Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 19-нд нийт 13318 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Улаанбаатарт 32 тохиолдол нэмэгдлээ.
Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын 13 хүнээс коронавирусийн халдварт өртсөн. Тухайн байрнаас өмнө нь батлагдсан 2 тохиолдол бүртгэгдсэн байсан учраас хоёр дахь удаагаа тусгаарлагдаж байна. Орцонд нь халдвар илэрсэнтэй холбоотойгоор оршин суугчдын ажилладаг газруудад тандалт хийж байгаа. Тэдний дотор ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч байсан учраас тус төв дээр халдварын голомтын хариу арга хэмжээг авч ажиллалаа. Өчигдөр ЭХЭМҮТ-ийн 900 гаруй хүн шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогоор 600 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна. Бусад шинжилгээ тандалт үргэлжлэн хийгдэж байна.
"Монос" эмийн сантай холбоотойгоор тусгаарлагдаж байсан гэр бүлээс улбаатай өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрлээ. Нэгдүгээр төрөхт төрсөн ээжийн гэр бүлийн 5 хүнээс халдвар илэрсэн. Энэ хүрээнд 375 хүнийг шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй.
Баянзүрх дүүргийн ТҮК-ийн зургаан ажилтнаас халдвар илэрсэн.
АТГ-ын нэг ажилтнаас халдвар илэрсэн. Түүний гэр бүлийн хүнээс коронавирус илэрсэн.
Сүүлийн 24 цагт 38 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1067 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
Улаанбаатарт 741
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1568, эдгэрсэн 1033 байна.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 523 хүн эмчлүүлж байна” гэв.