Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.
-Монголын хөрөнгийн биржийн 30 жилийн мэндийг танд болон танай хамт олонд хүргэе.
-Баярлалаа. Монголд хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны түүхэн 30 жилийн ойн мэндийг биржийн хамт олондоо болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хамтран зүтгэж буй зах зээлийн бусад оролцогчид, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчиддаа мөн хүргэе.
-Хөрөнгийн биржийн түүхэн ололт амжилтаас та юуг нь онцлон тэмдэглэх вэ?
-Миний бие биржийнхээ үйл ажиллагаа явуулсан 30 жилийн 10 орчим жилд нь энэ байгууллагадаа ажиллажээ. Анх 1991 онд Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж, ард иргэдийг хувийн өмч хөрөнгөтэй болгох, түүнийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах түүхэн чухал ажлыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж хийсэн байдаг. Үүний хүрээнд улсын 475 үйлдвэрийн газрууд хувийн өмчид шилжиж, нийт хүн амын тал гаруй хувь нь тэдгээрийн хувьцаа эзэмшигч болж байсан.
Үүнээс хойш 30 жилийн хугацаанд хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээл нь цоо шинэ түвшинд хүрч хөгжиж, олон шинэ бүтээгдэхүүнтэй, идэвхтэй арилжаатай, дэд бүтэц, технологи, хууль эрх зүйн хувьд олон улсын жишигтэй хөл нийлүүлсэн, шинэ өнгө төрх бүхий орчин үеийн зах зээл болон хөгжиж байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2013 онд шинэчлэгдэн батлагдсанаар хууль эрх зүйн орчин маань олон улсын түвшинд хүрч, мөн эртний түүхтэй, дэлхийн тэргүүлэх хөрөнгийн бирж болох Лондонгийн хөрөнгийн биржтэй 2011 онд хамтын ажиллагаа эхлүүлснээр, зах зээлийн хэмжээнд ашиглагдах техник технологи, дэд бүтэц маань шинэ түвшинд гарсан.

-Монголын хөрөнгийн биржийн хөгжлийн түвшин хаана явна гэж үнэлэх вэ?
-Хөрөнгийн зах маань хөгжлийн шинэ түвшинд гарч байна. Цаашдаа улам олон компани олон нийтийнх болж, уул уурхайн төслүүд шууд болон давхар бүртгэлийн замаар манай бирж дээр гарч, бонд болон бусад санхүүгийн бүтээгдэхүүнүүд эрчимтэй гарах төлөвтэй байна. Ялангуяа одоо УИХ-ын түвшинд хэлэлцэгдэж байгаа Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль, Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд батлагдсанаар хувийн тэтгэврийн сангууд хөрөнгийн зах зээлийн гол хөрөнгө оруулагч болох, банкууд нээлттэй хувьцаат компани болж, иргэд маань тэдний хөрөнгө оруулагч нь болж, өсөлтийнх нь өгөөжийг хүртэх бодит боломжийг бий болгох юм.
-Хөрөнгийн биржийн дараагийн 30 жилийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Хөрөнгийн биржийн дараагийн 30 жил маш өөдрөг харагдаж байна.Сая дурдсан ажлууд хийгдсэнээр Монголын хөрөнгийн зах зээлийн улсын эдийн засагт гүйцэтгэх үүрэг, дарах жин нэмэгдэж, биржийн маань зах зээлийн үнэлгээ ДНБ-ийн хэмжээтэй дүйцэхүйц болж томорно гэдэгт итгэлтэй байна. Ер нь хөрөнгийн зах зээл өөрөө гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах томоохон үүд хаалга юм.
-Хөрөнгийн зах зээл, тэр дундаа Хөрөнгийн биржийг хөгжүүлэхэд хууль эрхзүйн болон бодлогын ямар шийдвэр нэн түрүүнд гарах шаардлагатай вэ?
-Хууль эрх зүйн хувьд Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлд нэн шаардлагатай байгаа урт хугацааны хөрөнгө оруулагчид бий болохоос гадна нийт иргэдийн тэтгэврийн хуримтлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан өсгөх, хуримтлалын мөнгийг санхүүжилт шаардлагатай бизнес, аж ахуйн нэгжүүдэд зуучлан, эдийн засгаа тэтгэх боломжтой болно. Мөн, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдсэнээр манай зах зээлд арилжааны банкны хадгаламжийн сертификат арилжигдах боломж бүрдэх бөгөөдингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ихээр татах бүтээгдэхүүн гарч ирнэ.
Түүнчлэн, үнэт цаас гаргагч болон хөрөнгө оруулагчид ногдохзарим төрлийн татварын хөнгөлөлт бий болгох, төрийн өмч хувьчлалыг биржээр дамжуулан явуулах, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг биржээр дамжуулан эдийн засгийн эргэлтэнд оруулах, Засгийн газрын үнэт цаасыг МХБ-ээр дамжуулан арилжих гэх мэт бодлогын шийдвэрүүдийг авч хэрэгжүүлвэл эдгээр нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах хөшүүрэг нь болно.