулж, хэд нь дампуурдаг вэ гэдгийг ёстой чөтгөр бүү мэд.
Хилээ хаачихсан. Экспорт буурсан үед Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ оны нийт дүнгээр 23.6 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдэж, гадаад валютын нөөц 900 орчим сая ам.доллароор өсжээ. Энэ нь түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт гэж шагшин магтаж байна. Ийнхүү үнэт металлын худалдан авалт амжилттай өсөхөд дэлхийн зах зээл дээр алтны үнэ оны эхнээс 21 хувиар өссөн, томоохон алтны үндсэн орд ашиглалтад орж олборлолтын хэмжээ нэмэгдсэн, хууль бусаар алт хилээр нэвтрүүлэх нь буурсан зэрэг хүчин зүйлс нөлөөлөв гэж Монголбанк мэдээлжээ. Хилээ хаачихсан болохоор ам.доллар, юаниа бариад гадаадаас бараа татах нь багасаж, гадаад валютын нөөц нь ч нэмэгджээ.
Экспортын дүн импортын дүнгээс давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан талаар Гаалийн ерөнхий газраас бахархалтайгаар сонордуулж байна. Гоё үзүүлэлт мэт сонгогдож байгаа ч энэ тооны ард хэдэн худалдаа, үйлчилгээний компани хаалгаа барьсан гэдгийг тооцвол тийм ч таатай үзүүлэлт биш.
Импортын бүтээгдэхүүнийг гол өрсөлдөгчөө гэж үзэж буй салбарууд нь газар тариалан (32%), уул уурхай (32%), боловсруулах үйлдвэр (31%), худалдааны (30%) салбар юм.
Гэтэл саяхан урдаас орж ирдэг нарийн ногоо тасрахад бид хаанахын хүнсний ногоо иддэг байснаа мэдэв. Монголын хамгийн том тариалагч төр засагтаа гомдож салбараа орхихоор шийдсэнээ зарлахад төрийн тэргүүн шагнал өгч тайтгаруулсныг бид мэднэ. Тэр үнэхээр алдаж болохгүй мундаг тариаланч. Хятадаас ногоочид авчрах санал гаргаж түүнийг гомдоохын оронд эсрэгээрээ дэмжлэг үзүүлээд Хятадын тариалангийн бизнесийг нь өөрийн болгоод ир гэвэл асуудал амархан шийдэгдэх байлаа.
Бидний муу хэлээд байдаг Хятадын хүчирхэг эдийн засгийн нэг том давуу тал нь томоохон компаниуд нь байнга жижиг компаниудаасаа худалдан авалт хийдэгт оршино. Тэд өөрсдийнхөө мөнгийг улсдаа үлдээхийг чухалчилдаг. Тиймээс ч Amazone-ийн эсрэг Alibaba, Ipone-ийн эсрэг Huawie гэх компаниудаа дэмжиж, герман, японы машин үйлдвэрлэгчдийн патентыг худалдаж аваад зөвхөн өөрсдөдөө зориулан үйлдвэрлэж ажлын байраа нэмэгдүүлэн, мөнгөө шингээж чаддаг. Харин манайд эсрэгээрээ.
Бид хэдэн жил V цахилгаан станцаа барих тухай өдөр нь мөрөөдөж, шөнө нь зүүдэлснээсээ өөрсдийгөө үйлдвэрлэгч биш гэдгээ мэдмээр байна. Тиймээс нэгэнтээ барьж чадахгүйгээс хойш Оюутолгойд хэдэн саяар цахилгаан нийлүүлээд буй Хятадыг зүхэж суухын оронд цахилгааны станцыг нь худалдаад авах талаар бодсон нь бидэнд арай дөхөм.
Бид үйлдвэрлэж чадахгүй зүйлээ үйлдвэрлэдэг болох гэж илүү зардал гаргахын оронд гаднын үйлдвэрлэгчдийн хувийг худалдан авбал илүү унацтай. Бидэнд 2050 он хүртэл хэтийн төлөв энэ тэр гэсэн гоё хөтөлбөрөөс илүү яаж томоохон тэжээгчийнхээ тоог нэмэгдүүлэх вэ гэдэгт санаа тавих нь чухал.
Монголын аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагааны чиглэлээр нь ангилж үзвэл худалдаа 38.4, үйлчилгээ 36.2, боловсруулах үйлдвэрлэл 23.6, барилга 8.6, бусад нь 37.3 хувийг эзэлж байна. Үүнээс бидний ганц хийж чадаж байгаа зүйл наймаа гэдгийг харж болно. Түүхэндээ ч бидний хамгийн сайн чаддаг зүйл нь малаа маллаж, жин тээж, өрнө дорныг холбосон гол замыг эзэмших байсан явдал. Бид түүнийг л хийж чадна. 2020 онд жижиг, дунд, том бизнес эрхлэгчдийн 50 хувиас дээш тооны аж ахуйн нэгжүүдийн ажилтны тоо буурсан таагүй үр дүн судалгаанаас харагдаж байна. Бид өөрсдийн эдийн засгийн гажигаа өөрчлөе гэвэл олноос олон бус том аж ахуйн нэгжийнхээ тоог нэмэгдүүлэхэд л анхаарах нь чухал.