АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж ялсан Жо Байден, Камала Харрис нар тангаргаа өргөж, ажилдаа ороод 10 гаруй хонож байна. Энтони Блинкен Төрийн нарийн бичгийн даргаар, Жанет Йеллен АНУ-ын анхны эмэгтэй Сангийн сайдаар, Генерал Лойд Остин анхны хар арьст Батлан хамгаалахын сайдаар, Деб Хааланд анхны индиан гаралтай Дотоод хэргийн сайдаар, Аврил Хэйнс Үндэсний тагнуулын албаны анхны эмэгтэй даргаар томилогдлоо.
Сонгуулийн үеэр нойрмог Жо хэмээх хоч зүүсэн Байден ажилдаа шуурхайлан орлоо. Тэрээр Цагаан ордонд нүүж ирснээсээ хойш бүрэн эрхийнхээ хүрээнд 40 гаруй зарлиг, шийдвэрт гарын үсэг зуржээ. Доналд Трамп, Барак Обама нар ажлын эхний долоо хоногтоо 10 хүрэхгүй зарлиг, шийдвэр баталсан бол Жо Байден нэгдүгээр сарын 20-нд 17 баримт бичигт гарын үсэг зуржээ.
Байдены зарлигуудын дийлэнх нь өмнөх Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг буцаахтай холбоотой байлаа. Тэрээр хилийн дагуу хана барихыг зогсоох, газрын тос дамжуулах хоолойн Кистоун төслийг зогсоох, Парисын уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээрт нэгдэх, оюутны сургалтын зээлийн үндсэн төлбөр болон хүүг есдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоох, АНУ-ыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргах үйл явцыг зогсоох зэрэг зарлиг, шийдвэрүүдийг баталжээ. Жо Байден коронавирусийн цах тахлын эсрэг тэмцэлд онцгой анхаарал хандуулж, ажлын эхний 100 хоногтоо багтаан 100 сая хүнд вакцин тарина гэж амласан. Хот хоорондын автобус, галт тэрэг, усан онгоц, нисэх онгоцоор зорчихдоо заавал амны хаалт зүүхийг зарлигдав. АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол бараг 26 саяд хүрч, 433 мянга гаруй хүн нас бараад байна. Байден хэдийгээр зоримог ажиллана гэж амлаж буй боловч дэлхийн хамгийн том эдийн засагтай улсад коронавирусийн халдварыг тогтоон барьж, хязгаарлах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн. Эрүүл мэндийн байгууллагуудын тооцоолсноор энэ зун 170-180 сая орчим америк хүнийг коронавирусийн вакцинд хамруулах ажээ.
Жо Байден Канадын Алберта мужаас АНУ-ын Небраска муж хүртэл 1900 гаруй километр урт газрын тос дамжуулах хоолой барих төслийг зогсоочихлоо. Түүнээс гадна АНУ-ын холбооны засгийн газрын мэдлийн нутаг дэвсгэрт шинээр газрын тос, байгалийн хий олборлох тусгай зөвшөөрөл олгохыг хориглов. Одоо үйлчилж буй эрчим хүчний зөвшөөрлүүдийн дагуу нийт газрын тосны 22 хувь, байгалийн хийн 12 хувийг холбооны нутаг дэвсгэр дэх орд газруудаас олборлодог ажээ. Кистоун төслийг зогсоосныг Канадын Засгийн газар, Алберта мужийн засаг захиргаа, барилгын ажлыг гардан гүйцэтгэгч компаниудыг хүчтэй эсэргүүцэж байна. Канадын консерватив, либерал хоёр Засгийн газар нь дэмжсэн найман тэрбум долларын өртөгтэй энэ төслийг Барак Обама зогсоож, Доналд Трамп дэмжиж, Байден дахин зогсоолоо. Канадын талын мэдээлснээр Кистоун төслийг гацааснаар 17 мянган ажлын байр байхгүй болжээ.
Байден Төлөөлөгчдийн Танхимын гишүүн Александрия Окасио-Кортесын “Шинэ ногоон гэрээ” гэгчийг дэмжихгүй гэж мэдэгдэж байсан боловч Парисын уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээрт нэгдэж, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр зохицуулалт, хяналт тавьснаар Нэгдсэн Улс шиг супер том эдийн засагт ямар их хэмжээний дарамт учруулахыг өнөөдөр хэлэх боломжгүй. АНУ газрын тос, байгалийн хий, шатдаг занар зэрэг төрөл бүрийн арвин нөөцтэй бөгөөд эрчим хүчний хараат бус байдлаа хангасан гэж мэтгэдэг боловч сэргээгдэх эрчим хүчний төслүүд рүү хэдэн их наяд доллар цутгах нь үр ашигтай хөрөнгө оруулалт мөн эсэх нь эргэлзээтэй. Нэгдүгээр сарын эхээр дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу Баруун Европ, Орос, Сибирь, Монгол, Хятад, Японы хойд нутгаар цочир хүйтэрч, эрчим хүчний хүндрэл үүссэн. Австри улсад цахилгаан тасрах эрсдэлтэй болсон учраас хөрш зэргэлдээ улс орнуудын дулааны цахилгаан станцуудаас тусламж гуйв. Сэргээгдэх эрчим хүчийг эрхэмлэнэ гэж мэдэгдэж буй Герман улсад цахилгааны үнэ АНУ- аас гурав дахин өндөр болжээ. Хятад, Японд хүйтэрсний улмаас шингэрүүлсэн байгалийн хийн эрэлт нэмэгдэж, үнэ нь хэд дахин өсөв. Гэтэл АНУ, Европын Холбоо эх дэлхийг аварч, дэлхийн дулаарлаас сэргийлэхийн тулд малтмал түлш буюу газрын тос, нүүрс, байгалийн хийг хориглох зорилго тавьжээ. Ногоон үзэлтнүүд цөмийн эрчим хүчийг ч таашаадаггүй. Тэгэхээр нарны хавтан, салхины турбинд найдаж, эх дэлхийд дахин Мөстлөгийн үе битгий тохиогоосой гэж хүсэх нь ээ.
Байден сонгуулийн дараа АНУ дэлхийн тавцанд дахин эргэж ирснийг зарлаад, Атлантын далай, Номхон далайг дамнасан холбоотнуудын харилцаагаа сэргээнэ гэж амлав. Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Байденыг тангараг өргөхөөс нэг хоногийн өмнө Хятадын Засгийн газрыг Шинжаан муж дахь уйгур, казахуудын эсрэг геноцид үйлдсэн гэж буруутгав. Геноцид нь үндэсний цөөнхийг устгах, цэвэрлэх гэсэн утгатай. Энэ талаар ямар байр суурьтай байгаа талаар Америкийн сэтгүүлч нар Энтони Блинкенээс асуухад “Майк Помпеотой санал нийлнэ” гэж хариулсан. Тэгэхээр Байден ч Хятадад шахалт үзүүлэх, хязгаарлах уламжлалт бодлогоо үргэлжлүүлнэ. Израйль-Арабын харилцаа сайжирсныг Жо Байден сонгуулийн үеэр сайшаан дэмжинэ гэж ярьсан. Харин Трампын үеийн зарим бодлогыг өөрчилж, Палестины засаг захиргаа, Палестины дүрвэгсдэд үзүүлдэг тусламжийг дахин сэргээхээр болжээ. Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмиратад сөнөөгч онгоц, пуужин, дрон нийлүүлэх гэрээг хянаж үзэх шаардлагатай учраас түр хугацаагаар зогсоосон. Гэхдээ Израйль, Арабыг дэмжих АНУ-ын холбоотны бодлогод огцом өөрчлөлт гарахгүй гэж найдах байх шиг.
Тангараг өргөх ёслолоос хойш Флорида муж дахь эдлэндээ амьдарч буй Доналд Трамп өнгөрсөн пүрэв гарагт Төлөөлөгчийн Танхим дахь Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Кевин МакКартийг хүлээн авч уулзжээ. Тэд 2022 онд болох АНУ-ын Конгрессын сонгуульд хэрхэн ялалт байгуулах талаар ярилцсан байна. Тангараг өргөх ёслолд оролцож, Жо Байденд амжилт хүсэлгүй нисч одсон Трамп улс төрөөс холдохгүй гэдэг нь тодорхой байна. Тэрээр Ерөнхийлөгчийн хувиар олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ бид буцаж ирнэ хэмээн амласан. Ардчилсан намын хяналтад буй Төлөөлөгчийн танхим Доналд Трампад хариуцлага тооцох асуудлыг хөндсөн боловч Сенат дахь Бүгд Найрамдах намын гишүүд Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан хүний асуудлыг хэлэлцэх нь Нэгдсэн Улсын Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзжээ. Тэгэхээр Ардчилсан намын удирдлагуудын хувьд Доналд Трампыг их улс төрд эргэн ирэхээс сэргийлэхийн тулд Бүгд Найрамдах намын 20 орчим гишүүнийг урвуулах шаардлагатай гэсэн үг. Учир нь, Доналд Трампыг буруутгасан тогтоолын төслийг 67 сенатор дэмжих шаардлагатай юм билээ.