АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бүрэн эрхийнхээ сүүлийн бүтэн ажлын өдөр буюу өчигдөр орой /Монголын цагаар өнөө өглөө/ ард түмэндээ хандаж сүүлийн илтгэлээ тавьжээ. Тэрээр лхагва гарагийн өглөөний 08.00 цагт Цагаан ордныг орхих ёстой.
Бичлэгээр олон нийтэд хүргэсэн илтгэлдээ Д.Трамп бүрэн эрхээ хэрэгжүүлсэн эхний өдрөөсөө л Америкийг дахин хүчирхэг болгохын тулд боломжтой бүхнийг хийсэн бөгөөд анх энд ирэхдээ төлөвлөж байсан ажлаасаа гадна өөр олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэсэн байна. Трамп шинэ засаг захиргаа бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр Цагаан ордонд ирснийг хүлээн зөвшөөрсөн ч Жо Байден гэдэг нэрийг хэлээгүй нь анхаарал татаж байна. Тэрээр мөн Жо Байденыг “Ерөнхийлөгчөөр сонгогдсон” гэж хэлэлгүй илтгэлээ өндөрлүүлжээ. Зөвхөн “Бид энэ долоо хоногт шинэ засаг захиргаатай болно. Тэд АНУ-ын аюулгүй байдлыг хангаж, хөгжүүлэх болтугай гэж залбирья. Амжилт хүсье” гэж тэрээр хэлжээ. Дараа нь тэрээр гэр бүл, Дэд Ерөнхийлөгч Майк Пенс, Засаг захиргааны тэргүүн Марк Медоуз, нууц албаныхан болон хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад талархал илэрхийлсэн байна. талахлынхаа сүүлд “Америкийн ард түмэнд хамгийн их талархал дэвшүүлье. Та нарын Ерөнхийлөгч байх нь юугаар ч төсөөлшгүй, нэр төрийн хэрэг юм” гэжээ.
Өөрийг нь алсаас удирдсан хэмээн хэвлэлээр бичиж буй Капитолийн халдлагын талаар тэрээр “Ъапитолийн ордон руу халдсан нь америкчуудыг айдаст автуулсан” гээд “Улс төрийн хүчирхийлэл нь тэвчиж болшгүй зүйл” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа товч дүгнэхдээ тэрээр Парисын уур амьсгалын хэлэлцээнээс гарсан, Хойд Америкийн худалдааны хэлэлцээрийг шинэчилсэн, татвар багасгасан зэргийг голчлон дурдав. Гадаад бодлогын тал дээр шинэ дайн эхлүүлээгүйгээрээ ихээхэн бахархаж байгаагаа онцолсон байна. “Би энэ бүх асуудлыг шийдэхдээ амар хялбар зам сонгоогүй. Хамгийн их үр дүн гаргах замыг л хүнд хэцүүг нь үл харгалзан сонгож байсан” гэж Д.Трамп онцолсон.
Албаа өгч буй Ерөнхийлөгч шинэ Ерөнхийлөгчтэй гэр бүлийн хамт цайлаад Цагаан ордноос явдаг тогтсон уламжлалыг тэрээр эвдэнэ гэдгээ зарлаад буй. Тэрээр энэ талаараа “Эрх мэдлээ шилжүүлэн өгөхөөр бэлдэж буй энэ өдрүүдэд би бидний сонгосон зам дуусаагүй, лхагва гарагийн ёслол бол зөвхөн эхлэл гэдгийг хэлэхийг хүсэж байна гээд ” Би сонгосон зам үйл хэрэгтээ үнэнч, баяр баясгалан, өөдрөг мөрөөдөл, улс орныхоо төлөө гэсэн чин сэтгэл, манай улс, бидний үр хүүхдүүдийн хувьд сайн сайхан бүхэн өмнө бий гэсэн итгэлтэйгээр энэхүү сүрлэг газраас явж байна" хэмээн өгүүлжээ.
Д.Трамп сүүлийн илтгэлээ тавихын өмнө Дэд Ерөнхийлөгч Майк Пенс мөн Доналд Трампын бүрэн эрхийн дөрвөн жилд хэрэгжүүлсэн хамгийн гол ажлыг нэрлэсэн. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд АНУ нэг ч шинэ дайн өдөөгөөгүй нь Доналд Трампын хийсэн гол ажил гээд, “Бүрэн эрхийн сүүлийн өдрүүд үргэлжилж байгаа энэ үед би манай засаг захиргаа сүүлийн арван жилд анх удаа нэг ч шинэ дайн өдөөгөөгүй болохыг бахархалтайгаар мэдэгдэж байна. Энэ бол хүчирхэг байдлын хүчээр бий болсон энхтайван юм” гэж тэрээр твиттер хуудстаа жиргэжээ.
Дашрамд, тэрээр Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа юм.