Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан баригдахдаа авлигад авсан мөнгөө оймсондоо нуусан бичлэг олон нийтэд ил болсон. Н.Баярсайхан нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Хэргийг эргэн сануулахад Н.Баярсайханы албан өрөөнд АТГ-аас гэнэтийн шалгалт явуулж улмаар их хэмжээний мөнгө гарсан бичлэг олон нийтэд ил болсон юм. Тус бичлэгт гарсанчлан тэрээр боодол ам.долларыг оймсондоо нуусан байсан нь баригдсан юм. Н.Баярсайхан, Э.Аззаяа нар нь 126 удаагийн үйлдлээр 702 сая төгрөгийн авлига авсан нь тогтоогдсон юм.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах ялыг оноосон юм.
Шүүгдэгч Н.Баярсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Э.Аззаяаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Ш.Тэгванданг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хүртэлх хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Г.Элдэв-Очирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч С.Бүрэнтөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Д.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Н.Баярсайханд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар хураагдсан нийт 831.564.458 /найман зуун гучин нэгэн сая таван зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд Э.Аззаяагийн хэргийг прокурорт буцааж, Н.Баярсайхан , Ш.Тэгвандан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Д.Төмөрбаатар нарын ялыг хэвээр үлдээжээ.