Улаанбаатар хотод хоногт дунджаар 375 тн мах нийслэлийн хүн амын хэрэгцээнд нийлүүлэгдэж байна гэсэн тооцооллыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргажээ. Махны төрлөөр нь авч үзвэл  ямааны мах түлхүү буюу 149.3, адууны мах 22.3, үхрийн мах 101.8, хонины мах 101.9 тн  байгаа аж.

Нийлүүлэгдэж буй махны дийлэнх хувь нь ямаа, хонь, үхрийнх байсан бол мал эмнэлгийн цахим системээр нэвтэрч, гэрчилгээ олгосон газраар тулган шалгахад нийт махны 92 хувь нь Дорнод, Хэнтий, Булган, Завхан, Архангай аймгаас иржээ.

Махыг сэврээж, загсаалгүй нойтноор нь тээвэрлэх зөрчил их байгааг тус газраас анхаарууллаа. Нойтон махыг их хэмжээгээр давхарлаж ачихаар нялцамхай байдал бий болж, улмаар амархан бохирлогдох нөхцөл үүсч махны чанар, аюулгүй байдалд нөлөөлдөг байна.

ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ, ЦЕГ, ШӨХТГ хамтран “Хүчит шонхор“ болон нийслэлийн мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулах зах, худалдааны төвүүдэд  хяналт тандалт хийн ажиллаж байна. Энэ хамтарсан хяналт, шалгалтын ажлын гол зорилго нь иргэдийг гарал үүсэл нь тодорхой, мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнээр хангах, махны хэрэгцээг тасалдуулахгүй байх, хүнсний хомсдол болон үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, мал төхөөрөх үйлдвэрүүдийн нөөцийн махны тоо хэмжээ, мэдээллийг нэгтгэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний бодлогын асуудлыг гаргаж тавихад чиглэгдэж байгаа юм.