УИХ-ын 54 гишүүн бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох агуулгатай хуулийн төсөл өргөн барьсан. Уг төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
-Өчигдөр “Өргөө” амаржих газраас ХӨСҮТ-д хүргэгдсэн амаржсан эхтэй холбоотойгоор нийгэмд том асуудал үүслээ. ЭМЯ-наас өнөөдөр манай эмч нарын ёс зүйгүй байдлаас үүдэлтэй энэ асуудал үүслээ гээд уучлал гуйсан. Ёс зүй алдагдлаа гэж хараад байна. Та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?

Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн шашин судлалын салбарын эрхлэгч М.Батаа “Энэ талаар өнөөдөр өглөө мэдээлэл авлаа. Энэ нь нэг талаасаа хүний эрхийн асуудал, нөгөө талаасаа ёс зүй хариуцлагын асуудал. Мөн гурав дахь хөндөгдөж байгаа асуудал бол уламжлалт үнэт зүйлийн асуудал байлаа. Хариуцлагын асуудлыг хуулиар зохицуулахаас гадна мэргэжлийн ёс зүйн хариуцлагыг энэ асуудалд буруу хандсан хүмүүс үүрэх ёстой. Харин нийгэм бодох ёстой нэг асуудал бол монгол уламжлалд бид эх хүнийг ялангуяа төрсөн эмэгтэй хүнийг яаж хүндэтгэн тэр хүнд аль болох тус болох уламжлалт сэтгэлгээгээр ханддаг билээ гэдгийг хөндсөн үзэгдэл гарлаа гэж хувь судлаачийн хувьд эмзэглэж хүлээж авсан”

Хуульч С.Алтангэрэл “Бүх зүйлийг хуульчлах, журамлах боломжгүй гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл дөнгөж төрсөн нялх биетэй хүнийг өвлийн хүйтэнд нүцгэн шахуу гэрийн углааш, халадтай нь эмнэлгээс гаргаад явж байна гэдгийг харахад үнэхээр хүнд санагдаж байгаа юм. Үүнийг нэг бүрчлэн хуульчлаад журамлах боломж байна уу. Тэр хүнийг дулаахан авч явах ёстой, ямар нэгэн байдлаар аюулгүй авч явах гэдэг бол ойлгомжтой. Гэтэл тэнд ажиллаж байгаа сувилагч нар тэр хүнийг хөнжилгүй, хүйтэнд шууд гаргаж байгаа нь хуулийн асуудал биш. Цаанаа хүн болгонд байх ёстой аливаа асуудалд хүнлэг, энэрэнгүй хандах асуудал яах аргагүй хөндөгдөж байна.
Бид нийгэм даяараа хүнлэг биш байна хандлага маань хатуу байна гэж ярьж байгаа мөртлөө энэ нь нийтийн хувьд том аюул өвчин болчихсон үүнийг яаж эмчлэх талаар бодитой системчилсэн хандлага байхгүй байна гэж харж байна. Тиймээс би яригдах гээд байгаа сэдвийн хүрээнд шашны реформ энэ талаасаа маш чухал. Бүхнийг хуульчилж журамлалаа гээд хүн бол робот биш сэтгэлийн амьтан. Тодорхой хэмжээгээр аливаа зүйл хүн өөрийн үнэт зүйл эрх чөлөөгөөрөө хандах эрх нь байдаг. Үнэт зүйл эрх чөлөөг нь юугаар тодорхойлж томьёолох вэ гэдэг дээр яах аргагүй тэр хүний ертөнцийг үзэх үзэл, урлаг, философи, шашныг үзэх үнэт зүйлээс нийлэн бүтээгдэж байдаг.
Шашны реформыг өнөөдрийн цаг хугацаатай нь нийцүүлж өргөн хүрээнд хийх ёстой юм”

Үндэсний номын сангийн сэргээн засварлагч, судлаач Г.Ням-Очир “Монголчуудын өнөөгийн хувьд ёс зүй, шашны реформын асуудал гарч ирэхэд би энэ хоёр хоорондоо холбоотой асуудал гэдгийг өчигдөр бид харлаа.
Ардчилсан хувьсгалын хамгийн анхны уриа бол шашин, үндсээ мандуулах байсан байхгүй юу. Сүүлийн 30 жил бид шашны асуудлыг орхин шашны асуудлыг нийгмийн хорт хавдрын хэмжээнд хүргэсэн байгаагийн ганц өчүүхэн жаахан илрэл өчигдөр орой харагдаж байгаа юм.
Энэ хуулийн үндэс, агуулгатай танилцаж үзсэн. Гэтэл хүмүүс зөвхөн хэдэн лам хувраг, хийдэд мөнгө очих тухай хууль юм уу гэж ойлгоод хараад байгаа. Энэ бол тийм хууль биш гэдэг нь тэр оруулсан саналаас харагдсан. Эндээс харахад бидэнд ёс зүй гэдэг зүйл байхгүй болсон гэж харагдаж байна. Тэр ёс зүй гэдэг зүйлийг байхгүй болгосон МАН засагласан 100 жил байна. АН үндсэндээ буддын шашин буюу ёс зүй буцаад нийгэм тогтохын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй гэж хэлж болно. Өнөөдрийн энэ хууль батлагдвал агуулга, үр дүн нь хэд хэдэн талаасаа хүний мөс чанар гэдэг зүйлийг буцааж авчрахад шашин бол яалт ч үгүй хэрэгтэй. Буддын шашин бол зөвхөн хуучин монгол хэлээр юм уу, төвөд хэлээр биш. Өнөөдөр дэлхийн англи хэлтэй ард түмний шашин болсон учраас бид шинэ залуу үедээ хийх зүйл асар их байгаа. Ямар ч байсан 56 гишүүн санаачилсан хууль батлагдсаны дараа хийх ажил их байна гэж хараад байгаа”

Түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяр “Ёс зүйн асуудал өнөөдөр гэнэт бий болчхож байгаа асуудал бол биш. Энэ бол олон арван жил магадгүй 100 жил үргэлжилсэн үйл явцын үр дагавар. Аливаа нийгмийн харилцааг хоёр зүйл л зохицуулдаг. Нэг нь хууль зүйн хэм хэмжээ нөгөөх нь ёс зүйн хэм хэмжээ. Хоёулаа байж энэ нийгэм харилцан тэнцвэртэй оршин тогтноно. Ёс зүйгүй байх юм бол мянга сайхан таарах хууль дүрэм зохиогоод нэмэр байхгүй.
Өнөөдөр бид нарийндаа ёс зүйгүй нийгэмд амьдарч байна. Яагаад ёс зүйгүй болоод нярай эхийг нүцгэн шахуу гаргаад дан өмдтэй нь машин руу ачиж байгаа юм бэ. Энэ бол бидэнд ёс зүй байхгүй болсонтой холбоотой. Ёс зүй байхгүй болсон шалтгаан нь өнгөрсөн зууны түүхтэй холбоотой. Бид 1921 оноос хойш Зөвлөлтийн нөлөөгөөр социализм байгуулна гээд шахалтаар нь нэлээд зүтгэлээ шүү дээ. Ингэж байхдаа 1940 он гэхэд хуучин уламжлалт, өөрсдийн гэсэн үнэт зүйл, ёс зүйгээ устгуулчихсан. Оронд нь коммунист ёс зүйг бүтээлээ. Бидэнд ёс зүй байсан. Гэтэл энэ нийгэм бүтэхгүй нь гээд дэлхий даяараа 1980-аад оны сүүлээр уналаа. Түүний дагаварт 1990 онд манайд ардчилсан хувьсгал ялаад нийгмийг харилцаа өөрчлөгдсөн. Эрх чөлөөт, хүмүүнлэг ардчилсан нийгэм боллоо гээд л. Яг энэ үед марксист социалист үнэт зүйлийг таягдан хаяад уламжлалт зүйлээ авна гэж 1992 оны Үндсэн хуульд тунхагласан.
Сая 2020 онд УИХ-ын гишүүд тангараг өргөхдөө түүхэн уламжлал, үнэт зүйл, ёс зүйгээ сэргээнэ гээд бүгд ам бардам хэлж байлаа. Тэгээд хийж байгаа нь юу байна, өмнө нь бас яаж хийж байсан юм бэ мэдэхгүй. Гэтэл бид 30-40 жил ёс зүйгээ сэргээж чадаагүй. Шашин байна уу байна. Гэхдээ үүнийг мөн чанараар нь сэргээж чадаагүй хэлбэр төдий байна. Өөрөөр хэлбэл бид оюун санаагүй яваад байна. Морь унасан толгойгүй хүнийг хууль зохицуулж чадахгүй шүү дээ.
Өнөөдөр тулгамдаад байгаа зүйл бол ёс зүйгүй ёс суртахууны асуудал. Тийм учраас өнөөдөр Монгол Улс хөгжиж чадахгүй байна. Энэ авлига, хээл хахууль гээд дампуу зүйл зөндөө байна. Айж ичихгүй идэж уудаг, эмэгтэйчүүд эхийгээ хүндэтгэхгүй гээд. Монголд хүн эхийгээ тахин шүтдэг буддын сургаалд хамгийн нандин эрхэм хүн бол эх хүн. Өнөөдөр шашны тухай ойлголт гэхэд нийгэмд шал буруу явж байдаг. Шашингүй байж болох ч юманд хүндэтгэлтэй хандах ёстой”
-Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор буцаагдсан Нөхөн олговор олгох тухай хууль ямар ач холбогдолтой юм бэ. Яагаад буддын шашинд нөхөн олговор олгох гээд байгаа юм бэ бусад шашин яасан юм бэ. Дэлхийн түүхэнд шашин хэлмэгдсэн тохиолдол хэр их байдаг вэ?
Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн шашин судлалын салбарын эрхлэгч М.Батаа “2018 онд Номын гурван хүрдэн сан ТББ яг энэ асуудлаар “Уламжлалт бурхны шашны хэлмэгдүүлэлт ба нөхөн олговор олгох тухай олон нийтийн санаа бодлын тандалт бүхий судалгааг Өвөрхангай, Төв, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотод нийтдээ 3000 гаран хүн хамрагдсан судалгааг хийсэн. Монгол Улсын хэлмэгдүүлэлтийг судлаач биш хүн чөлөөтэй ярьдаг болжээ. Аливаа хууль төрийн бодлого, түүнтэй холбоотой зохицуулалт бодитой шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэсэн байх ёстой. Үүнд олон нийтийн байр суурь, санаа бодол ямар байгаа вэ гэсэн үнэлгээг гаргах ёстой. Энэ судалгааны гол зорилго тийм байсан.
Дэлхийн бусад орнуудад уламжлалт шашин соёлоо хэлмэгдүүлээд сэргээхэд нөхөн олговор олгож байгаа туршлага байна уу гэдгийг бас тодорхой хэмжээгээр судалсан. Ялангуяа бидний барьж авсан улсууд дотор хуучин социалист чиг баримжаатай хөгжиж байсан улсуудыг харьцуулж судалсан. Бидэнтэй адил нэг зүйл бол коминтерний бодлого гаднын шахалтаар хэлмэгдүүлж устгасан ЗХУ, Польш, Румын, Зүүн Герман гэх мэтчилэн орнууд байна. Энэ улсууд 1990 оноос хойш ардчилсан чиг баримжаатай хөгжөөд ирэхдээ ялангуяа хууль тогтоох засаглал нь нэг удаа болоод жил бүр үргэлжлэх хугацаатайгаар олон янзын хэлбэрээр уламжлалт шашин соёлын тодорхой хэмжээнд хэлмэгдүүлсэн бол нөхөн олговор олгоё гэдэг шийдвэр гаргаж байсан байна. Үүнтэй зэрэгцээд уламжлалт шашин соёлоо хэлмэгдүүлсэн гэдэг нь хэдэн ламыг хэлмэгдүүлсэн асуудал биш. Түүх, соёл, түүний биет болон биет бус өв, үнэт зүйлс, уламжлал, сэтгэлгээний онцлог маш олон зүйлийг устгаад цоо шинэ юм гаргаж ирээд түүнийгээ хүчээр тулгаж өгч байгаа. Манай түүхэнд хэлмэгдэлт 1921 оны сүүл 1922 оны эхээр Саж ламын хэргээр эхэлсэн. 1937 он бол оргил үе нь байсан. Хэлмэгдүүлэлт 1989 он хүртэл үргэлжилсэн урт хугацааны үйл явдал. Энэ бол соёл иргэншлийн хамгийн том ухралт, сүйрэлт бол энэ.
Тухайн үеийн төр гаднын бодлого шахалтаар юугаа алдсан байна, одоо ямар хууль гаргаад үүнийгээ засаж залруулах бодлого хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг л асуудал энэ”
Үндэсний номын сангийн сэргээн засварлагч, судлаач Г.Ням-Очир “Хэлмэгдүүлэлт бол мөнгөөр цагааддаг зүйл биш. Еврейчүүдийн Хологост Гето, Орост болсон Гулаг, Хятадад болсон Соёлын хувьсгалтай тэнцэхүйц дайны генотиз, хядлага монголд болсон. Дэлхий дээр соёлын хувьсгалын тухай бүтэн урлагийн урсгал байна. Ийм болгож үүнийг мартуулахгүй, дахин давтуулахгүй гэж хийж байгаа зүйл нь магадгүй тэр хүмүүсийн гомдлыг тайлах байхгүй юу.
Уг нь хоёр мянган хүнтэй сумын төвд нэг соёлын төв барих хэмжээний л мөнгө байгаа юм. Үнэхээр тэр мөнгө нь тавигддаг юм бол хэлмэгдүүлэлтийн талаар бодитой баримттай уран сайхны кино хийж хүүхдүүдэд үзүүлье л дээ. Тэгж байж сая ойлгоно. Бид буддын шашныг дахиж сэргээх гээд байгаа юм биш. Өнөөдөр УИХ-д олонх болсон 56 гишүүн яагаад энэ тухай дуугараад байгаа юм бэ гэхээр удахгүй МАН-ын 100 жилийн ой тохионо. Адаглаад энэ баярыг тэмдэглэх зардлаас энэ мөнгийг гаргах ёстой. Бид үе шаттайгаар болоод өнгөрсөн зүйлээ бүхэл бүтэн оюун санааны зүйлээ угаалгачихсан байна. Өнөөдөр 1970-аад оноос хойш төрсөн хэлмэгдүүлэлтийн сүүдрийг биеэрээ амсаагүй хүмүүс эсэргүүцээд байгаа. Харин энэ үйл явдлыг сайн мэддэг хүмүүс зүгээр л хүлээж байгаа гэж би харж байгаа"
Түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяр “Энэ бол зөвхөн лам нар сүм хийдийн тухай яриа биш. Энэ бол монголчуудын тухай яриа юм. Нөхөн олговор олгоно гэхээр сүм хийдэд дэмий, улс мөнгөгүй байж яах гэж байгаа юм гээд л ярьж байна. Нарийндаа тэнд хийх гэж байгаа энэ хөрөнгө оруулалт эргээд монголчуудад бидэнд хэрэгтэй. Бид үнэт зүйлгүй, ёс суртахуунгүй болжээ гээд. Түүнийг сэргээх Монгол Улс цаашаа хөгжихөд нэг тулгуурыг бий болгох зорилготой агуулга харагдаад байгаа.
1921 оны долоон сард эхэлсэн урт хугацааны хэлмэгдүүлэлтэд одоогийн дүнгээр нийт 31 мянган хүн хэлмэгдсэн нь тогтоогдоод албан ёсны баримтаар цагаатгагдсан. Үүний 19 мянга орчим нь лам нар байгаа юм. Нийт хэлмэгдсэн лам нарын 80 хувьд нь буудан алж, хөрөнгийг нь хураах ял өгсөн. Өөрөөр хэлбэл давхар ял явсан. Хэлмэгдүүлэлтийн гол хохирогчид лам нар байсан. Тэд олон тоогоор байсан болохоор лам нар руу чиглүүлсэн үү гэвэл үгүй. Энэ бол монголчуудын олон зуун жилийн оюун санаа, үнэт өвийг тээж явсан бүлэг. Эд нарыг байхгүй болгож байж шинэ оюун санаа марксист үзлийг суулгасан. Энэ хүмүүс сүм хийдийг устгаснаар хохирол болоод байгаа юм биш. Тэдний оюун санаа, үеэс үед уламжилж ирсэн үндэсний сэтгэлгээг байхгүй болсон. Энэ бол эд материал болон үнэлэх аргагүй оюуны өвийнхөө хувьд ч үнэт зүйл. Өнөөдөр бидэнд гаднаас жуулчин ирэхэд үзүүлж харуулах зүйл байдаггүй. Хагас дутуу үлдсэн Гандан, Эрдэнэ зуу гээд хэдхэн зүйл л байна. 700 оюуны охь болж байсан тэр бүхэн зүгээр оршоод гоё харагдаад байсан биш түүгээр дамжуулж монголчуудыг гэгээрүүлж нэгтгэж зангидаж байсан. Сүм хийдэд байсан соёлын өв байхгүй болсон. Энэ бүгд үндэсний үнэт зүйл. Шашныг би ёс суртахуун гэж тайлбарладаг”
Хуульч С.Алтангэрэл “Аливаа ард түмэн түүхгүйгээр, соёлгүйгээр оршин тогтнох боломжгүй. Аль ч улс алдаа оноотой ч байсан түүх, соёлтойгоо хамт явж байдаг. Хууль тогтооно гэдэг нь нэгдмэлийнхээ хүрээнд харах хэрэгтэй. Энэ үндэстнийхээ хувьд оршин тогтнох үндэс нь юу юм бэ. Юугаараа бид нэгдэх юм бэ. Нэгдмэл байдал сууриас эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл түүх, соёл, урлаг, шашин, үзэл баримтлалаасаа эхэлж байгаа юм. Хууль бол хамгийн сүүлд зохицуулах юм. 1992 онд баталсан Үндсэн хуулийн агуулгын хүрээнд харах болж байна. Хүнийг эрхийг тунхаглаж үүний цаана шашнаар ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн үндсэн суурь зарчим байна. Нөгөө талаасаа төр шашны хоорондын харилцаа бол маш нарийн асуудал байдаг. Нөхөн олговор олгох хууль Үндсэн хуулийн агуулгын хүрээнд тар шашин хоёр тусдаа гэсэн зарчим алдагдаж байна уу гэдэг асуудал гарч ирж байна. Нөхөн олговор гэхээр олон хүнд Ганданд, лам нарт мөнгө өгөх гэж байна гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ маань хэлмэгдэлтийн хар толботой үндэс соёлоороо устгагдсан шашны геноцидийн хохирлыг нөхөн барагдуулах, ямар нэгэн хохирол учирвал төр уучлалт ирж, тэр хохирлыг нөхөж байх нь өөрөө хүмүүнлэг бөгөөд соёлтой нийгмийн үндсэн шинж чанар. Төр үүнийг санаачилгаараа хийж чадаж байвал үнэхээр мундаг байна. Үүнийг зүгээр шашны байгууллагын бусад байгууллагаас илүүд үзээд мөнгө гээд дэмжиж байвал өөр асуудал болно. Гэтэл энд нөхөн олговрын асуудлыг ярьж байна. Тодорхой хэлмэгдсэн хүн, шашны байгууллага, соёлын хохирлыг нөхөн төлөх асуудал ярьж байна.