УИХ-ын гишүүний үндсэн ажил нь хууль санаачлан батлах. Хэрэгжилт нь хангалтгүй хуулийг сайжруулах, талуудын эрх ашгийг хуулиар тэгш хангах нь гишүүдийн үүрэг. Харин энэ үүргээ гишүүд нэр хүнд олох, хүмүүсийн анхаарлыг татах, олны дэмжлэгийг авах зорилгоор ашиглах нь бий. Тэр дундаа коронавируст цар тахал дотоодод дэгдсэн энэ үед иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих нэрийдлээр судалгаатай, оновчтой эсэх нь ч эргэлзээтэй олон хуулийн төслийг бие биеэсээ уралдан УИХ-д өргөн мэдүүлж байна.

Уг нь Засгийн газраас цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих чиглэлээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн багц арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Зээлийн төлөлтийг хойшлуулж, нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвараас чөлөөлж, тог, ус, дулаан, хогны төлбөрийг төрөөс дааж байна. Дээр нь хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгож, халамжийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Үндсэндээ өнгөрсөн нэг жилд иргэн бүрд, айл бүрд, аж ахуйн нэгж бүрд тодорхой дэмжлэг болохуйц олон арга хэмжээг төр засгаас авлаа.

Харин зээлээ хойшлуулж, тог, усаа үнэгүй хэрэглэж байгаа ард иргэд хүүхдийнхээ тоогоор авсан 100 мянган төгрөгөө, хоёр дахин нэмсэн халамжийн мөнгөө ихэвчлэн “хар ус”-нд зарцуулж байгааг найман нэрийн дэлгүүрийн эзэн хэлж байна. Иргэдийн худалдан авалт өмнөхөөсөө нэмэгдсэн, дэлгүүрүүдийн орлого харьцангуй өссөн, архи, пивоны худалдаа өссөн гэдгийг тэрээр онцлов. Ийм байхад л төрөөс дахиад дэмжлэг үзүүлэх шаардлагатайг иргэд ч, УИХ- ын гишүүд ч ам уралдан ярьсаар. Зарим нь хэдийнэ хуулийн төсөл боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж байгаа бол зарим нь хэвлэлийн хурал зарлаж, төслийнхөө талаар олон нийтэд сүржин мэдээлэх жишээтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж иргэн, аж ахуйн нэгжийн 10 сая төгрөг хүртэлх торгуулийг өршөөх хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаа мэдээлсэн. Тэрээр “2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар дөрвөн сая иргэн 650 орчим тэрбум төгрөгөөр торгуульсан байна. Энэ бол төсвийн цоорхойг нөхөх хэмжээний торгууль. Ийм хэмжээний мөнгөөр ард иргэдийн халаасыг хоосолсон байна. Цар тахлын үед иргэдийн орлого буурч байгаа. Энэ үед Өршөөлийн тухай хууль нэн шаардлагатай байна. Урьдчилсан байдлаар нэг сая гаруй иргэн өршөөлд хамрагдана гэсэн тооцоололтой байна. Иргэн, аж ахуйн нэгжийн 10 сая хүртэлх торгуулийг чөлөөлөх төсөл өргөн барина” гэж мэдээлсэн.

Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын гишүүд Ломбардын сарын хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байх төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нар бизнесийн зээлийн хүүг 50 хувь бууруулах чиглэлийг Засгийн газарт өгөх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэв. Үнэхээр боломж бололцоо нь байдаг бол ломбардын хүү, зээлийн хүүг бууруулахыг буруутгах аргагүй. Гэхдээ гишүүд чиглүүлээд л асуудал шийдэгдчихдэг юм биш. Судалгаа тооцоо, боломж бололцоо, цаашдын нөхцөл байдлаа судлан шийдвэр гаргах нь чухал. Өмнөх дэмжлэг тусламжийн санхүүжилтийг нөөц хөрөнгө, уул уурхайн ордоос гаргаж байна. Дахиад зээлийн төлөлтийг хойшлуулж, хүүг бууруулбал зөрүүг нь хаанаас гаргах вэ. Уул уурхайн шинэ орд нээх үү эсвэл угаас төсөв нь хүрэлцэхгүй байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн хөрөнгөнөөс гаргах уу, төрийн албан хаагчдын цалинг бууруулах уу. Одоо сайхан сонсогдож байгаа ч хожим нь энэ их хөрөнгө мөнгөний төлбөрийг иргэдийн халааснаас л гаргана. Мэдээж төр нь иргэдээ дэмжихийг үгүйсгэхгүй. Харин тооцоо судалгаатай, нөхцөл байдалд тохирсон, цаашид гарах үр дагаврыг тооцоолсон дэмжлэг л иргэдэд хэрэгтэй гэдгийг энд сануулъя.

Ядарсан ч торгуулиа төлөх хариуцлагатай нь үлдээе

Зөрчил гаргасан иргэд, аж ахуйн нэгжийн торгуулийг тэглэх нь олон зуун мянган хүнд таалагдах ч оновчтой шийдэл биш. Нэгдүгээрт, улсад төвлөрүүлэх олон зуун тэрбум төгрөгийг үгүй хийнэ. Хоёрдугаарт, хууль үнэгүйдүүлж, иргэд зөрчил гаргахаас эмээхээ больж, торгуулиа ч цаг тухайд төлөхгүй байх эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр торгуулийг өршөөх хууль гаргавал торгуулиа үнэнчээр төлсөн иргэдэд хохиролтой. 2015 онд торгуулийг Өршөөлийн хуулиар тэглэж байхад торгуулах бүрдээ үнэнчээр төлж явсан иргэд хариуцлагатай байсныхаа төлөө хохирсон удаа бий.

Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн хэмжээнд 1.7 сая торгууль ноогдуулсан ч төлөлт 78 хувьтай байгааг мэдээлсэн. Үүнээс торгууль төлөлтийн байдал тийм ч муу биш байгаа нь харагдана. Үлдсэн нь ядарч зүдэрсэндээ торгуулиа төлж чадахгүй байгаа юм биш. Хариуцлагатай иргэн байхаас л зугтаж байгаа хэрэг. Тиймээс хэчнээн ядарсан ч гаргасан зөрчлийн торгуулиа өөрсдөө төлөх хариуцлагатай иргэнтэй байя.

Бэлэнчлэх сэтгэлгээг бэлтгэсээр

“Ядарсан” Монголын олонхийг жил дамнасан хөл хорио ажилгүй, цалингүй бас зээлгүй, төлбөргүй болгов. Харин хүүхдийн 100 мянгатай, тэтгэмжтэй, архи уух мөнгөтэй, бэлэнчлэх сэтгэлгээтэй нь үлдээв. “Нэг сая төгрөгөө одоо өгөөсэй. Ажилгүй, орлогогүй хэцүүдлээ. Тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийг хэзээ олгох вэ. Цалингийн зээлийг тэглээсэй” гэсэн хүмүүс л энд тэндгүй байна. Уг нь хэрэглээний төлбөр, зээлийн төлбөрт зарцуулах мөнгө, нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувь, хүүхдийн мөнгө, халамжаа авч байгаа ард түмэн шүү дээ. Гэтэл үүндээ ханахгүй бүр л бэлэнчлэхийг хүсэж, шаардаж байгаа цөөнгүй хүн байна.

Дээр нь ийм ч торгууль чөлөөлнө, тийм ч хөнгөлөлт эдлүүлнэ, тэндээс, эндээс ч мөнгө өгнө гэсэн улстөрчдийн попрол бэлэнчлэх сэтгэлгээг бүр л өөгшүүлсээр.

Цар тахлын дараа, сонгуулийн дараа амьдрал үргэлжлэхийг хаана хаана аа бодсонгүй.

Төр засгаас олгож буй тусламж, дэмжлэг бүгд долоодугаар сараар хязгаарлагдсан. Өр төлбөргүй, бүх зүйл нь бэлэн, үнэгүй хэрэглээндээ дасчихсан иргэд долоодугаар сараас хэвийн горимд шилжихдээ ямар байдалд орох бол.

Бүх зүйл болохоо байсан мэт, олсон мөнгө нь юунд ч хүрэлцэхгүй болоход дахиад л төр засгаа харааж зүхнэ. Бэлэнчлэх сэтгэлгээ нь ч бүхнийг шаардана. Тэгэхээр цар тахлын үед бүх төлбөр тооцоо, хэрэглээг тэглэж, хөнгөлж чөлөөлөх бус иргэдэд тодорхой үүрэг хүлээлгэж, хариуцлагатай нь үлдээе. Хариуцлага гэдэг үгийг энд зөвхөн торгуулиа өөрөө төлөх гэдэг утгаар оруулсангүй. Эрх баригч, сөрөг хүчин аль, аль нь халамжтайгаа харуулахаар өрсөлдөж байгаа энэ үед тэдэнд үг хэлэх, эргүүлж татах, эзэн нь гэдгээ мэдрүүлэх эрхээ авч үлдэх иргэний хариуцлага гэдэг талаас нь бас ойлгуулахыг хүсэж байна. Өгсөн халамж бүрийг нь хүртсээр үг хэлэх эрхгүй болох вий. Тэр бүү хэл “Битгий давар, дуугүй бай” гэдэг үг сонсох вий. “Үнэгүй бяслаг хулганын хавханд л байдаг” гэдэг дээ.