УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 9-нд явуулахаар хуульд тусгажээ. Мөн УИХ-ын нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулах юм.
Түүнчлэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Хуулийн төсөлд хууль зөвхөн гэрээ байгуулснаас бус хөдөлмөрийн харилцаа үүссэнээс үйлчлэх шинэчлэлийг оруулж буй. Мөн ажилтан байгууллагын зардлаар сургалтад хамрагдсан тохиолдолд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үед сургалтын зардлын зарим хэсгийг буцааж төлөх зохицуулалтыг нэмж тусгах санал гарсан. Үүнээс гадна ажлын хэсгийнхний зүгээс ээлжийн амралтын хугацааг 20 хоногоор тэгшитгэх, ажилтан ажлаас гарсны дараа өрсөлдөгч байгууллагад тодорхой хугацаанд ажиллахгүй байх зэрэг санал оруулсан нь маргаан дагуулаад байгаа юм.