Непалийн 10 уулчинтай баг өвлийн улиралд дэлхийн хоёр дахь өндөр уул болох К2 оргилд анх удаа гарч дэлхийн дээд амжилтыг тогтоов. Тус багийн гишүүн  уулчин Нимсдай  Пуржагийн хэлснээр тэд орон нутгийн цагаар 17:00 цагт оргилдоо хүрсэн байна.

Тэдний ижил амжилтанд хүрнэ гэж 12 уулчин энэ өвөл 8611 метр ууланд гарсан ч Испанийн нэг уулчин энэ амралтын өдөр унаж амиа алджээ.  Эверестээс 200 метрийн дор байрлах К2 бол Пакистан, Хятадын хилийг дамнан оршдог Каракорамын нурууны нэг хэсэг юм.

8000 метрээс дээш өндөртэй 14 уулын нэг К2 өвлийн улиралд хамгийн эрэлттэйд тооцогддог.

Энэ нь эрт дээр үеэс "Зэрлэг уул" гэж нэрлэгддэг байсан бөгөөд энэ нэр нь АНУ-ын уулчин Жорж Белл 1953 онд хийсэн оролдлогынхоо дараа "Энэ бол чамайг алахыг оролддог зэрлэг уул юм" гэж хэлсний дараа уг нэр гарч ирсэн юм.

Эргэн сануулахад, Монгол Улсын Гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 ууланд амжилттай авиралт хийж 2018 оны долоодугаар сарын 21-ний 11:00 цагт гарсан. Б.Гангаамаа нь дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн болсон. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гуравдахь оролдлого ийнхүү амжилттай болж түүхэн амжилт бүтээсэн билээ.

K2 уулын талаар сонирхуулахад, уг ууланд авирах анхны оролдлогыг 1902 онд Их Британийн уулчин Алейстер Краули, Оскар Экенстейн нар хийжээ. Тэд 68 өдөр буюу хоёр сар гаруйн хугацаанд таван удаагийн дайралт хийж, 6525 метрт хүрч чаджээ. Тэдний туулсан 68 хоногт зөвхөн найман өдөр нь л тэнгэр цэлмэг байсан тухай тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин К2-ын оргилд хүрсэн анхны хүмүүс Италийн уулчин Ачиле Компаньони, Лино Лачеделли нар юм. Тэд 1954 оны долдугаар сарын 31-нд “Зэрлэг” уулыг анх удаа ялжээ. Гэвч тэдний авиралтаас хойш К2 бүхэл бүтэн 23 жил оргилдоо дахин хүн гаргаагүй юм. Олон уулчдын зориг зүрх мохсон он жилүүдийн дараа 1977 онд Японы уулчин  Ичиро Ёшизава К2-ыг эзэлсэн. “Зэрлэг” оргилд хоёр дахь авиралтаа амжилттай дуусгасан анхны уулчин Чехийн Жозеф Раконкай. Түүний хоёр дахь авиралт 1986 оны долдугаар сард тохиосон юм. К2-ын оргилд хүрсэн хамгийн өндөр настай уулчин Испанийн иргэн Карлос Сория Фонтн. Тэрээр 2004 онд 65 насандаа догшин уулын оргилд мөрөө үлдээв.

К2-ыг зорьсон 11 уулчин 2008 онд цасан нурангид даруулж амиа алдсан харамсалтай түүх бий.

Тиймээс К2 цөөхөн уулчдыг тэргүүндээ хүргэсэн догшин, хатуу, харгис уул. Эверестэд гарсан уулчин мундаг. К2-ын оргилыг эзэлсэн бол бүр илүү мундаг.