Цар тахлын улмаас монголчууд хоёр дахь жилээ Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй өнжиж буй билээ. Гэхдээ өнгөрсөн жил коронавирусийн халдварыг дотоодод алдаагүй байсан тул хатуу хөл хорио тогтоогоогүй юм. Харин өнөө жил хөл хориог чангатгах тул баярын бэлтгэл хийхгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулаад буй билээ. Гэхдээ иргэд сар шинийн бэлтгэлээ базаагаад эхэлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зах, худалдааны төвүүдэд түм түжгэнэж, бум бужигнаж байлаа. Иргэд тавгийн идээ цагаагаа бэлтгэж, мах, шүүсээ базааж буй нь энэ аж. Түүнчлэн “Хөл хорио тогтоохоос өмнө хүмүүсийн гар цайлгах бэлэг сэлтээ зэхэж, хүнсний зүйлээ базааж явна” гэж учирлах нэгэнтэй ч таарсан юм.

“Цагаан сарын өмнө гэр ахуйн барааны борлуулалт өсдөг”

Манай сурвалжлах баг нийслэлд буй томоохон худалдаа, үйлчилгээний төвийн нэг болох “Sunday Plaza”-г зорив. Тус төвд хүмүүсийг  тав, таваар нь оруулаад, халуун хэмжиж, ариутгал хийж байгаа тул гадна нь 100 орчим хүн дугаарлан зогсжээ. Ийнхүү багагүй хугацаанд оочерлож байгаад худалдааны төвд нэвтэрлээ. Үйлчлүүлэгч цөөнгүй байсан тул худалдаа эрхлэгчид тун завгүй ажиллаж байв.

Гэхдээ хүүхдийн хувцас, гутлын тасаг харьцсангүй цөөн хүнтэй байлаа.  Sunday Plaza төвийн худалдаа эрхлэгч Б.Сүх-Очир “Хөл хорио цуцалснаас хойш хүн тасрахгүй л байна. Гэхдээ том хүний бэлэн хувцас, ахуйн бараа борлуулалт сайтай байна. Харин хүүхдийн хувцас огт зарагдахгүй байгаа. Хүмүүс хаа нэг оймс, дотуур хувцас л авдаг. Цагаан сар болохгүй гэх албан ёсны шийдвэр гараагүй болохоор иргэд баярт бэлтгээд л байх шиг анзаарагдсан. Сүүлийн хоёр өдөр үйлчлүүлэгч нэмэгдлээ. Гэхдээ хэн хүнгүй мөнгө багатай байгаа болохоор нэн шаардлагатай зүйлээ л худалдаж авдаг болж. Гутал, хувцас зэрэг хэрэглээг хязгаарлаж байх шиг санагдсан” гэв.

Харин гэр ахуйн бараа, жижиглэн худалдааны орчимд хүний бөөгнөрөл үүсжээ. Хүмүүс ихэвчлэн цахилгаан бараа, хутга, аяга, халбага зэрэг ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа харагдлаа. Энэ талаар гэр ахуйн барааны худалдагч Б.Өлзийтөгсөөс тодруулав. Тэрбээр “Монголчууд цагаан сараас өмнө гэрийнхээ өнгө зүсийг тордож, тавилга сэлтээ сэлгэдэг уламжлалтай. Тиймээс жил бүрийн өдийн гэр ахуйн бараа, бүтээгдэхүүний борлуулалт өсдөг. Гэхдээ энэ жил өмнө жилүүдтэй харьцуулахад борлуулалт буурсан. Гэсэн хэдий ч гал алдахгүй байна. Цар тахлын улмаас цагаан сар тэмдэглэхгүй гэх сураг гарсан ч хүмүүс орон гэрээ тордохоор бараа, бүтээгдэхүүн авч л байна” гэсэн юм.

“Хүмүүс бэлэг ерөөлөө бодоод, идээ будаагаа засах бололтой”

Баянзүрх захын орчим хүний хөлд дарагджээ. Гэхдээ халдвар хамгааллын дэглэм сахиулж, бүртгэл хөтөлж буй байдал нь дулимаг байв. Харин лангуу бүхэн урдаа хаалт байрлуулсан байх бөгөөд худалдаа эрхлэгчид зориулалтын хувцас, малгай, бээлийгээр тоноглосон байв. Тус захын үүдээр ороход хамгийн түрүүнд хэвийн боовны тасаг харагдлаа. Энэхүү тасгийн лангуу бүхэн үйлчлүүлэгчтэй байсан тул ихэнх борлуулагч мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан юм. Ийнхүү явсаар хамгийн урд зогсож байсан ахимаг насны эмэгтэйгээс нөхцөл байдлыг тодрууллаа. Тэрбээр “Борлуулалт муу байна. Өмнө нь өдийд хүмүүс дугаарлаж зогсоод худалдан авалт хийдэг байсан.  Бараа бүтээгдэхүүнээ ч ямар нэг айдасгүй татдаг байлаа. Харин одоо хүмүүс хэвийн боов тэр бүр худалдаж авахгүй байгаа болохоор цөөн, цөөнөөр татаж байгаа учил лангуу хоосон шахам байна. Гэхдээ огт авахгүй байгаа гэвэл худлаа хэлсэн болно. Монгол түмний уламжлалт баяр болохоор хүмүүс бэлэг ерөөлөө бодоод, идээ будаагаа засах л бололтой" гэв.

Хэвийн боов худалдаалж буй лангуунуудын эрц өөдөөс цагаан идээний тасаг харагдаж байлаа. Тэнд мөн л цөөнгүй хүн байв. Иргэд сүү, зөөхий, ааруул, аарц зэрэг төрөл бүрийн цагаан идээний үнэ ханш судалж, худалдан авалт хийж байлаа. Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн Д.Мансай “Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй л гэх юм. Өнгөрсөн жил ч мөн ингэж мэдэгдсэн ч баяр болдгоороо болсон. Тиймээс идээ, будаагаа бэлтгэнэ. Гэхдээ айл хэсэж, хэт их зочин хүлээж авахгүй гэсэн бодолтой байна. Нас өндөр болсон болохоор өнөөх сүрхий өвчнөөс эмээх юм. Хүүхдүүдтэйгээ золгоод, цээрээ гаргах бодолтой байна” гэлээ.