Улсын хэмжээнд 21 аймгийн 330 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрныг хамруулсан судалгааны дүнгээр хичээлийн байрны 43, сурагчдын дотуур байрны 49, цэцэрлэгийн 23 хувь нь гадаа буюу нүхэн жорлонтой байгаа нь тогтоогджээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт суралцагчдад ээлтэй сургалтын орчныг бүрдүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт сурах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хэд хэдэн зорилт дэвшүүлсэн. Үүний нэг нь орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдэд байгаа модон жорлонг халах юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд 2020 онд тушаал гаргаж модон жорлонг халах техник, технологийн шийдэл, ажлын даалгаврыг боловсруулан батлуулах, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг яамныхаа төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатараар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хэд хэдэн удаагийн хамтарсан уулзалт зохион байгуулж, технологийн шийдлийг судалжээ. Орчин үеийн цэвэрлэх байгууламж нь септик систем, бордоожуулах жорлон, бага оврын цэвэрлэх байгууламж гэсэн хэд хэдэн төрөлтэй байдаг байна. Эдгээрээс Монгол орны дөрвөн улирлын эрс тэс уур амьсгал, говь, хангай, хээрийн бүсэд тохиромжтой байх хувилбаруудыг голчлон судалжээ. Хүүхдэд ээлтэй, ашиглалтын зардал бага, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй, 98-99 хувийн цэвэршилттэй саарал усаа дахин ашиглах боломжтой шийдлийг ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.