Гэр бүлийн гишүүнийхээ тэтгэврийг авч болох Хамтын тэтгэврийн тухай хууль 2016 онд буцсанаас хойш намрын чуулганд хэлэлцүүлэхээр Хувийн тэтгэврийн тухай хууль 2020 онд УИХ-д орж ирсэн ч Байнгын хорооны босго давалгүй бүдэрсэн. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нар өргөн барьсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дээрх хуультай нийцүүлэн төслийг хамтатгах чиглэлд намын бүлгүүд санал нийлжээ.
Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсч 2018 оны эцэс гэхэл 418 мянгад хүрсний 311 мянга нь өндөр насны тэтгэвэр авдаг байна. Хэдийгээр нийгмийн даатгалын хамралт өсч 1,2 сая даатгуулагч шимтгэл төлж тэтгэврийн даатгалын сангийн орлого нэмэгдэж байгаа хэдий ч монголын хүн амд эзлэх ахмад настны өсөлттэй холбоотойгоор зардал нь орлогоо давахад хүрээд байгаа аж. Монгол Улсын дундаж цалинтай харьцуулахад тэтгэврийн хэмжээ үүний 40 хувьд ч хүрэхгүй байгаа. Үнэндээ тэтгэврийн дундаж хэмжээ 350 орчим мянган төгрөг байгаа нь насаараа нийгмийн даатгал төлсөн ч тэтгэвэрт гарахдаа цаашдын амьжиргаа, хэрэгцээгээ хангах боломж хомс байгааг илтгэж буй үзүүлэлт юм. Гэтэл одоо улайхад ойрхон буй тэтгэврийн даатгалын сан насжилт нэмэгдэхэд ачааллаа даахгүйд хүрэх судалгаа байгаа ажээ. Тиймээс л гавьяаны амралтаа эдэлж байгаа иргэдийг олон эх үүсвэрээс тэтгэврээ авч болох Хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлага байгаа хэмээн тайлбарлажээ.
Одоогоор манай улсад хууль эрхзүйн орчин байхгүй хэдий нэр бүхий гурван ч байгууллага Хувийн тэтгэврийн тогтолцооны зарчмаар ажиллаж байгаа юм. Гэтэл дээрх байгууллагуудын энэ төрлийн үйл ажилллагааг хянах буюу хуулиар хязгаарлах боломж өнөөгийн байдлаар байхгүй. Энэ утгаараа Хувийн тэтгэврийн сангийн зарчмаар ажиллаж буй дээрх даатгалын байгууллагууд дампуурах тохиолдолд хэрхэх, эсвэл санд хөрөнгөө тогтмол нийлүүлж байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх арга зам мөн тодорхойгүй байна.
Манай улс тэтгэврийн нэг тулгуурт системтэй бөгөөд Тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүн хамгийн их буюу 24 хувийн шимтгэлээс 17 хувийг нь авдаг атлаа жил бүр алдагдалтай ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ алдагдлыг нөхөхийн тулд шимтгэлийн хувь хэмжээ болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Иргэд өндөр насалсан ч тэтгэвэр авахын тулд үргэлжлүүлэн ажиллахаас өөр сонголтгүй болж байна.
Хуулийн төсөлд нэг хуулийн этгээдийн Хувийн тэтгэврийн санд эзлэх хувь 10-аас хэтрэхгүй байх, Монгол Улс 5-аас илүүгүй хувийн тэтгэврийн сантай байх, нийт тэтгэврийн сангийн 1-ээс илүүгүй хувийг компани, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийх эрхийг олгох, хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгжийн 10 хувиас хэтрэхгүй хэмжээнд хөрөнгө оруулалт хийж, Тэтгэврийн сангаас аливаа хэлбэрийн зээл, урамшуулал олгохгүй байх, шимтгэл төлж буй иргэдээс бүрдсэн хяналтын зөвлөлийг ажиллуулах зэргээс гадна компанийн засаглал, хөрөнгө оруулалтын бодлоготой холбоотой зохицуулалтыг тусгайлан оруулсан гэлээ. Хуулийн төслийг баталснаар хамгийн ажлын байрыг олноор бий болгогч компани, аж ахуйн нэгжүүд нэгдэн Хувийн тэтгэврийн сан үүсгэж, ажилчдадаа болон олон нийтийн тэтгэврийн хуримтлалыг үүсгэж эхлэх бөгөөд ирэх 5 жилийн хугацаанд багадаа 300 мянган иргэн хувийн тэтгэврийн хуримтлалтай болох тооцоолол хийжээ.
Одоогийн хуулиар бид нийгмийн даатгалын 24 хувийнхаа 17-г нь Тэтгэврийн даатгалын санд төлдөг. Үүнийх нь 8.5 хувийг нь ажилтан, 8.5 хувийг нь ажил олгогч төлөхөөр зохицуулсан. Тэгвэл энэ хуулийн төслөөр, 17 хувийнхаа 4 хувийг нь Хувийн тэтгэврийн санд төлөхөөр сонголт хийх эрх зүйн боломжийг нээж өгөх юм.
Тодруулбал, сарын нэг сая төгрөгийн цалинтай хүн орлогынхоо 4 хувь буюу 40 мянган төгрөгийн Хувийн тэтгэврийн санд төлнө. Ингэж хуримтлал бүрдүүлснээр, хүүнээс хүү тооцох аргачлалаар хуримтлал нэмэгдэх юм. Жишээлбэл, 800 мянган төгрөгийн цалинтай хүн орлогынхоо 13 хувийг төрийн Тэтгэврийн даатгалын санд төлөөд, 4 хувиа Хувийн тэтгэврийн сандаа өөрийн сонголтоор төлснөөр, 30 жилийн дараа 76 сая 852 мянга 902 төгрөгийн хуримтлал үүснэ. Энэ мөнгөө үр хүүхэддээ өвлүүлэх бололцоог хуулиар нээхээс гадна шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авах, түүнчлэн орон сууцны урьдчилгаанд өгөх боломжийг нээж өгөх юм.
Одоогоор манай улсад хууль эрхзүйн орчин байхгүй хэдий нэр бүхий гурван ч байгууллага Хувийн тэтгэврийн тогтолцооны зарчмаар ажиллаж байгаа юм. Гэтэл дээрх байгууллагуудын энэ төрлийн үйл ажилллагааг хянах буюу хуулиар хязгаарлах боломж өнөөгийн байдлаар байхгүй. Энэ утгаараа Хувийн тэтгэврийн сангийн зарчмаар ажиллаж буй дээрх даатгалын байгууллагууд дампуурах тохиолдолд хэрхэх, эсвэл санд хөрөнгөө тогтмол нийлүүлж байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх арга зам мөн тодорхойгүй байна.