Хэсэг залуус элдэв шалдав хов жив хутгаж сууснаа нэг нь гэнэт “За тэр ч яах вэ, Монгол Улсаа яаж хөгжүүлэх вэ” гэж асуудаг юм байна. Юу ярих нь юм бол хэмээн чих тавьтал бусад нь пир хийтэл инээлдээд тарж одоцгоов. Ярих сэдэв нь дуусаад хамгийн эцэст хэлж байгаа үгний нь байж байгааг дээ.Эх орноо хөгжүүлж дэвшүүлээд, бусдаас түрүүлж сүйд болдоггүй юм аа гэхэд хоцорчихгүйхэн шиг байх санал санаачилга, эрч хүч чухамхүү залуусаас гарах учиртай биш бил үү. Монгол орон ардчиллын замаар 30 жил замнаад өнөөдөр чухамдаа юу бүтээв. Улстөрчид нь бусдаас түүхий эдээр сольж авсан бэлэн гар утас, машин тэргээ хөгжил гэж ухуулж, залуус нь хий хоосон ардчилал ярьж, архидсаар хоног өдрийг төөрүүлж байгаа юм биш үү.

Бид мэт нь социализмын үеийг бага ч гэсэн “үнэртээд” өнгөрсөн бол одоогийн 20 настай идэр залуучууд бидний “ардчилсан” гэж нэрлээд байгаа зэрлэг капитализмын үед төрж өссөн, энэ цаг үеийн бүтээгдэхүүн. Ойрмогхон болж өнгөрсөн ахмадын баяраар “1990 оноос өмнө төрөгсдөд ахмадын баярын мэнд хүргэе” гэсэн пост хамгийн их тарж, олон “лайк” цуглуулсан байх юм. Тэр ч байтугай зарим нэг нь “80 оноос өмнө төрөгсөд одоо амьд байдаг юм уу” гэсэн байх шиг. Залуу үе өмнөх үеэ үгүйсгэдэг юм гэнэ лээ. Гэхдээ энэ ч арай дэндэнэ ээ. Магадгүй, хэн нэг тэнэгийн бичсэн дэмий балай үгэнд ач холбогдол өглөө гэж зэмлэх хүн гарах байх. Гэхдээ ийм байдал дэндүү их болохын хэрээр бачимдаад байна.

Хуурамч нийгэмдээ, худалч дарга нарынхаа бөгсийг долоогоод, халтуурдаад ч хамаагүй юм хийсэн болж харагдаад явж байгаа хүн сүгүүдээр дүүрчихсэн юм биш үү.            “Монгол Улс хэзээ ч хөгжихгүй ээ. Гаднын тагнуулуудаар дүүрчихсэн. Хөгжөөд, хүн ард нь хоногийн хоолноосоо давж сэтгэдэг болчихвол одоогийн улстөрчид гээд байгаа нөхдүүд өөрсдөө арчигдана”гэж нэг нөхөр хэлж байсан. Энэ үг батлагдсаар байна.

Нэг нь сайн сайхан ажил санаачлаад хийх гэхээр бөөнөөрөө дайрсаар байгаад татаж унагадаг.

АН-ын үед ч, МАН-ын үед ч ийм байдал байсан. Ногоон нуурын усыг зайлуулахаар газар доогуур олон хоолой татаж, гол руу урсгасныг олон хүн санаж байгаа байх. Энэ ажлыг хийхэд улсаас хэдэн төгрөг зарцуулсныг мэдэх хүн байгаа болов уу. Нэгэн үе дэд сайдын албан тушаал хашч байсан Д.Нямхүү “Ногоон нуурын усыг 2-3 дахин бага зардлаар тавих боломж байгаа гэдгийг нотлоод, хэлээд бараагүй” гэж өгүүлж байлаа.

Төрийн соёрхолт инженер Н.Нацагням нэгэнтээ “Монгол улс эрчим хүчээр ОХУ-аас хараат байхаа болино гэж байхгүй ээ. Яам, агентлагаар дүүрэн Оросын тагнуулууд байна, тэд нар чинь юм хийлгэхгүй хүн алчих гээд байдаг байхгүй юу” гэж хэлж байсан. Нэр цохоогүй ч гэсэн мэдэрсэн хүний үнэн үг.

Бизнесээр жишээ авья. Монгол улс жижиг дунд бизнес хөгжүүлэхийн тулд өнгөрсөн 30 жилд хөрөнгө мөнгийг хэчнээн тэрбумаар нь цацсан билээ. Гэвч хөгжсөнгүй. Яагаад. Яагаад гэвэл хүний оюуны бүтээлийг хуулбарлан авч өөрийн болгодог шимэгчүүд нь УИХ, яаманд дүүрэн байдаг байсан учраас тэр.

Мэдлэг оюунаа шавхан байж боловсруулаад, зээл хүсч өгсөн төсөл нь яамны Зээлийн хэлтэст ирээд замхардаг. Жинхэнэ эзэн нь “Танд зээл олгохгүй” гэсэн хариу аваад үлддэг бол хэн нэг эрх мэдэлтэн бусдад дамжуулж, өнөөх нь сайхан хуулж бичээд зээл авчихна. Харамсалтай нь, өөрөө бодож боловсруулж бичээгүй болохоор хэрэгжүүлж чадахгүй, төсөл цаасан дээрээ үлдэнэ. Улсын хөрөнгө ингэж үрэгдэж байна. Үйлдвэрлэгч, бүтэгч сэтгэхүйтэй хүмүүсийг дэмжих ёстой мөнгө ББСБ-аар дамжин өндөр хүүтэйгээр эздэдээ хүрч байна.

Сэтгүүлч нар сонин хэвлэлд элдэв санал санаачилгаа бичдэг. Эрх баригчид шүүрч аваад хэрэгжүүлчихээсэй гэсэндээ ингэдэг л дээ. Гэтэл тэр даруйд нь хийхгүй шүү. Хэсэг байж мартагнуулж байгаад гэнэт өөрөө бодож олсон аятай юм яриад эхлэхэд инээд хүрдэг гээч.

Яам тамга, жижиг албан байгууллагад ч ялгаагүй сайд, даргын төлөөний хүн ажилладаг жишиг тогтсон байна. Ажлаа хийж чадна уу, чадахгүй юу хамаагүй, гол нь сайд, даргын талаар таагүй үг хэл гарч байна уу, олны хандлага ямар байна гэдгийг мэдээлж л байвал боллоо. Ийм байдлаас болж улс хичнээн хөрөнгө мөнгөөр хохирч байгаа бол гэж бодохоор харамсмаар.

Иргэд ядуу байсаар сэтгэлгээ нь ядуу болчихсон. Тэд тийм байсан биш, албаар тийм болгож байна л даа. Монголд бизнесийн орчин байхгүй гэж яриад байдаг нь угтаа бол худлаа юм. 20 хувийн ашиг олдог бизнесийг дэлхийд "сайн" гэсэн зэрэглэлд баттай оруулна. Гэтэл Монголд муу бизнесийн тоонд орно. Үнэхээр авсан зээлийнхээ 20 хувиар нь бизнес хийхэд 100 хувийнх нь хүүг төлөөд дээр нь ашиг гаргана гэдэг хөгжингүй орнуудад бол мөрөөдөл. Мөнгөнд хандаж байгаа нь ч өөр. Нэгэн америк залуу өөртөө байсан нэг ширхэг балыг үзгээр сольж, түүнийгээ үзгийн саваар, дараа нь тоглолтын тасалбараар солих зэргээр ажилласаар жилийн дотор орон сууц болгосон тухай сонсож байлаа. Баялагт хэрхэн хандах ёстойг харуулсан жишээ энэ.

Д.Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолд Монгол орны харгис бурангүй, харанхуй үеийг дүрсэлдэг. Одоо эргээд харахад түүх эргэж, яг л энэ цаг үеийн тухай бичсэн мэт санагдана. “Улсын байдал шалдир булдир, цагийн байдал ороо бусгаа. Хогтой жалга, шарилжтай гудамжийг дагаж, хар гэрээс утаа суунаглана. ...Улстөрчид айлын хойморт телевизийн дэлгэцээр “зочилж” “Улс орны хөгжил, цагийн байдал” гэж буруу зөв чалчих ба хаа нэг шар толгойтой нөхдүүд гаднаас ирж, хууль ёс гэж худал үнэн юм ярихыг сонссоор сар жилийг улируулна. Хүүхдийн 20, оюутны 70-ыг өгөхөө больчихвол амьдралгүй болно гэж бодож, олигархи улстөрчдөөс өөр сэхээтэнгүй гэж сэтгэсээр, түмэнтээ мунхарч, дэлхийн хөгжлөөс гээгдэнэ. Гагцхүү бөө, ламд мөргөж, хэлснийг нь сохроор дагасаар нэг нас барна”гээд өөрчилчихөж болж байна. Хуучин хүү “Өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрүүлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бөгөөд намар ичиж, хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жил нөхцүүлдэг” бол орчин цагийн залуус өвөлд нь утаанд хордож, зунд нь наранд шарагдсаар банкны өр, лизинг төлж нэг насыг барах тавилантай.