Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргал коронавирусийн халдвар аваад эмчлүүлж байсан эмнэлгээсээ гарсан хэмээн "Asahi shimbun" мэдээлжээ.
Уг мэдээнд өгүүлснээр Хакухогийн сүүлийн шинжилгээний хариу сөрөг гарсан тул гэртээ үргэлжлүүлэн эмчлүүлэхээр эмнэлгээс гарсан гэжээ.
Их аварга үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдсан тул шинжилгээ өгснөөр нэгдүгээр сарын 5-ны өдөр эерэг гарч, халдвар авсан нь батлагдаж байсан юм.
Дээд зиндаанд 44 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон их аварга ням гарагт Токио хотноо эхэлсэн шинэ оны башёд оролцохоор бэлтгэлээ базааж байжээ.
Коронавирусийн халдвар мөн Сококурайн тэргүүлдэг Арасио дэвжээний сургуульд нэвтэрчээ. Уг дэвжээний 11 бөх, шүүгч, туслахуудын шинжилгээний хариу нь эерэг гарсан байна.