Сарын тэмдгийн үед дасгал хийх таван шалтгаан
Сарын тэмдэг ирсэн үед ядарч, сульдах мэдрэмж төрөх нь элбэг. Энэ мэдрэмжийг “мартуулах” нэг арга нь дасгал хийх юм. Хүнд, хэт их биеийн хүч шаардсан дасгал хийхэд хэцүү байвал хөнгөн, биеийн чилээ гаргах дасгал хийхийг зөвлөж байна. Сарын тэмдгийн үед дасгал хийхэд энергийн түвшиндээшилж, эрч хүч нэмэгддэг болохыг судалгаагаар нотолсон байдаг.
Сарын тэмдэг ирснээс хойш 14 хоногийн хугацаанд дасгал хийхэд маш үр дүнтэй байдаг аж.
Идэвхтэй хөдлөх нь булчингийн хүчилтөрөгчийн хэмжээг ихэсгэснээр сарын тэмдгээс үүдэлтэй өвдөлтийг намжаадаг сайн талтай аж. Түүнчлэн дасгал хийх үед бета-эндорфин гэдэг байгалийн өвчин намдаагч бодис ялгардаг учраас сарын тэмдгийн үед нуруугаар хөших, хэвлийгээр хатгах зэрэг өвдөлтийг бууруулдаг. Харин хөдөлгөөн хийхгүй хэвтэр нь сөрөг нөлөөтэй. Учир нь цус биеийг тойрон урсахгүй байснаар, илүү их өвдөлт мэдрэгдэж, тухгүй байдал үүсдэг байна.
Сарын тэмдэг ирсэн үед дааврын өөрчлөлтийн улмаас зан ааш өөрчлөгдөж, амархан бухимддаг. Харин энэ үед дасгал хийснээр сэтгэл санаа сэргээх эндорфин илүү ихээр ялгардаг тул тайвширч, сэтгэл зүйгээ удирдах боломж бүрдэх юм.
2016 оны Олон улсын Хүрээлэн буй орчны судалгаа болон Нийтийн эрүүл мэндийн судалгаа сэтгүүлийн тайланд дурдсанаар, Тайваний эмэгтэйчүүд богино хугацааны иогийн хөтөлбөрт оролцсоноор сарын тэмдгийн өмнөх шинж тэмдгүүд болон сарын тэмдгийн үеэр нурууны өвдөлт багассан гэж мэдээлжээ. Нэмж хэлэхэд иогийн дасгалууд нь эрч хүчийг нэмэгдүүлж бухимдлыг багасган бүхий л сэтгэл санааг сайхан болгодог гэдгээрээ танигдсан билээ.