Уул уурхайд түшиглэсэн “хүрэн” эдийн засаг Монголд ноёлсоор удлаа. Нэгэн үе зэсийн баяжмалд найддаг байсан бол одоо нүүрсээ түшихээс өөр сонголтгүй болжээ. Зэс, нүүрс аль аль нь шавхагддаг баялаг. Үр хойчдоо ухсан нүх үлдээхгүй гэж тулширч болохгүй ч байгалийн нөөцдөө хамжааргатай хандах нь аль ч үеийнхний хойч ирээдүйгээ бодсон үүрэг юм. Тэгвэл Монгол Улсад ямар боломж байна вэ. Түлшинд хэрэглэж ирсэн нүүрсээ ухаж зарах бус, огт мэддэггүй байсан Оюутолгойг олборлох бус, угаас үндсэн өгөгдөл нь байгаа мал аж ахуй, газар тариалангийн салбараа өөд татах нь хамгийн боломжтой хувилбар юм. Хөгжлийн олон тулгуур, ногоон эдийн засаг гэх том, том үгээр бус, бодит нөхцөл байдлын талаар энд өгүүлж, малчин, тариаланч хоёрын хоршил эдийн засгийг солонгоруулах нэг үндэс гэж батлахыг оролдъё.
30 мянган хонь ба хариуцлага
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д 30 000 хонь бэлэглэсэн нь 2020 онд гадаад харилцаанд хийсэн уран нүүдэл болж түүхэнд үлдсэн. Учир юу гэвэл, өнгөндөө бол хөршдөө хүний ёсоор тусалсан мэт боловч алсдаа бол Монголын боломжийг харуулсан ухаалаг алхам байлаа. Монгол Улс 70 сая хүрсэн толгой малтай ч экспортод гаргадаг нь маш хангалтгүй хэвээрээ байна. Ерөнхийлөгчийн бэлэг цаанаа “Монгол бол мал аж ахуйн орон, хангалттай нөөц бололцоотой” гэдгийг дэлхий нийтэд таниулан сурталчилсан. Бид нэгэнт л ийм том сурталчилгаа хийсэн бол хариуцлагыг нь дааж, үр шимийг нь ч хүртэх учиртай. Гэхдээ мал аж ахуйгаас ашиг хүртэж уул уурхайн салбартай өрсөлдүүлэхийн тулд бидэнд засах юм их байна.
Бид нэг малаас авах ашиг шимийн бус, нэг малчны өсгөсөн малын тоонд анхаарсаар 20 жилийг үдсэн байна. Төр, засаг нь ч нэг малаас авах ашиг бус, нийт хэдэн малтайгаар нь малчдаа уралдуулдаг систем нэвтрүүлж, “Мянгат малчин” гэх хоёрхон үг, ганц тэмдэг Монголын малыг 70 саяд хүргэв. Тэгсэн хэр нь гаргасан ашиг нь хангалтгүй байна.
Жилээс жилд тоо толгой нь өсч байгаа монгол малын ашиг шим тэгвэл хэнд наалдаад байна вэ. Гадагшаа зарж гийгүүлсэн юм алга, дотооддоо хямдхан борлуулсан нь ч алга. Жил бүр нөөцийн мах бэлтгэж, махны үнийн хөөрөгдлийг дарах оролдлого хийсээр даруй 10-аад жил өнгөрөв. Малчид нь малаа үнэд хүргэлгүй, малгүй нь хямд мах идэж чадалгүй удлаа. Мал аж ахуйд бий болсон энэ нөхцөл байдлын хохирогч нь бүх Монгол Улс болж хувираад байна.
Тэгэхээр бид мал аж ахуйгаар эдийн засгаа солонгоруулах том амбийцаа хэрэгжүүлье л гэж байгаа бол эхлээд мал сүргээ чанартай сайн тэжээлээр тэжээх ёстой юм. Мал нэг бүрээс гарах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулж сүргийн бүтцээ сэлбэж чанаржуулах гэх мэт ажлууд өвс тэжээлийн хангамжийг сайжруулж байж л шийдэгдэх учиртай. Эрчимжсэн мал аж ахуй сайн чанарын, хангалттай хэмжээний тэжээл шаарддаг. Харин манайд одоогоор энэ боломж алга.
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас хийсэн 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн судалгаагаар нийт бэлчээрийн 50 орчим хувь “Хүрэлцээтэй”, 25 хувь нь “Гурав дахин хэтэрсэн”, үлдсэн 25 хувь нь “Гурваас дээш хувь хэтэрсэн” гэсэн үнэлгээ гарчээ. Бүр энгийнээр хэлбэл, Монгол Улсын бэлчээрийн даац 20 сая толгой малаар хэтэрчихээд байгаа юм. Мал өсөх сайхан ч даац хэмжээнээсээ хэтрэх нь олон хөнөөлтэй. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт хаяагаа тэлсээр байгаа энэ үед мал өсөх сайхан гээд сууж байж болохгүй нь.
Ганц зуднаар хотоо харлуулсан малчин, даац нь хэтэрснээс цөлжсөн бэлчээр хоёртой үлдэхгүйн тулд бидэнд малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.
Тариалангийн салбар ухарсан уу, урагшилсан уу
Газар тариалангийн салбарын жил, жилийн хэрэглээ, хэмжээ, нэр төрлөө харвал урагшилсан гэж болохоор ч социализмын үетэй харьцуулбал ухарчээ. Улсын хэмжээнд тариалангийн гэж болохоор 1.3 сая га талбай бий. Үүний 740 гаруй мянган га талбайд 14.7 мянган өрх тарилалт хийж, ахуй амьдралаа залгуулдаг. Талбайн ашиглалт 50 гаруйхан хувьтай байна. Өдгөө Монгол Улс төмсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж, бусад хүнсний ногоогоо 90 хувь хангадаг. Төрөөс буудайн тариалалтад ихээхэн анхаарч, татаас өгдөг ч хуваарилах салбар нь их байдаг тул хураасан буудай нь хаанаа ч хүрдэггүй. Дотоодын буудайн дийлэнхийг гурилын үйлдвэрт өгдөг. Үлдсэнийг нь тэжээлийн, спиртийн үйлдвэр, дараа онд тариалах үр, нөөц гэх мэтээр хуваадаг. Ингээд хуваахаар тэжээлийн үйлдвэрт 20 хүрэхгүй мянган тонн буудай л хүртдэг. Малтайгаа харьцуулбал 40 литрийн бидон руу нулимсантай ижил тэжээл хурааж байна гэсэн үг.
2020 онд хурааж авсан 480 гаруй мянган тонн буудайны
398 мянган тонн гурилын үйлдвэрт (хүн амын гурилын хэрэгцээ 220.3 мянган тонн)
42 мянган тонн дараа онд тариалах үрэнд
22 мянган тонн улсын үрийн нөөцөд
17.6 мянган тонн тэжээлийн үйлдвэрлэлд
7.8 мянган тонн спиртын үйлдвэрт ноогджээ.
Ингээд харахаар нийт тариалалтын 30 хуваасны нэгийг л тэжээлийн үйлдвэрлэлд зарцуулж байгаа юм. Ийм арчаагүй байдлаасаа болж 60 орчим мянган тонн тэжээл импортоор авахаар болж, НӨАТ, Гаалийн татварыг тэглээд байна.
Бодит байдал буюу “Талцуулах” бодлого
Тариалан, бэлчээрийн талбайгүйгээр орших боломжгүй, ядаж л тэжээл гэсэн ганц өнцгөөс харсан ч энэ хоёр салбар нэг, нэгнээсээ хамааралтай. Хамаарал ихтэй гэдэг нь зохицуулах асуудал ихтэй гэсэн үг. Тэгвэл энэ зохицуулалт манайд хангалтгүй байна. Мал аж ахуйн салбарт бэлчээрийн асуудлыг огт зохицуулалтгүй орхисноос малчин малчинтайгаа дайсагнах боллоо. Мал аж ахуй, газар тариалангийн салбарын хоорондын харилцааг зохицуулахдаа дутуу бодож, тариалангийн талбай руу мал орврол орсон малыг нь тариалангийн талбайн эзний орлого болгоно гэх мэтээр хэт хатуу, муйхар хандсанаас малчид, тариаланчидтай үл ойлголцож, дайсагнаж, үхэж үрэгдэх ч явдал гарч байгаа нь эмгэнэл юм.
Малчид, малчидтайгаа дайсагнаж байна: Малчид бэлчээрээ булаацалдан нэгнийхээ аминд хүрсэн хэрэг хэд хэд гарсан. Сүүлийн жишээ гэхэд 2020 оны есдүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 23 настай залуу саахалт айлынхаа гэр бүлийн хоёр хүнийг хөнөөгөөд, өөрийгөө егүүтгэсэн нь бий. Өдгөөгөөс гурван жилийн өмнө Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд мөн саахалт айлынхан бэлчээрээс болж, нэгнээ хөнөөсөн. Тус аймгийн тухайд өмнө нь Цэнгэл, Алтай, Дэлүүн, Ногооннуур суманд ийм төрлийн хэрэг гарч байв. Хууль эрх зүйн орчин сайжрах найдлага байхгүй, бэлчээр доройтсоор буй зэрэг хүчин зүйлээс харвал ийм эмгэнэлтэй хэргүүд цаашдаа ч гарах нь тодорхой. Нөхцөл байдал нь ийм байна.
Малчид, тариаланчидтай дайсагнаж байна: Мал аж ахуй, газар тариалан нэг газар байх ёсгүй гэдэг. Яах ч аргагүй тийм. Энэ хоёр аж ахуйн тус бүрийн онцлог, газар зүйн бүтэц байршил, бүр байгалийн жам ёсны талаас нь харсан ч тэр. Төрөөс энэ асуудлыг зохицуулахаар газар тариалан, мал аж ахуйн бүс нутгийг тогтоох зэрэг асуудлыг хуульд тусгасан ч хэрэгжих боломж одоогоор хомс байна. Зэрэгцэн орших харилцааг зохицуулахдаа хэт нэг талыг барьсан (Бэлчээрийг торлож аваад тариан талбай болгодог ч дээр нь юу тарихаа тухайн аж ахуйн нэгж өөрөө мэддэг, малын тэжээл бараг тарьдаггүй, тарьсан ч бэлчээрээ алдсан малчинд падлийгүй, тариалангийн талбай руу орж ирсэн малыг тариаланч хурааж авах эрхтэй гэдэг ч юм уу) хууль тогтоомж гаргасан нь үл ойлголцолд нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нийтлэлээрээ бид төрөөс хууль эрх зүйн орчныг сайжруулах гээхээсээ илүү маргаан, үйл ойлголцлын гол шалтгаан руу анхаарал хандуулахыг хүсэж байна. Малчид хоорондын болон малчид тариаланчдын зөрчилдөөний гол шалтгаан нь ердөө л малын идэх өвс, тэжээл юм.
Гурван зүгийн дөрвөн малчин
Малчин Х.Эрдэнэбулган Булган аймгийн Тэшиг суманд төллөх 200 толгой эм хонь, цөөн тооны хургатай аж төрдөг. Түүний хувьд бэлчээр, ажлын ачааллаас үүдэн малаа 300 тоо толгойгоос хэтрүүлдэггүй. Хаврын цагт хонио тэжээхээр жилд 400 орчим боодол өвс тэр хавиасаа худалдан авдаг. Хадлангийн талбай дээрээс нь худалдан авбал боодол өвс 5000 төгрөг. Намар орой өвс ховордоход үнэ ялимгүй нэмэгдэх талтай. Түүнээс нь урьтаж бэлтгэлээ базаадаг байна. Х.Эрдэнэбулганы хувьд жилд хоёр сая төгрөгийг хаврын хавсаргад малаа тэжээх өвсөнд зарцуулдаг юм. Түүний амьдардаг Тэшиг сум мал аж ахуйн бүс нутаг учир малчид ногоон ургамал тариалах боломж хомс. Арилжааны зорилгоор ногоон ургамал тариалдаг хуруу дарам аж ахуйн нэгж байдаг. Ихэвчлэн байгалийнхаа өвсийг хадаж, борлуулах нь борлуулж, ахуйн хэрэгцээндээ хэрэглэх нь хэрэглэдэг байна. Зарим жил цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хадлангийн гарц муу байх нь бий. Тэр үед нутгийнхан ихэвчлэн ногоон ургамал тариалдаг цөөн хүмүүсээ барааддаг байна.
Нийслэлийн алслагдсан дүүрэг Баганууртай хаяа залган малчин Д.Буянжаргалынх 400 толгой малтай. Азарга адуу, саалийн хэдэн үнээтэй ч хариулахад амараа бодож, хонь голдуу малладаг байна. Тэтгэвэртээ гарсан гэр бүлийн хоёр, хотын чимээ, чигжсэн барилга, агаарын бохирдлоос зугтахаас гадна зах зээлийн үед хэдэн хүүхдийнхээ махны хэрэгцээг хангахаар хөдөө гарсан нь энэ. Тиймээс малаа хөндий дүүртэл өсгөх бодол үгүй. Хаварт төлөө авч, хавсарганд хэдэн малаа цөөлөхгүй байхыг л хичээнэ. Тэднийх энэ жил 200 боодол ногоон өвс, 500 кг хивэг тэргүүтэн авчээ. Өнгөрсөн жил боодол өвс 8000 төгрөг байсан бол энэ жил 12000 төгрөг болж өссөн байна. Дээрээс нь нутаг сэлгэсэн тул малынхаа хаврын “хүнсийг” ахиухан бэлдэхээр тооцжээ. Ингэснээр малынхаа тэжээл, өвс зэрэг нэмэлтэд гурван сая гаруй төгрөг зарцуулсан байна. Тэрээр мал ахуйгаас хонины ноосоо тушаахаас өөрөөр орлого олдоггүй тул малын тэжээл, өвсөндөө энэ хэмжээний мөнгө зарцуулах нь хүнд. Мөн санаандаа нийцсэн өвсөө олж авах нь бас ховор учир тохиромжтой газарт суурьшвал өвсөө өөрөө тариалах хүсэлтэй.
Малчин Б.Батцэнгэл ногоон өвсөө өөрөө тариалдаг тул тэрээр өвс тэжээлд өмнөх хоёр малчнаас 2-3 дахин бага мөнгө зарцуулдаг. Монгол орны баруун хойд хэсэг, хамгийн хүйтэн газар гэгдэх Тосонцэнгэл суманд малчин Б.Батцэнгэл дөрвөн га газарт өөрийн хэрэгцээндээ зориулж ногоон өвс тариалдаг ажээ. Нэг га талбайд дөрвөн уут буюу 160 кг үр ордог. Овъёосны үрийг нэг уут буюу 40 кг-ийг нь 28 мянган төгрөгөөр авч тариалдаг байна. Намар арчилгаа, цаг агаарын байдлаасаа шалтгаалаад 140- 150 боодол өвс хураан авч, 80 орчим тооны үхэр тэжээдэг байна. Бяцхан тооцоолол хийхэд, тэрээр нэг га-д 160 кг үр тарьдаг. Үр 40 кг-тай нэг уут нь 28 мянган төгрөг гэж тооцохоор дөрвөн га-д 640 кг үр буюу 16 уут үр орно. Ингэхээр үрэндээ 448 мянган төгрөг зарцуулдаг. Өөрийн техникээр тариалалт, ургацаа хураадаг тул зардал бараг гарахгүй. Нэг ёсондоо түүний малаа тэжээхэд зориулах зардал нь 500 орчим мянган төгрөг.
Б.Батцэнгэлийн найз Ц.Лхагвасүрэн цөөн тооны үхэр, 200 орчим богтой. Жилд 200 боодол өвс авч, зөвхөн үхэртээ өгдөг. Богоо бол нэмэлт өвс өгөлгүй, бэлчээрт гаргаад болгодог аж. Тэрээр зэргэлдээ Тэлмэн сумаас боодол өвс 8000 төгрөгөөр бодож 1.7 сая төгрөгийн өвс худалдан авч тэжээдэг байна.


Тэжээлийн ургамал, тэжээлийн үйлдвэрийг дэмжиж эхэлье
Тэжээлийн ургамал тэргүүтэй ногоон таримлыг цаашид бодлогоор дэмжиж, ихээхэн тариалахгүй бол газар тариалан, мал аж ахуй хоёр зөрчилдөж байна. Бүр бэлчээрийн аж ахуй газар тариалангийн салбараа татаж унагахад бэлэн байна. Энэ нь хүнсний нөөц бүрдүүлэлт, цаашлаад хүнсний аюулгүй байдалд нөлөөлөхөд хүрнэ. Тиймээс энэ жилээс тэжээлийн ургамал, тэжээлийн үйлдвэрийг дэмжиж эхэлье.
Тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлье
Газар тариалангийн салбар цаад утгаараа малчдаас бэлчээрийг нь булаах маягаар өргөжиж хөгждөг ч эргээд тэжээл, өвсний нийлүүлэлтийг хангаж чаддаггүй, хангахыг хүсдэггүй байдлаас энэ бүх маргаан, үл ойлголцол, эмгэнэлт хэргүүд үүдэж байгааг хаа, хаанаа ойлгох цаг нь болсон байна.
Энэ жил зургаан аймагт өвөлжилт хүндэрсэн. Зүүн бүсээс бусад аймагт хадлангийн гарц тааруу байсан учраас баруун, говь, төвийн аймагт өвөл, хаврын улирал шаардагдах өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх нь энэ өвөл хүндхэн байсан. Тэр тусмаа Баянхонгор аймагт. Байгалийн ийм хүнд цаг тулахад өнөөх “Орой руу орно” гэдэг шиг тэжээлийн ургамал тариалах нь тун зөв байж гэдгийг ухаарч эхлэв. Ингээд аймгийн хэмжээнд 500 тонн үр нийлүүлж, тариалалт хийсэн. Хэдий ниргэсэн хойно нь хашхирсан ч байгалийн аашийг таашгүй энэ үед тариалалт хийгээд өвстэйгөө байх нь чухал юм байна гэдгийг ойлгосон нь зол юм. Одоо өргөнөөр ажил хэрэг болгох нь л чухал байна. Эв эвдэрсэн малчин, тариаланч хоёрыг эвлэрүүлэх цаг болжээ.