Стресстэй холбоотойгоор хүүхдийн хоолны дуршил нэмэгддэг
Хөл хорио, тусгаарлалт гэр бүлүүдэд харилцан адилгүй тусаж байгаа талаар өдөр бүр эсэн бусын мэдээлэл гарч буй. Ухаантай нэг нь энэ цаг хугацааг гэр бүлийн аз жаргалыг амтлах, ажил хийж алдсан цаг хугацаагаа нөхөх боломж болгож байхад урагшгүй зарим нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, цагийг там болгох нь ч байна. Дээрх хоёрын аль, алинд нь багтахгүй ч ажин түжин цаг хугацааг барж ядаж байгаа нь олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Хөл хорио гэр бүлүүдэд төдийгүй гэр бүлийн гишүүдэд харилцан адилгүй нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Ялангуяа нийгэмших үйл явц нь дөнгөж эхэлж буй бага насны хүүхдэд хохиролтой байгаа бөгөөд энэ тал дээр анхаарч, алдагдаж байгаа дадлыг сэргээж байх нь чухал ажээ. “Үндэстний ТОЙМ” сэтгүүл хөл хорионы үе дэх хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар цуврал нийтлэл бэлтгэн хүргэж буй. Энэ удаад хүүхдийн сэтгэл зүй, бие физиологид тулгарч байгаа асуудал, шийдэх боломж, гарц гаргалгааны талаар мэргэжлийн хүний зөвлөгөөг олонд танигдсан нөлөөлөгч нарын жишээтэй хамтатган хүргэхээр бэлдлээ.
Д.Шүрэнцэцэг: Хүүхдүүдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж дэлгэцийн хамааралтай болж байна
Хөл хорионы хүүхдийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ?
Хөл хорио тогтоосноор хүүхдүүдийн амьдралын хэв маяг маш их өөрчлөгдөж байна. Нийгмийн харилцаанаас ангид, гэр бүлийн хүрээнд амьдарч эхэлснээр ихэнх хүүхдийн нойр, хоолны дэглэм алдагдах болсон. Түүнчлэн гэрт удаан хугацаанд байсны улмаас хөдөлгөөний хомсдолд орж байна. Үүнтэй холбоотойгоор таргалалт үүсэж, зүрх судасны системд өөрчлөлт орно. Тиймээс хүүхдээ эрт унтуулж, эрт босгох хэрэгтэй. Ер нь хөл хорионы хугацаанд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нь чухал. Түүнчлэн стресстэй холбоотойгоор хүүхдийн хоолны дуршил нэмэгддэг учир хүүхдээ ойлгохыг хичээх хэрэгтэй юм. Мөн гэртээ байгаа хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж эхэлсэн. Энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Тархи мэдрэлд нөлөөлж, хүүхэд мэдрэлийн ядаргаанд орно.
Хүмүүс “Гэрээс гарахгүй байгаа” гэх шалтгаанаар хүүхдэдээ Д витаминыг дур мэдэн уулгах тохиолдол элбэг. Хөл хориотой холбоотойгоор тун, хэмжээг нь нэмж уулгах нь ч байна. Эмчийн зөвлөгөөгүй Д витамин уулгах нь хэр оновчтой вэ?
Витамин Д хүүхдийн нас, хүйс, амьдарч буй орчин, амьдралын хэв маяг зэргээс үл хамаарч хүүхэд бүхэнд хэрэгцээтэй байдаг. Гэхдээ гэртээ байгаа үед нь тун хэмжээ нэмж уулгана гэдэг шинжлэх ухааны үндэслэлгүй ойлголт. Түүнчлэн гадаа гарч байна гээд Д витамин огт уулгахгүй байх нь мөн тохиромжгүй. Учир нь агаараас бус нарнаас авдаг амин дэм юм. Нарны нөлөөгөөр авдаг витамин болохоор зуны улиралд ямар хэмжээтэй өгөх, өвөл яах уулгах вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Хүний цус руу орсон Д витамин цусанд байгаа кальцийг зөөвөрлөөд, ясанд суулгадаг. Өөрөөр хэлбэл, кальцийг тээвэрлэх үүрэгтэй юм. Д витамины илүүдэл мөн биед сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс шинжилгээ өгөөд, эмчийн заавартай уух нь хамгийн зөв.
Хүүхдүүд гэрээс гарахгүй урт хугацаанд байснаар хүчилтөрөгчийн дутагдалд орох эрсдэл бий болж байх шиг анзаарагддаг?
Боломж олдвол хүүхдээ агаарт гарах нь чухал. Гэртээ удаан хугацаанд байсны улмаас тархи хүчил төрөгчөөр дутагдана. Улмаар толгой өвдөх, нярай хүүхэд уйлагнах, гүйлгэх зэрэг олон сөрөг үр дагавартай. Ер нь хүчилтөрөгчөөр тэжээгддэггүй эд, эс, эрхтэн гэж байдаггүй. Тиймээс хүнгүй газар, богино хугацаанд ч болов агаарлаж байх хэрэгтэй.