Хөсөр хаягдагсад
Жил тойрон сэрэмжилсэн, тэмцсэн цар тахлын сөрөг нөлөө эдийн засаг, нийгэмд хүчтэй мэдрэгдэж, нийтээр нь ажилгүйдэл, ядуурал руу хөтөлж байна. Үүнээс ч харамсалтай нь ковидын бус өвчтөнүүд хөсөр хаягдаж, алга дарамхан цаас хүлээх зуураа амь тавьж байна. Цар тахлаар одоогоор 2000 орчим монгол хүн өвчилснөөс дөрөв нь нас барлаа. Халдвар анх бүртгэгдсэн 2020 оны гуравдугаар сараас хойш нэг жил орчмын хугацаанд дөрвөн хүн нас барсан гэж уужуу бодож болох ч ковидын шууд хамааралгүй хэрнээ үүнээс үүдэлтэй нас баралтууд тоолж барагдахгүй байна. Хүмүүсийн сайн мэдэхээс дурдвал, нийслэл рүү нэвтрэх гэж 10 гаруй цаг хүлээсэн өвчтөн товчооны гадна нас барсан. Хэдийгээр коронавирусийн халдвартай бус ч үүний нөлөөгөөр нас барсан хүмүүсийн тод жишээ Архангайгаас ирсэн иргэн байв. Мөн ЭХҮМҮТ-д эмчлүүлж байхдаа нас барсан 10 настай охин мөн л нийслэл рүү нэвтрэх гэж амьтай уралдах алтан цагаа алдсан. Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, эмч нарыг тусгаарласан хойгуур хэвтэн эмчлүүлж байсан өвчтөний биеийн байдал муудаж, эмч орж ирэхтэй зэрэгцэн амь тавьсан харамсалтай явдал ч болов. Саяхан л гэхэд даралт харвасан хүнээс эмнэлгийнхэн шинжилгээний хариу шаардаж, улмаар өвчтөн шинжилгээ өгчихөөд хариугаа хүлээх зуураа нас барсан байна. Эмчлүүлээд л эдгэх байсан хүмүүс ковидын шууд бус нөлөөгөөр амиа алдсан энэ мэт уйтай жишээ олон бий.
“Цар тахалгүй бол, хөл хориогүй бол, өмнөх шигээ энгийн тайван байсан бол, эмнэлгийнхэн жаахан ч гэсэн хүнлэг байсан бол миний аав, ээж, ах, дүү, хань, үр хүүхэд минь амьд байх байсан” гэсэн харуусал, цөхрөлийг хэчнээн хүн зүрхэндээ тээж байгаа бол. Цаашид ч халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндрэх тусам энэ харуусал цөхрөл олон хүний зүрхэнд хурж мэдэх нь. Энэ бол хэдэн дарга огцроод эдгээчихдэг шарх биш.
Алаг цоог үе
Одоо халдварын тархалт голомтлон тархах хэлбэрээс алаг цоог үе рүү шилжиж байна. Алаг цоог үеийг товч тодруулъя. Халдварын тархалт нь гурван үе шаттай. Нэг дэх нь манай улсад гарч эхэлсэн үзэгдэл буюу голомтлон тархах хэлбэр. Хоёр дахь нь эх үүсвэр тодорхойгүй олон голомт зэрэг гарч, тодорхой түвшинд хүрвэл алаг цоог үе болно. Тандалт судалгаа, эрт илрүүлгийн шинжилгээгээр эх үүсвэр нь тодорхойгүй илэрсэн тохиолдол нийт шинжилгээний таван хувиас хэтэрвэл алаг цоог үе болж байгаа юм.
Мэргэжлийн хүмүүс нэг сарын өмнө хотод голомтлон гарч байгаа халдварын тохиолдлуудыг алаг цоог хэмжээнд хараахан очоогүй гэж дүгнэж байсан. Харин сүүлийн нэг сарын хугацаанд 30-аад шинэ голомт үүсэж, энд тэнд сайн дураа шинжилгээ өгсөн хүмүүсээс халдвар илрээд эхэллээ. Дээр нь дүүргийн болон төрөх эмнэлгүүд нь халдварын голомт болж байна. Ийм байдлаар хэдхэн хоноход л халдварын алаг цоог үе дэлгэрэх нь.
Хэрвээ алаг цоог үе рүү орвол дараагийн шат буюу бүх нийтийн өвчлөл болоход асар ойрхон гэсэн үг. Иргэдийн дунд халдвар цар тахлын хэмжээгээр тархвал манай улсын эмнэлэг, тусламжийн үйлчилгээ хүрэлцэхгүй болно. Европ шиг хөнгөн өвчтөнүүддээ зөвлөгөө өгч, гэр гэрт нь эмчлэх, хүнд хүндэвтэр өвчтөнүүдээ л эмнэлэгт хэвтүүлэх төлөвлөгөө бийг УОК-ынхон өмнө нь мэдээлж байсан. Энэ үед халдвартай, халдваргүй бүх хүнд эмнэлгийн тусламж хүрэлцэхгүй учраас өвчлөл хүндрэх, нас барах тохиолдол ч одоогийнхоос олон дахин нэмэгдэнэ.
Эрүүл мэндийн салбарынхан эрсдэлд бэлэн үү?
Харин манайхан дээр дооргүй сандал суудлын маргаан өрнүүлж, эмнэлгийн нөөц хүрэлцээ ачаалалд ч анхаарахаа болилоо. Өнгөрсөн хугацаанд бэлэн байдлыг хангаж Цэргийн төв эмнэлэгт 440 ор, ХӨСҮТ-д 400 ор, Яармагийн төрөх эмнэлэгт 500 орыг бэлтгэсэн.
Хэрвээ бүх нийтийн цар тахал боллоо гэхэд 4000 хүн хүнд хэлбэрээр өвчилж, 1000 хүн нас барах магадлалыг мэргэжлийнхэн гаргасан. Муугаар бодоход манайд бүх нийтийн цар тахал боллоо гэхэд ийм тооны хүмүүсийг эмчлэх, эдгээх нөөц бололцоо байгаа юу гэдэг эргэлзээтэй.
Эрүүл мэндийн салбартай ажиллахад маш их хүндрэл учирсан. Шуурхай штаб болон эрүүл мэндийн салбарын хооронд менежментийн хувьд мэдээлэл солилцох ажил туйлын хангалтгүй байна. Эрүүл мэндийн яаманд яг ямар нөөц байгаа нь бүрхэг. Нөөц бололцоо байна л гэдэг. Тиймээс Шуурхай штаб нь удирдлагыг шууд хэрэгжүүлэх тогтолцоо руу шилжих нь зүйтэй. Одоо гарсан кластер халдварыг зогсооход зохион байгуулалтын асуудал чухал.
Эрдэмтэн, судлаачид цаашдаа эмнэлгийн орны ачаалал нэмэгдэх магадлалтай гэж үзсэн. Гэхдээ одоогоор ор, хүний нөөц бололцоо, тоног төхөөрөмж хүрэлцээтэй байгаа. Хөл хорио чанд сахиж байсан үед халдварын тоо бага байсан.
Хөл хорио, вакцины найдвар бага
Халдварын тархалтын нөхцөл байдал хүндрэх шатандаа орж буйг хэн хүнгүй мэднэ. Тиймээс Сар шинийн баяраар хөл хорихыг жирийн иргэд ч, улсын удирдлагууд ч хүлээн зөвшөөрч байна. Цар тахлын эсрэг вакцин оруулж иртэл 10 гаруй хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, халдварын тархалтыг хумих арга хэмжээ авахаар боллоо. Энэ нь ч зөв. Гэхдээ бидний ганц найдаж буй хөл хорионд найдлага бага. Өмнө нь бид хоёр, гурван удаа бүх нийтийн хөл хорио тогтоосон. Халдварын тархалтыг багасгасан ч бүрэн хумьж чадаагүй. Энэ удаад ч бас ийм л байна байх. Хөл хорионы үеэр бүх айлаас шинжилгээ авна гэсэн ч энэ нь тийм ч оновчтой шийдэл биш. Учир нь, коронавирус нэг шинжилгээгээр илрэхгүй. Жишээ нь, Баянзүрх дүүргийн эмнэлэгт анх илэрсэн тохиолдол өмнө нь шинжилгээнд хамрагдсан хүнээс илэрсэн. Хариу нь сөрөг гарсан ч хэд хоногийн дараа эмнэлэгт хэвтэж байхад нь халдвар илэрсэн байдаг.
Шинжилгээнд хамрагдах нь тухайн хүн тэр цаг үед л вирустэй, вирусгүй байна уу гэдгийг тогтоохоос бус шинжилгээ өгснөөс хойш хэдэн цаг халдвар авахгүй гэсэн баталгаа биш. Өөрөөр хэлбэл, шинжилгээ өгөх явцдаа ч, гэрээсээ гараад нэг минутад ч халдвар авах магадлалтай. Түүнчлэн халдвар нууц үедээ мэдэгдэхгүй учир хоёр, гурав дахь шинжилгээгээр илрэх тохиолдол их бий. Тиймээс хөл хорионы үеэр бүх нийтийн шинжилгээ хийлээ ч 100 хувь вирусгүй болох магадлал байхгүй юм.
Харин одоо ганц найдвар вакцин гэж хүлээх үү? Харамсалтай нь, вакцин хийлгэлээ ч эрсдэл дуусахгүй. Гадаадад вакцинд хамрагдсан 12 мянган хүн халдвар авсан тоо баримт байна. Тэгэхээр вакцин хийлгэлээ ч халдварын тархалтыг бүрэн дарах боломжгүй гэсэн үг. 100 хувийн баталгаатай вакцин дэлхийн хаана ч байхгүй. Дээр нь бид хүүхдүүдээ, бусад шалтгаант эмзэг хүмүүсээ вакцинжуулахгүй.
Тиймээс бид зөвхөн хөл хорио, вакцинд итгэх бус ирээдүйн эрсдэлд, бүх нийтийн өвчлөлд бэлтгэх хэрэгтэй байна. Нийгэм, эдийн засгаа аврана гэж цамнах хойгуур ковидын болон ковидын бус шалтгаант нас баралт нэмэгдсээр байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарынхан зохион байгуулалт, төлөвлөгөөгөө сайжруулж, хүний амь аврах үндсэн ажлаа хиймээр. Цаас хүлээхдээ амиа алдсан хүмүүсийн үхлийг ковидын дэргэд юу ч бишээр хармааргүй байна. Үхэл л бол үхэл, тангараг бол тангараг билээ. Манайд тангараг өргөдөг салбарууд дээр шинэ Засгийн газрын гишүүд ч нэмэгдсэн нь саяхны явдал билээ.