Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. “Хуулийн төсөлд бүх арилжааны банкийг 2023 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд хувьцаат компани болгохоор зохицуулалт тусгасан. “Анод” банкыг хувьцаат компани болгоод дампуурсан жишээ саяхных хэвээрээ байна. Ковидын цар тахлын үе тохиож эдийн засаг унаж байгаа нөхцөлд дээрх хугацаа цаг үеэ олсон уу. Тусгаар тогтносон улсад эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь үндэсний томоохон компаниуд байдаг. Гэтэл банкны хамгийн том хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 20 хувиас дээш эзэмших боломжгүй болгох нь хөрөнгө оруулагчаа шахсан, үндэсний компаниа зэрэмдэглэнэ. Биелэгдэхгүй хууль болох магадлалтай гэж УИХ дахь АН-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Харин эдийн засагчдын зүгээс банкуудыг ингэж цаг хугацаагаар шахаж байгаа нь сонгуулийн мөчлөгтэй холбоотой байж болох юм гэж байлаа.

Б.Баттөмөр: Зах зээлд банкийг үнэлэх хөшүүрэг бий болно

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн өргөн барьсан уг хуулийн төслийнхөө талаар танилцуулахдаа, “Төслийг боловсруулахдаа Европын холбооны гишүүн улсууд, скандинавын хойгийн улсууд, Өмнөд Солонгос, Тайланд, Индонез, Казахстан зэрэг улсуудын банкны хуулийн зохицуулалт, туршлагыг судлан эдгээр улсуудад банк үүсгэн байгуулахад тавигддаг “Хувьцаа компани”-ийн хэлбэр болон банкны хувьцаа эзэмшлийн хэмжээнд тавигддаг хязгаарлалтыг судласны зэрэгцээ олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмж, банкны хяналт шалгалтын Базелийн хорооноос банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөд өгч байгаа ач холбогдол, зохистой засаглалын зарчмыг харгалзан үзсэн.

Банкны тухай хуульд банк нь зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байх тухай, аливаа этгээд банкны саналын эрхтэй хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглох тухай, банкны жижиг хувьцаа эзэмшигч, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн эрхийг нэхэмжлэлийн дараалалд өөрчлөлт оруулж хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа. Хуулийн төсөл батлагдсанаар банкинд өмчлөл, удирдлагын хэт төвлөрсөн байдал арилж, банкны үйл ажиллагаа нээлттэй, ил тод болж, зах зээлийн оролцогчдод мэдээлэл тэгш хүртээмжтэй болж хөрөнгийн зах зээлийн хөгжилд дэмжлэг болохоос гадна зах зээлээс банкийг үнэлэх хөшүүрэг болно гэж үзэж байна.

Хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан төслийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, зээлийн хүүг бууруулах стратеги зэрэг богино, дунд хугацааны бодлогын баримт бичгийг судлан банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах саналыг харгалзсан. Хуулийн төслийн саналыг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын банкны холбоо, банкуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгээс боловсруулсан” гэлээ.

Монголбанк: Салбарын засаглалыг ахиулж, илүү ил тод, нээлттэй болгох нь зүйтэй

Монгол Улсын арилжааны банкуудад хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл хэт өндөр буюу 3 хүртэлх тооны хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 90-ээс дээш хувийгэзэмшиж байгаа дүр зурагтай байна хэмээн Монголбанкнаас УИХ-ын гишүүдэд өгсөн танилцуулгадаа дурьдсан байна.

2020 оны 11 сарын эцсийн байдлаар банкны салбарын нийт активын хэмжээ 35.8 их наяд төгрөг байгаа бөгөөд үүний 90 орчим хувийг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, үлдсэн 10 гаруй хувийг банкны эздийн өмч бүрдүүлж байгаа тул уг салбарын засаглалыг ахиулж, илүү ил тод, нээлттэй болгох нь зүйтэй. Дэлхийн банкнаас 2019 онд хийсэн судалгаанаас үзэхэд Канад,БНСУ, Австрали, Филиппин, Киргизстан, Малайз, Индонез, Бангладеш зэрэг дэлхийн34 оронд банкуудыг хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг шаардахаас гадна, нэг этгээдийн банкны хувьцааг эзэмших дээд хэмжээг тогтоож хязгаарласан талаар дурдсан нь сайн туршлага гэж Төвбанкны эдийн засагчид санал болгосон байна.

Хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэнээс хойш хүчин төгөлдөр үйлчилж байгаа банкны хууль тогтоомжид банкийг үүсгэн байгуулах хэлбэрийн хувьд аливаа шаардлага, хязгаарлалт тавигдаж байгаагүй бөгөөд Монгол Улсад одоогоор үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт 13 арилжааны банкны хувь эзэмшлийн төвлөрөл ихтэй, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тоо цөөн зэргээс шалтгаалж банкны зохистой засаглалын зарчим, дотоод хяналт алдагдах, банкны үйл ажиллагаа, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа гэж тэд тайлбарлажээ.

Ингэхдээ бүх банкуудыг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хувьцаат компанийн хэлбэртэй болгож, өөрчлөх бодлогыг баримтлах юм. Мөн банк татан буугдсан тохиолдолд Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд зохицуулсан төлбөр барагдуулах дарааллыг илүү боловсронгуй болгож нийгмийн дундаж давхарга буюу хуримтлалтай иргэд, өрхийн хуримтлалыг тэргүүн ээлжинд хамгаалах өөрчлөлтүүд орж байгаа нь томоохон ахиц гэсэн байлаа.

Хариуцлага, хяналтыг Зөрчлийн хуулиас “салгана”

2015 онд Зөрчлийн тухай хуулийг УИХ-аас баталж уг хуульд төв банкны хяналт шалгалтын үр дүнд банк болон бусад хуульд тусгайлан заасан этгээдэд хүлээлгэх хариуцлага, албадлагын арга хэмжээг бусад нийтлэг зөрчлийн арга хэмжээний зохицуулалттай хамтатган тусгасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулахаар тусгасан нь банкны хяналт шалгалтын үр нөлөөтэй байдлыг алдагдуулахаас гадна төв банкны үйл ажиллагааны бие даасан байдлыг сайжруулахаас ухарсан, олон улсын банкны эрх зүйн хариуцлагын чиг хандлагаас гажсан өөрчлөлт болсон гэж салбарынхан нь хэлдэг.

Банкны хяналт шалгалттай холбоотой хуулийн дээрх өөрчлөлтөөс өмнө Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагч нар банкны хянан шалгалтын үйл ажиллагаа болон банкуудад хариуцлагыг ногдуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг үр нөлөөтэй хэрэгжүүлж иржээ.

Ингэж хариуцлагын зохицуулалтыг Банкны тухай хуульд эргэн оруулснаар хяналт шалгалт, болон зөрчлийн хэрэг хянан шалгах үйл ажиллагаатай  холбоотой үүсээд байгаа аливаа бэрхшээл, хүндрэл арилж банкны хяналт шалгалтын үр нөлөөтэй байдлыг хангах, банкинд авах албадлагын арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлж, төрөөс банкны үйл ажиллагааг зохицуулах, банкны хууль тогтоомжийг мөрдүүлэх, харилцагч хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгөд эрсдэл учирсан, зөрчил гарсан тохиолдолд түүнээс урьдчилан сэргийлэх, арилгах арга хэмжээг төв банзнаас хэрэгжүүлэх, банкны хяналт шалгалтын зарчим, олон улсын нийтлэг жишигт нийцнэ гэжээ.

Австри,Норвеги, Польш, Латви, Молдав зэрэг баруун ба зүүн Европын дийлэнх улсууд банкийг хувьцаат компанийн хэлбэртэй үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулах, нэг этгээдээс банкны хувьцааг эзэмших дээд хэмжээг банкны нийт гаргасан саналын эрхтэй хувьцааны 20% хувиар хязгаарласан байна. Индонези Улс Оман Улс Канад Улс, Өмнөд Солонгос, Иран, Тайланд, Бангладеш, Шриланк, Филиппин, Австрали зэрэг улсуудад банкны хувьцааг эзэмшиж болох этгээдийн төрөл болон хэмжээг тогтоосон байдаг. Олон Улсын Валютын Сангаас 2019 оны 9 дүгээр сард гаргасан Монгол Улсын талаар тайланд банкуудыг Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлэх арга замыг судалж, хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах, зах зээлийн сахилга, нээлттэй байдлыг дэмжих шаардлагатайг зөвлөсөн байна.

Ямар хүрээг хамарч байна вэ

Компанийн эрх зүйн зохицуулалтыг ашиглан банкны үйл ажилллагааг хувьцаат компани хэлбэртэйгээр явуулна гэж үзэж буй хуулийн төсөл нь дараах чиглэлтэй байна.

1.Банк үүсгэн байгуулах, банкны үйл ажиллагааг зөвхөн хувьцаат компани хэлбэртэй компани эрхэлнэ.

2.Банкны хувьцаа эзэмшил аливаа этгээд, түүний холбогдох этгээдийн хувьд банкны нийт саналын эрхтэй хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байх бөгөөд энэ зохицуулалт мөрдөгдөхгүй байх шаардлагатай тохиолдолыг хуулиар тодорхойлно.

3.Банкны хувьцаа эзэмшилд хязгаарлалт хийхтэй холбогдуулан нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тодорхойлолт, банк байгуулах, банкны хувьцаа эзэмшихэд Монголбанкнаас зөвшөөрөл олгоход баримтлах зохицуулалтыг өөрчилнө.

4.Банкинд албадлагын арга хэмжээ авах, татан буулгахад үүсч байгаа асуудлыг шийдвэрлэх, хуулийг тодорхой болгож сайжруулна.