Цар тахалтай холбогдуулан хөл хорио тогтоосноор монголчуудын бүхий л ажлаа интернэтээр амжуулж байна. Сурагч, оюутнуудын хичээл, сургалт, лекц, УИХ-ын чуулган, шүүх хурал, худалдаа үйлчилгээ ч цахим орчинд өрнөж байна. Шинжилгээний хариугаа ч цахимаар авдаг болж, бидний интернэт хэрэглээ үсрэнгүй хөгжив. Олон улсад бизнесийн статистик мэдээллээр тэргүүлэгч www.statista.com -оос гаргасан 2018 оны судалгаанд Монгол Улсын интернэтийн хэрэглэгчийн 73% нь зөөврийн болон суурин компьютероос, 25% нь гар утаснаас, 1% нь таблет ашиглан интернетэд холбогдож байгаа гэж дурджээ. Монголд интернэтийн үйлчилгээ эрхлэгчид тасралтгүй 24 цагаар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд интернэтийн үйлчилгээ эрхлэгч томоохон компаниуд үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэн бөгөөд жижиг аж ахуйн нэгжүүд хаалгаа барьжээ. Дотоодод халдвар алдаж, хөл хорионы дэглэмд шилжсэн 2020 оны 11,12 саруудад оны эхэн үетэй харьцуулахад ачаалал 30 орчим хувиар, харин 2019 оны 11,12 сартай харьцуулахад дунджаар 80 орчим хувиар нэмэгдсэн байна.
Зарим орнуудад үүрэн холбоо, интернетийн үйлчилгээг тодорхой хөнгөлөлттэй үнээр хүргэхэд нь зориулж төрөөс нь 10-90 сая ам.долларын татаас болгон олгосон талаар дурджээ. Харин Монголын хувьд өнөөдрийн байдлаар интернэт үйлчилгээ эрхлэгчдэд ямар нэгэн дэмжлэг, урамшуулал үзүүлээгүй байна. Өнгөрсөн оны сүүлийн гурван сард хэрэглэгчдийн утасны яриа 2019 оны мөн үетэй харьцуулахад 8-10% багасч байгаа нь хөл хориотой холбоотойгоор хүмүүсийн ярианы хэрэглээ багасч, харин интернэтээр харилцах нь 1,5-2 дахин өсжээ.
Хэдийгээр цахим хэрэглээ нь цаг зав хэмнэсэн, халдвар хамгааллын дэглэмийг сахихад сайн нөлөө үзүүлж байгаа ч халдлагад өртөх нь эрс нэмэгдсэн саар үзүүлэлт бас гарчээ.
Цахим халдлагуудаас үүдэлтэй хохирлын хэмжээ 2020 онд нэг их наяд ам.доллар хүрснийг АНУ-ын Стратегийн болон олон улсын судалгааны төв, “McAfee” компанитай хамтран хийсэн судалгаа харуулж байна. Цар тахал дэгдсэн нь хэрэглэгч болон бизнесүүдийг "онилох" шинэ боломжуудыг хакеруудад олгосон гэж тайландаа онцолжээ..

АНУ-ын хууль сахиулах байгууллагын тайланд бүхий л төрлийн цахим гэмт хэрэг үйлдэгчид жилд 1.5 их наяд ам.долларын хохирол бусдад учруулж байна. Энэ БНАСАУ-ын нэг жилийн орлоготой дүйцэхүйц хэмжээ юм. Цахим гэмт хэргийн хохирол жил бүр 11 орчим хувиар нэмэгдэж, ирэх 5 жилийн хугацаанд 3-5 их наяд ам.долларт хүрч болзошгүй хэмээн салбарын мэргэжилтнүүд тооцоолсон байна.
Засгийн газрын бий болгосон E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн сангаас төрийн 181 төрлийн лавлагаа, мэдээллийг цахимаар авах боломжтой болсон ч иргэд өөрсдийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах, цахим халдлагаас сэргийлэх нь асуудал боллоо.
Шинэ он гарсаар цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia – д нийслэлийн Архивын газрын 13 үйлчилгээ шинээр нэмэгджээ.
Хөдөлмөр эрхлэлтийн лавлагаа
Орон сууцны холбогдолтой баримтын лавлагаа
Төрийн архивт баримт хадгалагдаагүй тодорхойлолт
Нотариатын баримтын хуулбар
Захирамжлалын баримт бичгийн лавлагаа/захирамж, тогтоол, тушаал, шийдвэр/
Цалингийн тодорхойлолт
Ерөнхий боловсролын сургуулийн Улсын шалгалтын нэгдсэн дүнгийн хуулбар
Шилжилт хөдөлгөөний холбогдолтой лавлагаа
Шүүхийн шийдвэрийн лавлагаа олгох
Акт дүгнэлтийн лавлагаа олгох
Нас барсны бүртгэлийн лавлагаа олгох
Банк санхүүгийн лавлагаа олгох
Цагаатгалын лавлагаа олгох зэрэг үйлчилгээнүүдийг та E-Mongolia-с авах боломжтой боллоо.
Ийм үсрэнгүй хөгжилтэй холбоотойгоор цахим орчны аюулгүй байдал, худалдааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг хурдтай бий болгохыг давхар шаардаж байна.