“Үндсэн хуульдаа л өөрчлөлт оруулахгүй бол манай төрийн энэ тогтворгүй, дампуу байдал хэзээ ч арилахгүй” гэсээр өөрчлөлт оруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч 1.5 жилийн дундаж наслалттай Засгийн газар хагас жилийн дараа огцорч, Ерөнхийлөгчийн институц, Засгийн газар эрх мэдлээ булаацалдсан, эрх мэдлээ нэмэгдүүлэх гэж зүтгэсэн хэвээр. Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтийн дараах Ерөнхийлөгч болон Засгийн газрын байр суурь, үйлдэл үүнийг илтгэх хамгийн сүүлийн жишээ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын ажилд хэтэрхий оролцдог байдлыг өөрчлөх зорилт тавьсан. Үүний дагуу Үндсэн хуулийн 33.4-т дараах өөрчлөлтийг оруулсан юм.
Өмнөх хувилбар: 33.4. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.
Шинэ хувилбар: 33.4. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуульд зааснаас өөр эрхгүй байхаар болсон. Тодруулбал, хориг тавих, гадаад харилцаанд улсаа төлөөлөх, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах, гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ- тай зөвшилцөн томилох эгүүлэн татах, улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, уучлал үзүүлэх, Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх, ҮАБЗ-ийг тэргүүлэх, бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, онцгой нөхцөл бий болбол онц болон дайны байдал зарлах, цэрэг хөдөлгөх захирамж өгөх гэсэн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг л хэрэгжүүлнэ гэсэн үг.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэсэн заалт хэрэгжиж байсан учраас Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс хууль батлуулах замаар өөрсдөдөө Үндсэн хуульд заагаагүй бүрэн эрхийг авдаг байв.

Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Ерөнхийлөгчид хуулиар маш олон эрх мэдэл өгсөн. Энэнээс болоод эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл алдагдахад хүрсэн юм... Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийг огт хасаагүй. Харин Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн үндсэн бүрэн эрхийн хүрээнд нь хуулиар олгох заалтыг оруулсан.
Өмнөх хувилбар: 26.1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.
Шинэ хувилбар: 26.1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.
УИХ, Засгийн газрын тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан. Удахгүй хаврын чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэхээр төлөвлөөд байгаа. Тус хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг илүү тодорхой болгоно гэсэн үг.
Томоохон хуулиудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх процесс үргэлжилсээр байна. Энэ процессоос нэг зүйл ажиглагдаж байгаа нь өмнөх жилүүдэд Ерөнхийлөгч Үндсэн хуульд заагаагүй бүрэн эрхийг өөртөө авдаг байсан гэдэг шиг Ерөнхий сайд “эцэг хууль”-д заагаагүй бүрэн эрхийг өөртөө авах явдал юм.
Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлахдаа Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргын томилгоонд хөндлөнгөөс оролцож, өөрийнхөө таалагдсан хүнийг ИТХ-д санал болгон Засаг даргаар томилох нөхцөл үүссэн юм. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ийм зохицуулалтыг Үндсэн хуульд оруулаагүй. Үндсэн хуульд нутгийн удирдлагатай холбоотой гуравхан зохицуулалт л орсон. Харин эрх баригчид Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлж байгаа нэрээр гуя дагасан хүзүү гэдэг шиг заалт оруулж ирсэн нь энэ. Зөвхөн Ерөнхий сайд ч бус бүх шатны Засаг даргын томилгоонд дээд шатны Засаг дарга нь нэгэн адил оролцохоор хуульчилсан юм. Үүнийг нь сөрөг хүчин, Ерөнхийлөгч эсэргүүцэж хориг тавьсан.

Бүх шатны Засаг даргад нэр дэвшүүлэх эрх бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Үндсэн хуулиар олгосон өөр хэнтэй ч хуваалцахгүй дархан эрх. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас энэ эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс хэн нэгэн ямарваа нэгэн хэлбэрээр нөлөөлөх, оролцох оролдлого нь Үндсэн хуулийн 3.1-т заасан засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчимд нийцэхгүй. Учир нь, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь орон нутгийн сонгуулиар бий болдог бөгөөд тийнхүү сонгогдсон хуралд буюу нутгийн өөрөө удирдах ёсонд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг бүхэлд нь хамруулсан байх тул тухайн хурлаас Засаг даргад нэр дэвшүүлэх жам ёсны эрх үүсэж, энэхүү эрх нь органик хуулиар бус Үндсэн хуулиар баталгаажин хамгаалагдсан. Үүгээр гүйцэтгэх эрх мэдлийн дээд албан тушаалтан болох Ерөнхий сайд болон дээд шатны Засаг даргаас доод шатны Засаг дарга, аймаг. нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг санал болгох эрх бүрэн үгүйсгэгдэж байгаа юм. Мөн “Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн бол Засаг даргыг өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ тухайн хуралд нэн даруй мэдэгдэх бөгөөд хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ” гэж заасан нь Засаг даргыг огцруулах харилцааны эв зохицлыг шууд алдагдуулна.
УИХ арга буюу үнэнд гүйцэгдэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, ирэх хаврын чуулганаар хуулиа дахин өөрчлөхөөр болсон.
Мөн Засгийн газар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачлах замаар АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор томилдог болов. Уг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын анх өргөн барьсан төсөлд зөвхөн АТГ-ын дэд даргыг томилох процессыг өөрчлөх тухай заасан байлаа. Тодруулбал, АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог зохицуулалтыг өөрчилж, АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа томилдог болох тухай заасан байв. Гэвч эрх баригчид уг хуулийн төслийг хэлэлцэхдээ барьцаа ахиулж, АТГ-ын даргыг Ерөнхийлөгч бус Ерөнхий сайдын саналаар УИХ томилдог болох тухай заалтыг нэмж баталсан юм.
Энэ мэтээр Ерөнхий сайд өмнөх Ерөнхийлөгч нарын замаар замнаж, Үндсэн хуулиар өөрт нь олгоогүй бүрэн эрхүүдийг өөртөө авч эхэллээ.