Зөвлөлтийн домогт хоккейчин олимпийн хошой, дэлхийн найм, Европын зургаа, ЗХУ-ын 11, ЗХУ-ын цомын таван удаагийн аварга Валерий Борисович Харламовын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1948 оны нэгдүгээр сарын 14-нд Москва хотод төржээ. Домог №17 амьд сэрүүн байсансан бол энэ жил 83 нас сүүдэр зооглох байж. Домогт хоккейчны төрсөн өдрөөр түүнийг санан дурсацгаая.
Валерий Харламовын эцэг Борис орос үндэстэн бол эх Кармен Ориве Абад нь 1937 онд, 12 настайдаа Испаниас ЗХУ-д дүрвэж ирсэн баск үндэстэн байжээ. Эцэг, эх нь “Коммунар” үйлдвэрт ажиллаж байхдаа бүжгэн дээр анх танилцсан аж.
Борис Харламов үйлдвэрийнхээ хоккейн багийн бүрэлдэхүүнд багтаж, хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог байсан нь хүүд нь маш том нөлөө үзүүлсэн юм. Борис бэлтгэл сургуулилт хийх, тэмцээн уралдаанд оролцохдоо хүүгээ байнга дагуулж явдаг байсан тул Валерий хар багаасаа хоккейн спортод сэтгэл татагдаж, долоон настайдаа мөсөн дээр гарч, гулгаж цохиур залж сурчээ. Эцэг нь хүүгээ 1961 онд нууцаар ЦСКА клубын хоккейн сургуульд дасгалжуулагч Андрей Старовойтовын шавь болгож, Валерий хүү түүний удирдлага дор дөрвөн жил бэлтгэл сургуулилт хийв.
"Михайлов, Петров, Харламов" гурвал.
Тэрээр гарамгай хуурдаг байлаа. Өрсөлдөгч багийнхаа хамгаалагч руу зоригтой дайрч дундуур нь яаж ийгээд гарна гэдгээ мэднэ, биечлэн гоол хийх гэж улайрдаггүй, хамтран тоглогч нартаа оновчтой дамжуулалт өгөхийг илүүд үздэг онцлогтой. Харламов гурвалынхаа тухай ярихдаа “Бид гурав бие биенээ харангуут л ямар үйлдэл хийх гэж байгаагаа ойлгодог. Нэг нэгнээ хараагүй байсан ч санааг нь мэдэрдэг. Нөгөө тоглогч маань дараагийн секундэд ямар дамжуулалт хаашаа хийх гэж байгааг нь би зөнгөөрөө мэдэрч яг тэр цэгт нь дахин очиход шайб яг миний цохиурт хүрээд ирдэг” гэж ярьдаг байлаа. Харламов 1972 онд Японы Саппород хотод болсон өвлийн олимпийн наадмын аварга болохдоо есөн гоол оруулж, долоон оновчтой дамжуулалт өгч, хоёр тоглолтод хет-трек хийсэн.
Тэр жилийнхээ есдүгээр сард Канадын мэргэжлийн хоккейчидтэй хийсэн цуврал тоглолтод гоц тоглож, олон улсын хэмжээнд бүх нийтийн талархал, хүндэтгэлийг хүлээсэн юм. 1974 оны цуврал тоглолтод оролцохдоо хоёрхон шайб оруулсан ч аль, аль нь хоккейн спортын түүхэнд мөнхөрчээ.
Есдүгээр сарын 17-нд Канадын Квебек хотод болсон тоглолтод эсрэг багийн хамгаалагч Ж.К.Трамбле, Пет Степлтон хоёрын дундуур шумбан гарч шайб оруулахад 10 мянга гаруй үзэгч алга ташин баяр хүргэж байсан түүхтэй. 1976 онд Автрийн Инсбрук хотод болсон өвлийн олимпийн наадмын хоккейн тэмцээний аварга баг хамгийн сүүлчийн тоглолтын эцэст тодорчээ. Тоглолтын эхний үед Чехословакийн тоглогчид хоёр шайб хийсэн ч төгсгөлийн үед 3:3 болсон байлаа. Энэхүү эгзэгтэй үед Харламов эсрэг багийн хаалгач Иржи Голечекийн хаалганд шийдвэрлэх шайб хийснээр багаа ялалтад хүргэж, олимпийн хошой аварга болсон юм.
Тухайн үед Харламовын алдар суу дэлхий даяар тархаж, түүнийг цаг үеийнхээ шилдэг тоглогчийн нэг, ЗХУ-ын хоккейн спортын түүхэн дэх хамгийн гарамгай довтлогч хэмээн бахархан бичиж байлаа. Гэвч тэрээр 1981 оны наймдугаар сарын 27-нд эхнэрийн хамт хөнгөн тэргээр явж байгаад осолд орж, өөд болсон билээ. Зөвлөлтийн төдийгүй манай олон мянган үзэгчид, спортын зүтгэлтнүүд түүний үхлийг гай гамшиг гэж гашуудаж байсан юм. Тэрээр 1969 онд ЗХУ-ын гавьяат тамирчин цол хүртэж, 1971, 1972 онд ЗХУ-ын шилдэг хоккейчин, 1976 онд ДАШТ-ий шилдэг довтлогчоор шалгарч байв.
“Домог №17” содон баримтууд
-Тив, дэлхийн АШТ, олимпийн наадамд 123 тоглолтод 89 шайб оруулсан.
-Олимпийн наадмын хоёр алт /1972, 1976/, нэг мөнгөн /1980/ медальтай.
-ДАШТ-ий найм ан удаагийн аврага (1969—1971, 1973—1975, 1978—1979), хоёр мөнгө (19728 1976), нэг хүрэл (1977) медальтай.
-ДАШТ-ий бүх цаг үеийн түүхэн дэх шилдэг довтлогч. 105 тоглолтод 155 оноо авсан. Гэхдээ ДАШТ-ий шилдэг довтлогчоор нэг ч удаа шалгарч байгаагүй аж.
-Европын 1969, 1970, 1973-1975, 1978, 1979 оны аварга, 1971, 1972 оны мөнгө, 1976, 1977 оны хүрэл медальт.
-ЗХУ-ын 11 удаагийн аварга (1968, 1970—1973, 1975, 1977—1981), гурван мөнгөн медальтай (1969, 1974, 1976). ЗХУ-ын АШТ-д 438 тоглож 298 гоол оруулсан. 1971 оны шилдэг мэргэн бууч. ЗХУ-ын цомын тэмцээний таван удаагийн аварга.
-1971, 1972 оны ЗХУ-ын “Оны шилдэг хоккейчин”.
-“Известия” сонины нэрэмжит тэмцээний бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч (40 шайб).
-Олон улсын шайбтай хоккейн холбоо 2008 онд XX зууны шилдэг хойккейчдийн бэлгэдлийн шигшээ багийг тодруулахад нэгдүгээр зургаатад нэрлэгдсэн.
-1998 онд Олон улсын хоккейн холбооны “Алдрын танхим”-д орсон.
-2005 оны арваннэгдүгээр сарын 7-нд В.Третьякийн хамт Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Алдрын танхим”-д орсон. Тэд ҮХЛ-т нэг ч тоглоогүй хэрнээ Алдрын танхимд орсон анхны тоглогчид болж байлаа. Хожим А.Якушев тэдний араас “Алдрын танхим”-д орсон. -ЗХУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, “Алдрын одон”-гоор нэг удаа шагнагдаж байв.
-1969 онд ЗХУ-ын “Спортын гавьяат мастер” цол хүртсэн.
-ОХУ-ын шигшээ багт В.Харламовын 17 дугаарыг мөнхлөн дархалсан. Хүү Александр нь л шигшээ багт 17 дугаартай өмсгөлийг өмсөж байв.