УИХ-ын чуулганы хуралдаанаар Музейн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бий болгон, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийг баталснаар түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс болон соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Тухайлбал, “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн галерейн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна” гэсэн агуулгатай хэсэг нэмэх санал гаргажээ. Уг саналыг чуулганы хуралдаанаар гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Улмаар Музейн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.