Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээний хэрэгжилтийг зогсоож магадгүй гэсэн мэдээлэл өчигдөр уул, уурхайгаар дагнан бичдэг цахим хуудсанд гарсан билээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоос энэ асуудлаар тайлбар авснаа хүргэж байна.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго “Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах зорилготой ажлын хэсгийг 2019 оны арванхоёрдугаар сард байгуулаад ажиллаж байна. Далд уурхайн бүтээн байгуулалт нь Монгол Улсад эдийн засгийн үр өгөөж авчирна гэж Засгийн газар үзэж байгаа. Гэхдээ 2020 онд танилцуулсан шинэчилсэн ТЭЗҮ-ийн санхүүгийн тооцооллоос харахад үр өгөөж нэлээд буурахаар байгаа. Тодруулбал, Далд уурхайгаас Монгол Улс 2051 он хүртэл ноогдол ашиг хүртэхгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог “Рио Тинто” компани Засгийн газарт өгсөн. Үүнээс гадна Оюутолгой ХХК ААН-ийн орлогын татварыг 2051 он хүртэл ердөө дөрвөн жилд нь төлөхөөр тооцоог өгсөн байгаа. Компани 40 жил үйл ажиллагаа явууллаа гэхэд дөрөвхөн жилд нь ААН-ийн орлогын албан татвар төлнө гэдэг бол маш чамлахаар үзүүлэлт. Тиймээс “Ногдол ашиг авахгүй, дээр нь татварын орлого хүртэл буурч байгаа нь Монгол Улсын ашиг сонирхолд нийцэхгүй, энэ асуудлыг эргэж ярих хэрэгтэй байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагч талд явуулаад байна.

Төсөл Монгол Улсад ашигтай байх ёстой, бас нэгэнтээ л Монгол Улсын газар нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байгаа учраас татварын орлогоо хуримтлуулах хэрэгтэй. Татварын асуудал нэг тийшээ шийдэгдэнэ, энэ хооронд далд уурхай ашиглалтад орж, дэлхийн хэмжээний уурхай Монгол Улсад үйл ажиллагаа явуулах болов уу гэсэн хүлээлттэй байна.

УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын хийх ёстой үндсэн ажил. Тиймээс тогтоолын хэрэгжилтэд анхаарч ажиллаж байна. 92 дугаар тогтоол нь 2015 онд батлагдсан “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г Монгол Улсад ашиггүй байна гэж үзэж, засаж сайжруулах үүргийг Засгийн газарт өгсөн утгатай тогтоол юм. Тиймээс үүнтэй холбоотойгоор тодорхой санал, шаардлагуудыг хөрөнгө оруулагч талд тавиад явж байна. Яриа хэлэлцээр үргэлжилж байгаа. Нөгөө талаас Оюутолгойг зогсоох хэмжээнд хүртэл хурцдахгүй болов уу гэж бодож байна. Ер нь бол Оюутолгой төслийг зогсооно гэсэн байр суурийг Засгийн газар илэрхийлээгүй. Гэхдээ Оюутолгой төсөл Монгол Улсад ашигтай юу, үгүй юу гэдгийг нухацтай ярих шаардлага үүссэн нь бол үнэн. “Рио Тинто” компанийн өөрийн боловсруулж өгсөн санал бол манай улсад өгөөж маш багатай байгаа. Тиймээс засаж сайжруулах ёстой гэдэг байр суурин дээр байгаа.

Төсөл Монгол Улсад ашигтай байх ёстой, бас нэгэнтээ л Монгол Улсын газар нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байгаа учраас татварын орлогоо хуримтлуулах хэрэгтэй. Татварын асуудал нэг тийшээ шийдэгдэнэ, энэ хооронд далд уурхай ашиглалтад орж, дэлхийн хэмжээний уурхай Монгол Улсад үйл ажиллагаа явуулах болов уу гэсэн хүлээлттэй байна.

“Рио Тинто”, “Туркойз хилл” компанийн зүгээс асуудал төслийг зогсоох хэмжээнд хүрсэн гэж хэлээгүй, бидний зүгээс ч тийм байр суурь илэрхийлээгүй. Дэмжиж ажиллана гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.

Ер нь 2015 онд “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г баталж байхдаа УИХ, Засгийн газар далд уурхайг 2021 оны нэгдүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэсэн ойлголт, хүлээлттэй байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр далд уурхай ашиглалтад орчихсон байх ёстой байсан. Шинэчилсэн ТЭЗҮ-ээр энэ хугацаа  2022 оны аравдугаар сар болж хойшилсон байгаа.

Төслийн үр өгөөжийг бууруулж байгаа хэд, хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн. Хөрөнгө оруулалтын зардал өсөх тусам Монгол Улсын ноогдол ашиг авах хугацаа хойшилдог. Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал анх төлөвлөснөөсөө 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдчихээд байгаа. 5.3 тэрбум гэж байсан юм.

Дэлхийн хэмжээний ийм уурхай Монгол Улсад үйл ажиллагаа явуулна гэдэг манай улсад ашигтай. Тиймээс Засгийн газар төслийн хэрэгжилтийг дэмжиж ажиллаж байгаа. Гэхдээ мэдээж үр ашгийн тал дээр үнэхээр өгөөжгүй бол энэ чигээр нь цааш явуулахад хэцүү. Тиймээс гэрээг сайжруулах тал дээр ажиллаж байна.

Оюутолгойн бүтээн байгуулалтын зардлын зарим хэсгийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг. Төслийн санхүүжилт хэлбэрээр 4.4 тэрбум ам.долларын эх үүсвэрийг хөгжлийн банкууд болон бусад санхүүгийн байгууллагаас бүрдүүлсэн. “Туркойз хилл ресурс” хөрөнгө оруулагчдын зээл хэлбэрээр долоон тэрбум орчим ам.доллар босгосон. Нийтдээ 11 тэрбум орчим ам.долларын зээлтэй компани юм. Энэ зээлийн хүүнд бас асар их зардал гаргаж байна. Дээр нь “Оюутолгой” ХХК-д “Рио Тинто” менежментийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ үйлчилгээний төлбөрөө хөрөнгө оруулалтын хэмжээнээс хувь тооцож авдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын зүгээс менежментийн үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэлтэй илүү уялдуулах, зээлийн хүүг бууруулах гэсэн шаардлага тавьсан. Мөн менежментийн үйлчилгээ үзүүлж байгаа багийн ажлын үр дүнг сайжруулах, зардлын хэтрэлтийг багасгах тал дээр илүү үр дүн гаргаж ажиллах боломжийг судлаач гэсэн санал тавьсан. Манай авах ашиг хойшилж байгаа нь зардлын хэтрэлттэй холбоотой тул яагаад хэтэрсэн бэ гэдгийг тогтоох тал дээр хөндлөнгийн дүгнэлт гаргуулья гэсэн саналыг мөн тавиад байгаа. Мэдээж энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газар дангаараа шийдэхгүй. Тиймээс асуудлыг Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд ТУЗ-д ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Энэ ажлын хэсэгт Монголын талын хоёр, “Туркойз хилл ресурс”-ын хоёр гишүүн ороод хөндлөнгийн шинжээч томилуулах чиглэлд ажиллаад эхэлсэн байгаа. Ойрын зургаан сардаа багтаад дүгнэлт гарна гэсэн хүлээлттэй байна. Зардал яагаад хэтэрсэн бэ гэдэг нь тэр үед илүү тодорхой болох байх. Ер нь бол далд уурхайн хэрэгжилт хугацаандаа амжихгүй, зардал нэмэгдсэнийг хөрөнгө оруулагчдадаа цаг тухайд нь хэлэлгүй төөрөгдүүлсэн гэсэн асуудал гадаад талдаа яригдаж, хууль шүүхийн хэмжээнд оччихоод байгаа юм билээ.  АНУ, Английн үнэт цаасны зохицуулах хорооноос энэ асуудлыг тодорхой гомдлуудын хүрээнд судалж, хянаж шалгах ажил эхлүүлсэн гэсэн мэдээллийг Засгийн газар авсан.

Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт яаж гарахыг хэн ч мэдэхгүй. Хийсвэрээр нэмэгдүүлсэн үү, үнэхээр геологийн нөхцөл байдлаас болсон уу гэдгийг шинжээчийн дүгнэлтээр л тогтооно. Тиймээс хариу гарахыг хүлээж байна. Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 хувь нь далд уурхайд байгаа. Компани одоогийн байдлаар Монгол Улсын нийт зэсийн экспортын талыг дангаараа бүрдүүлж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой байна. Далд уурхай ашиглалтад орсноор олборлолтын хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт бичигдэнэ гэсэн хүлээлт бий. Дэлхийн хэмжээний ийм уурхай Монгол Улсад үйл ажиллагаа явуулна гэдэг манай улсад ашигтай. Тиймээс Засгийн газар төслийн хэрэгжилтийг дэмжиж ажиллаж байгаа. Гэхдээ мэдээж үр ашгийн тал дээр үнэхээр өгөөжгүй бол энэ чигээр нь цааш явуулахад хэцүү. Тиймээс гэрээг сайжруулах тал дээр ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс мөн энэ асуудал дээр хамтарч ажиллахаа илэрхийлсэн байгаа. Асуудал нааштай шийдэгдэнэ гэж харж байна” гэлээ.