УИХ удахгүй намрын чуулганаа завсарлуулна. Тиймээс энэ долоо хоногт завсарлахаасаа өмнө заавал хэлэлцэх ёстой хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүд дотор Ш.Адьшаа гишүүний өргөн барьсан Коронавируст халдварын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл багтжээ.
Эрх баригчид сөрөг хүчнээс өргөн барьсан хуулийн төслийг тэр дор нь хэлэлцээд байдаггүй. Энэ удаад Ш.Ардьшаа г өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд орууллаа. Үүнээс үзвэл УИХ намрын чуулганаа завсарлуулахаасаа өмнө уг хуулийн төслийг батлах бололтой. Энэхүү хуулийн төсөл нь хоёрхон хуудас бөгөөд коронавируст халдварын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцдаа халдвар авсан төрийн албан хаагчид гурван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно гэсэн агуулгатай юм. Үүнд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар хуулийн төсөлд тусгажээ.