Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар ирэх пүрэв гарагаас нийслэлд тогтоох хатуу хөл хорионы үеэр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцсэн юм.
Хуралдааны төгсгөлд сайжруулсан түлшнээс тортог ихээр ялгарч, эвгүй үнэр ихээр ялгаруулж байна гэсэн иргэдийн гомдлыг хэлэлцэж, дээж авч шинжлэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа.
Хуралдааны эхэнд Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “УОК, НОК-оос өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 11-нээс эхлэх хөл хориог зохион байгуулах ажилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлагууд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцох шаардлагатай. Энэ 10 хоногт хатуу хөл хориог үр дүнтэй зохион байгуулж, цаашид дахин ийм арга хэмжээ авах нөхцөл үүсгэхгүй байх ёстой юм” гэжээ.
Өнөөдрөөс төрийн албан хаагчид шинжилгээнд хамрагдаж байгаа ба шинжилгээнд хамрагдсан 70 мянган төрийн албан хаагчийн ар гэрийнхэн сар шинийн өдрүүдээр шинжилгээнд хамрагдах шаардлагагүй аж.
Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажил, шар усны үер, булаг болон хөрсний усны халиа, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газар, дүүргийн Засаг дарга нарт өглөө.