УИХ-ын нэр бүхий гишүүд Монголд бурхны шашныг сэргээн хөгжүүлэх зорилготой “Бурхан шашин, соёлын өвд нөхөн олговор олгох тухай” хуулийн төсөл санаачилсныг сонсоод олзуурхав. Олзуурхсан шалтгаан нь шашны салбарт ноёлсон эмх замбараагүй, салан задгай байдал одоо л засарч нэг талдаа гарах нь гэж бодсоных юм.
Тусгаар тогтносон, бүрэн эрхт улс орнуудын №1 зорилт нь тусгаар тогтнолоо хадгалж үлдэх явдал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Эрт дээр үед бол хамгаас чухал энэ зорилгодоо хүрэхийн тулд улс орнууд батлан хамгаалах салбараа л бэхжүүлдэг байв. Харин одоо цаг үеэ дагаад арга барил нь илүү олон хэлбэртэй, ялангуяа жижиг буурай улсууд гадаад, дотоодод оновчтой зөв бодлого явуулах замаар хамгаалдаг арга барилтай болсон байна.
Улс орны тусгаар тогтнол эв нэгдэл дээр тогтдог. Тэгвэл тэр эв нэгдэл нь эмзэгээс эмзэг зүйл гэдгийг монгол хүн бүр ойлгож явах учиртай. Ардчилал 200 гаруй жил хөгжчихсөн АНУ, Европын орнуудад туулсан зам бий. Харин бид туулах замтай. Олон ургальч үзлээр түрий барин эв нэгдэл эвдэх оролдлого гарах бүрийд “Ардчиллын зарчим ийм юм. Америкчууд ч цагтаа ингэж зөрчилдөж, дайтаж ч байсан түүхтэй” гэх номнол хаа нэгтэйгээс сонсогдог. Гэвч энэ бол буруу, хоёр зууны тэртээх Америк, одоогийн Монгол хоёрын хооронд том зөрүү бий. Адаглаад л Америкийг ардчилал хөгжүүлэх гээд, алдаж онож, эвлэрч эвдрэлцэж явахад хажууд нь бариад идчих том гүрэн байсангүй. Харин өнөөгийн Монгол бол ондоо.
Гаднын их гүрнүүд жижиг улсуудыг хагалан бутаргах замаар идэш хоолоо болгодог технологи нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Хагалах, эвдрэлцүүлэх өгөөш нь юу вэ гэдэг нь ч тодорхой болсон. Ихэвчлэн үндэстэн хоорондын сөргөлдөөн, шашин хоорондын зөрчлийг дэвэргэж амжилтад хүрсэн байдаг.
Манай улсын хувьд улсын хилийг дипломат аргаар хамгаалах бодлого хэрэгжүүлж, байнгын армиа цомхотгосон. Цөмийн зэвсэггүй бүс, төвийг сахих үзлээ олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх тал дээр хүчин чармайлт гаргаж байлаа. Энэ бүх ажил, хүчин чармайлт “Тусгаар тогтнол, аюулгүй байдлаа гадаад талдаа хүлээн баталгаажуулах” ганц зорилготойг бид бүгд мэдэж байгаа. Тэгвэл гадагшаа анхаарч байх хооронд дотоодод тодорхой зай онгойгоод үлдчихсэн байна. Монгол Улс иргэдийнхээ шашин шүтэх эрх чөлөөг Үндсэн хуулиараа баталгаажуулж өгсөн, шашны эрх чөлөөтэй улс. Энэ байдал нь монголчуудыг шашнаар ялгаруулж, үхрийн бөөр шиг болгочихсон байна. Одоогийн дэлхий ертөнц бол шашны ялгарал нь сул тал болж, бусдын идэш хоол болох харгис хэрцгий дүрэм ноёлсон дэлхий ертөнц гэдгийг бид ойлгох ёстой. Эсрэгээрээ шашны нэгдмэл байдал нь давуу тал болно. Хүн амынхаа 99 хувийг шинто шашинд нэгтгэсэн Япон энэ тал дээр аюулгүй байдлаа бүрэн хангасан гэж тооцдог байх жишээтэй.
Муу юм холуур байг, гэхдээ шашин хоорондын зөрчилдөөн улс орнуудад нэмэгдэж байна. 2007 онд 20 улсад ийм хэрэг гарч байсан бол 2016 онд 55 улсад гарчээ. Тиймээс Засгийн газрууд шашинд анхаарал хяналт тавьж, зохицуулалт хийх нь нэмэгдсэн байна. Харин манай улсын шашинд хандах хандлага дэлхийн аль ч улсад байхгүй зөөлөн. Хүссэн хүн бүр, хүссэн шашнаа шүтэх эрхтэй. Тэгэхээр нэгдмэл байдлыг яаж хангах хэрэг вэ. Энэ тохиолдолд нэг талаас үндсэн хуулиар баталгаажсан шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, нөгөө талаас үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлын асуудал сөхөгдөнө. Монгол бол шашин шүтлэгийн тал дээр дэндүү гэмээр эрх чөлөөтэй улс. Тийм ч учраас эсэн бусын шашны урсгалууд гаднаас чөлөөтэй орж ирж, их хэмжээний мөнгө цутган хүч нөлөөгөө нэмэгдүүлж байна. Шашин шүтлэгээр нь харвал УИХ, Засгийн газрыг ч алаглуулах хэмжээнд хүрээд байгаа шашны ялгарлыг бид зогсоох ёстой. Өөрөөр хэлбэл, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлаа сонгох ёстой юм. Мэдээж, Үндсэн болон бусад хуульдаа шашны талаар олон эерэг заалт оруулж өгсөн Ардчилсан Монгол Улс бусад улсууд шиг аль нэг шашныг хориглох нь хууль бус. Тэгэхээр хүн амын дийлэнх олонх нь шүтдэг нэг шашнаа сонгон авч, зөөлөн хүчээр нөлөөг нь өсгөх нь хамгийн зөв зам. Манай улсын хувьд энэ шашин нь буддын шашин болж байна.
Түүнээс биш шашин нь ямар байх нь ер нь бол хоёрдугаар асуудал. Гэхдээ янз бүрийн шашин хөгжүүлэх зорилгоор оруулж ирж байгаа цент болгоны цаана тодорхой ашиг сонирхол байгаа гэдгийг л бид ойлгох ёстой.
Одоо Монгол Улсад шашны хүн ам зүйн нөхцөл байдал ямар байгаа нь тодорхойгүй. 2010 оны “Буддын шашинтнууд хүн амын 53 хувийг эзэлдэг” гэсэн тоо л байна. Монголчууд буддын шашинтай гэдэг ч атейстууд буюу шашингүйн үзэлтнүүд ихтэй, бусад шашин тэднийг онилон их хөрөнгө хаяж, сүсэгтнүүдийнхээ тоог эрчимтэй нэмэгдүүлж байсан зэргээс харвал одоо шашны салбарт буддын шашин, бусад шашны хүчний харьцаа ойртож “Эргэлтийн цэг” буюу хэн нь хэнийгээ вэ гэдгээ үзэх цаг ойртсон бололтой. Магадгүй, бололтой гэж тодорхой тоо баримтгүй бичиж байгаа нь бидний эмгэнэл, энэ талаар тодорхой судалгаа хийлгүй зөнд нь орхисны гай ч байж мэднэ. Тиймээс УИХ-ын гишүүд буддын шашинд хөрөнгө оруулалт хийх хуулийн төсөл санаачилсан нь жаахан оройтсон ч гэсэн зөв алхам гэж харж байна. Бусад шашинд бол сүсэгтнүүдийг Ерөнцийн эзэн, жинхэнэ эцэг гэх зэрэг дээд хүчинд итгэж, тэдэнд үйлчлэхийг тулгадаг бол буддын шашинд нүгэл үйлдэхгүй бол сүсэгтнүүд өөрсдөө ч ариусч бурхан болох боломжтой гэж сургадаг. Дорнын бидэнтэй үзэл санаа, соёлын хувьд илүү ойр юм. Мэдээж, гадны биднээс өндөр хөгжилтэй, ханш өндөртэй мөнгөөр санхүүжигдэж байгаа шашнуудтай өрсөлдүүлэхэд тодорхой хөрөнгө шаардах нь ойлгомжтой. Гэхдээ гуравдагч улсын шашин ялж мандвал багадаа л эдийн засгийн эрх ашиг, цаашлаад тусгаар тогтнол аюулгүй байдал эрсдэлд орох нь тодорхой учир энэ тал дээр бооцоогоо өөрийн талд тавихаас өөр аргагүйд хүрсэн гэж бодно. Тэрхүү бооцоо нь “Бурхан шашин, соёлын өвд нөхөн олговор олгох тухай” хуулийн төсөл гэж харж байна.