2020 оны дүр зургийг тэр чигт нь өөрчилсөн цар тахлын нөлөөгөөр үйлдвэрлэгчид амаргүй цаг үеийг давж, зах зээлд тэсэж үлдэхийн төлөө самбаа сорьж байна. Бид энэ удаад BBC агентлагаас бэлтгэж буй шинэ технологи, инноваци хэрхэн хувьсаж байгааг зурагласан “Дэлхийд үйлдвэрлэв: Цар тахлаас тэсэж үлдэх нь” цувралаас сонирхуулахаар бэлтгэлээ.
Цаас хийх аргыг нээхээс өмнө эртний Хятадад яст мэлхийн хуяг, хулсны хальс, модны өөдөс эсвэл нимгэн торгон дээр ханзаа сийлж бичдэг байгаад МЭӨ II зуунд Цай Лунь хэмээх түшмэл холтос, даавуу, загасны тор зэрэг түүхий эдийг хольж буцалган, холимог шингэнээ нарийн хулсан чийрсэн дээр жигд тарааж хатаах аргаар нимгэн цаас бүтээх аргыг нээжээ. Энэ цаг мөчөөс хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж эхэндээ ном судар бичихэд ашигладаг байсан цаасыг ахуйн хэрэглээнд ойртуулан малгай, шүхэр, гутал, цонх тэр ч байтугай хуяг дуулга урлаж байсан нь Дундад улсын түүхнээ бичигдэн үлджээ. Өмнөд Тан улс цэргүүдийнхээ хувцсыг бэхжүүлсэн хатуу цаасаар бүрж “Цагаан хуягт арми” ч байгуулж байсан гэдэг. Хятадын өмнөд болон баруун өмнөдийн овог аймгууд XIX зууны сүүлч хүртэл тахлаас хамгаалах цаасан өмсгөл хэрэглэж байлаа.
Хоёр мянганы турш тасралтгүй урагшилж, дэвжиж ирсэн цаас үйлдвэрлэл бусад салбарын нэгэн адилаар ковид-19 цар тахлын хөлд нэрвэгдсэн. Энэ оны дөрөвдүгээр сард Европын хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, 2019 онд 896.6 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан зах зээл энэ оны эцсээр 868.8 тэрбум болж агших төлөв ажиглагдаж байгаа.
Сонирхолтой нь вирусийн урхагаар буурсан цаас үйлдвэрлэл ирэх оноос эргэн сэргэж 2023 он гэхэд зах зээлийн үнэлгээ нь 1.031 тэрбум доллар гэсэн шинэ оргилд хүрэх судалгаа гарчээ. Үүнийг хэт өөдрөг төсөөлөл биш бодит боломж гэдгийг батлах хэд хэдэн хүчин зүйл байгаа юм.
Ковид19 халдвар ертөнцөөр хэрэн хэсэж эхлэх үеэс л цаас анхаарлын төвд нэгэнт орсон байв. Хөл хорионоос урьтаж ариун цэврийн цаасаа үүцлэх гэсэн хүмүүс дэлхий нийтийн 2020 оны хэрэгцээг хэдхэн өдөрт шавхаж лангуу хоосолж орхисон юм. Тэр ч бүү хэл Хонконгод зэвсэглэсэн этгээдүүд дэлгүүр дээрэмдэж 600 боодол цаас булаан одсон хэрэг гарч байлаа. Радио станц, автомат тоглоомын машинууд хүртэл азын хонжвортоо ариун цэврийн цаас гэсэн ховрын бараа бэлэглэж байсан нь хэдхэн сарын өмнөх явдал. Австралид эрэлт дээд цэгтээ тулсан үед овсгоотой нэгэн ганцхан боодол цаасыг eBay дээр 100 доллараар арилжиж чадсан хөгжилтэй тохиолдол ч бий.
Гэтэл бодит байдал дээр дэлхий нийтээр ариун цэврийн цаасны хомсдол үүсэх ямар ч боломжгүй гэдэг. Хэрэглээ өндөртэй АНУ зэрэг орнууд энэ бүтээгдэхүүнээр өөрсдийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Нийтийг хамарсан цочрол юунаас үүдэлтэй нь тодорхойгүй ч Австралид ковид-19 халдвараар хүн нас барсны дараа дэлгүүр хоослох аян эхэлсэн бол Хонконгод нийлүүлэлт буурсан тухай нийгмийн сүлжээнд дэгдсэн цуурхал нөлөөлжээ.
Халдвар хамгааллын дэглэмтэй уялдаад өнөөдөр цаасан түүхий эдийн зах зээл эрчимтэй тэлж байгаа нь бүхнээ илхэн. Ариун цэврийн цаасны зэрэгцээ хамгаалалтын цаасан дэвсгэр, цаасан алчуурын эрэлт улам бүр нэмэгдэж байгаа. Бүр цар тахлын эхэн үед хийсэн дүн шинжилгээгээр ковид-19 жорлонгийн цаас хадгалах хандлагыг урт хугацаанд өдөөж, цаашид ч энэ зуршил хүн төрөлхтөнд хадгалагдах магадлалтай гэжээ.
Үүн дээр нэмэгдээд үйлдвэрлэгчид одоо эмчилгээ, оношилгооны зориулалттай бүтээгдэхүүнээр өрсөлдөх боломж гарч, шинэ салбаруудаа ч нээх боллоо. Мэс заслын хэрэглэл, хамгаалалтын цаасан хувцас үйлдвэрлэдэг компаниуд цар тахал намжтал бусад шугамаа хааж зөвхөн хамгаалах бүтээгдэхүүнд ач холбогдол өгч байна. Ердийн үед ч эрүүл мэндийн байгууллагууд нэг удаагийн цаасан бүтээгдэхүүнд үлэмж хэмжээний зардал төлдөг. Зөвхөн АНУ- ын эмнэлгүүдээс гэхэд л жилд 907 мянган тонн цаасан хог хаягдал гарах жишээтэй.
Нөгөө талаар цаасанд тулгуурлаж бүтээсэн түргэвчилсэн оношлуур өнөөдөр хүн төрөлхтнийг тахлын аюулаас бага ч болтугай гэтэлгэж байна. Цаасан материалд агуулагддаг нэгэн онцгой шинж чанар бол “хялгасан судасны үйлчлэл” байдаг. Өөрөөр хэлбэл цаасны нэг үзүүрээс нэвчсэн шингэн ямар нэгэн идэвхтэй тусламжгүйгээр нөгөө талд шилжинэ гэсэн үг. Дунд сургуулийн физикийн хичээл дээр туршилт хийхэд цаасан алчуурыг өнгөт усанд дүрж, будаг нь таталцлын хүчийг хэрхэн эсэргүүцэж байгааг ажиглаж болдог шиг зарчмаар ердийн түргэвчилсэн оношлуур ажилладаг. Ковид-19-ийг тухайд вирус тээвэрлэгч шингэн, праймер проб, PCR-ын урвалж гэх мэт зүйлс нийлж байж оношлуур бий болдог ажээ. Шинжилгээний үед эсрэг биеийг эдгээр зүйлстэй хамт шингээсэн цаасан туузанд нэвчүүлж, үр дүнг шууд харах боломжтой.

Оношлуурын ийм аргыг өмнө нь жирэмслэлт, шээсний замын халдвар, ХДХВ, ундны усны хорт бодисыг илрүүлэх гэх зэргээр өргөн хэрэглэдэг байсныг мартаж болохгүй. Хойшид ч эрүүл мэндийн салбарт уг технологид суурилсан оношилгооны хэрэгцээ нэмэгдэх тул цаас үйлдвэрлэлийг хэвийн байдалд нь оруулах боломж өргөжинө. Саяхан АНУ-ын Хүнс, эмийн хяналтын алба цаасанд суурилсан 15 минутын дотор ковид-19 халдварын уургийг илрүүлэх чадвартай шинэ төхөөрөмжийг баталсан. Халдвар авсан эхний долоо хоногт 95-100 хувийн нарийвчлалтай үр дүн үзүүлж байгаа тул АНУ-ын засаг захиргаа шинжилгээнд 760 сая ам.доллар зарцуулж байна.
Их Британийн Ерөнхий сайдын танилцуулж буй “Moonshot” ажиллагааны хүрээнд тус улсын эрүүл мэндийн байгууллагууд 2021 оны эхээр өдөрт 10 сая хүнийг оношлох чадвартай болно. Англичуудыг долоо хоногийн дотор бүрэн оношлох энэ төлөвлөгөөг цаасанд суурилсан түргэвчилсэн оношлуурын тусламжтай гүйцэтгэх юм. Хэрэв төсөл амжилттай хэрэгжвэл цаас цар тахлын үед гайхалтай үүрэг гүйцэтгэсэн онцгой түүхий эд болох нь эргэлзээгүй юм.
Цаасанд өөр нэг ирээдүй байгаа нь нян, вирусийн эсрэг бүтээгдэхүүн. “Бид эрэлтэд нийцүүлэн үйлдвэрлэлдээ уян хатан хандаж, тулгамдаж буй хэрэгцээнд нийцсэн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх замаар ажиллаж байна” хэмээн цаас үйлдвэрлэлийн “James Cropper PLC” компанийн маркетингийн захирал Ричард Брэйчелл хэллээ. Эдгээр бүтээгдэхүүний нэг нь PaperGard нэртэй нянгийн эсрэг үйлчлэл бүхий мөнгөжүүлсэн цаас юм. Уг бүтээгдэхүүнд агуулагдах мөнгөжүүлсэн ион нь гадаргуу дээрээ нян, вирус халдварлах боломжийг хязгаарладаг. Өмнө нь энэхүү технологийг MRSA зэрэг эмгэг төрүүлэгч бичил биетүүд тархахаас сэргийлэн ихэвчлэн анагаах ухаан, эрүүл мэндийн баримт бичгийг боловсруулахад ашигладаг байв.

Саяхан компани технологио муурны коронавирус дээр туршиж үзсэн бөгөөд хоёр цагийн дотор вирусийн тоосонцрын амьдрах чадварыг 95 хувиар бууруулж чадсан нь тогтоогджээ. Одоо компани нь мөнгөжүүлсэн цаасаа сав баглаа боодол, мэндчилгээний хуудас зэрэг зайлшгүй гараар хүрэлцэх шаардлагатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглаж байна.
Хөл хорионоос үүдэлтэй хүргэлтийн хоолны соёл дэлхийн өнцөг булан бүрт дэлгэрч байгаатай уялдаад нэг удаагийн цаасан хоолны хэрэгсэл, сав боодлын хэрэгцээ ихсэж байна. Чухамдаа цар тахлын нөлөөгөөр хүмүүс эрүүл, аюулгүй хүнс хэрэглэхийг эрхэмлэж, хуванцар хэрэгсэл, нийтийн гал тогооны шил шаазангаас илүүтэй цаасан аяга тавганд ач холбогдол өгөх боллоо.
Энэ бүхнээс харахад А4 бичгийн цаас цахим хэрэглээнд ялагдаад он удаж байгаа ч нийт цаас үйлдвэрлэлийн салбар вируст халдварын “буянаар” өндийж байна гэж хэлж болно. Энд урлагийг ч бас орхиж болохгүй. Олон сарын турш хоригдож, нийгмийн харилцаа үгүйлсэн хүмүүс гар урлал сонирхох нь илтэд дэлгэрч, уран зураг, цаасан нугалбар, хайчилбарын зориулалттай цаасны борлуулалт нэмэгджээ.
Цаас нь яг л өмнөд Тан улсын дайчдын хуяг шиг хүн төрөлхтнийг вирусийн халдвараас сэргийлж, уйтгар гунигаас ч хамгаалж чаддаг цагаан нөмрөг болжээ.