Хорио цээрийн глобал сургамж

Манай улс “Ковид-19”-ийн улмаас гаргаад байсан бүх нийтийн гамшгийн бэлэн байдлаа сулруулаад байна. Хүн амаа вакцинжуултал бид нийтийн дунд цар тахал тархахаас сэргийлэх, эрүүл мэндийн салбарын ачааллыг хэт нэмэгдүүлэхгүйгээр нас баралтын тоог бага байлгах, эрсдэл багатай даван туулах шаардлага байгаа билээ.

Цар тахлын туршлага

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс олон улсад нэр хүнд бүхий “Эрүүл мэндийн бодлого” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2020 оны 11-р сарын 7-ны өдрийн 396-р дугаарт нийтлэгдсэн “KОВИД-19 цар тахлын хорио цээрийн дэглэмийг сулруулснаас үүдэн гарсан сургамж: Ази Номхон Далай, Европын бүсийн  орнуудын туршлагад хийсэн дүн шинжилгээ” сэдэвт судалгааны өгүүллийг орчуулжээ. Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэл нь Сингапур, Норвеги, Словени, Англи, Хонгконг, Солонгос, Испани, Мозамбек, Герман, Шинэ Зеланд улсын нэр хүнд бүхий их дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн 17 эрдэмтний хамтарсан бүтээл юм.  Судалгаанд цар тахал өргөн хүрээнд, хурдацтай тархсан 9 оронд хорио цээрийн дэглэмийг тогтоох болон сулруулах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлсэн талаар судлаж, үр дүнг нь харьцуулан, зөвлөмж гаргасан байна.

Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүх нийтийн бэлэн байдал, хөл хорионы дэглэмийг сулруулахын тулд бусад орнуудын туршлага, сургамжийг судлах, цаашид авах авах арга хэмжээг төлөвлөхдөө анхааран үзэх шаардлага байгааг харгалзан энэхүү судалгааны мэдээллийг орчуулан шийдвэр гаргагчдад хүргүүлжээ. Уг судалгаанаас Олон нийтийн оролцооны тухай хэсгийг хүргэж байна.

Олон нийтийн оролцоо

Нийгмийн үйл ажиллагааг эргээд хэвийн байдалд оруулахад иргэд олон нийт өөрсдөө идэвхтэй оролцож, халдвараас өөрсдийгөө сайн хамгаалах шаардлагатай. Эрх баригчид ч бодит нөхцөл байдал дээр тэдний гаргасан шийдвэр хэрхэн хүмүүст хүрч байгааг сайн ойлгож тэдний гаргаж буй зөвлөмж, мэдээлэл нь үнэн зөв байхад анхаарах хэрэгтэй. Хүн хоорондын аюулгүй зайг барьж, эрсдэлтэй нөхцөлд  зарим байгууламжийг нээхгүй байх арга хэмжээг дэлхий даяар авч байна.

Хүн хоорондын аюулгүй зайг Норвеги, Сингапур, Хонконгд 1 метр, Герман Испани-д 1.5 метр, Япон, Солонгос Англид 2 метр гэж тус тус тогтоосон байна. Шинэ Зеландад олон нийтийн газарт 2 метр, сургууль, ажлын байранд 1 метр зайтай байхыг зөвлөж байна. Шинэ Зеландад зарим хүмүүсийг өөр хоорондоо ойр байхыг хамгийн анх зөвшөөрсөн ба үүнийг “Social bubble Model” хэмээдэг байна. Хөл хорионы үед ойр байх шаардлагатай хэсэг бүлэг хүмүүс  буюу гэр бүл ойр дотны найз нөхдийг хамт байхыг зөвшөөрсөн энэ санааг Англид 2020 оны 6 дугаар сараас мөн авч хэрэгжүүлжээ.       

 

Амны хаалтыг хүлээн зөвшөөрөв

Улс орнууд нүүрний хаалт буюу маск зүүх тал дээр ялгаатай хандаж байна. Хонконг, Япон, Өмнөд Солонгос улсуудад амьсгалын замын өвчтэй хүмүүс цар тахал гарахаас өмнө ч улирлын чанартай вирус эсвэл агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор маск зүүдэг байсан. Харин бусад улс орнуудын хувьд энэхүү туршлагыг хэрэгжүүлэхдээ удаан байлаа.  Сингапурт өвчлөөгүй бол маск зүүхгүй байж болохыг зөвлөж байсан ч 2020 оны 4-р сараас эхлэн хүн бүр гадуур явахдаа заавал маск зүүхийг үүрэг болгож ард иргэдээ олон удаа хэрэглэх даавуун маскаар хангасан байна. Сүүлийн 5 сарын хугацаанд Герман, Испани улсууд нь  нийтийн тээврийн хэрэгсэл, дэлгүүр зэрэг зай барих боломжгүй газруудад, Их Британид олон нийтийн газарт, Норвегид насанд хүрэгчид, залуучууд нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт зүүхийг шаардаж байна. Харин Шинэ Зеланд улс заавал амны хаалт зүүхийг зөвлөхгүй байна. Амны хаалтны хэрэглээний талаарх янз бүрийн эргэлзээтэй мэдээллүүд, эргэж буцсан шийдвэрүүд нь олон нийтийг төөрөгдүүлж, улс орнууд шууд авч хэрэгжүүлэхэд түвэгтэй байдал үүсгэсэн юм. 

Сургуулиудыг нээх хандлагатай байна

Судалгаанд хамрагдсан орнуудад  ерөнхий боловсролын сургууль болон ажлын байранд халдвараас урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээг авчээ. Улсууд аль болох гэрээсээ ажиллахыг илүүд үзэж, заавал ажлын байран дээрээ ажиллах шаардлагатай бол эрүүл ахуйн дүрэм журмыг дагаж мөрдөхийг зөвлөсөн байна. Сингапур, Өмнөд Солонгос  улсуудад ажлын байран дахь  урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, ажилчдын эрүүл мэндийг тогтмол хянах үүрэг бүхий менежерийг томилж ажиллуулсан байна. Азийн орнуудад ажлын байр, сургууль дээр амны хаалт зүүх, халуун хэмжих ажлыг хэвшүүлээд байна. Сургуулиуд сурагчдаа үе шаттайгаар эргүүлэн хичээлд нь оруулсан бөгөөд улс орон, бүс нутгуудад ямар насныханд илүү ач холбогдол өгч байгаа нь  өөр өөр байна. Сингапур, Өмнөд Солонгос, Герман зэрэг улсуудад хичээлийн тасалдлыг багасгах зорилгоор ахлах ангийнхан  сургалтаа түрүүлж эхэлсэн байна. Харин Шинэ Зеланд, Норвеги, Англи улсуудад бага насны хүүхдүүд, тухайлбал бага сургуулийн хичээлийг эхлүүлсэн байна. Гэхдээ энэ нь хүүхдүүдийн боловсролыг илүүд үзсэн үү  эсвэл эцэг эхчүүдэд ажилдаа эргэж орох боломжийг олгохыг чухалчилсан уу гэдэг нь  тодорхойгүй  гэжээ.

Өрнө ба дорно: Хандлагын зөрүүнээс харуцлагын зөрүү

Covid 19-ийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээг зогсоохдоо цар тахлын өмнөх энгийн байдал руугаа шууд орох биш харин аажмаар, болгоомжтойгоор шинэ амьдралын хэв маяг руу шилжих, шаардлагатай тохиолдолд арга хэмжээг дахин авахад бэлэн байх ёстой. Гэвч улс орнууд эдгээр ижил төстэй арга хэмжээг авах цар хүрээ, хурд, эрчимтэй байдлаараа ялгаатай байгаа нь Ази болон Европын улс орнуудын жишээн дээрээс ажиглагдаж байна. Жишээ нь, Японоос бусад маш олон Азийн орнууд тархалт гарч эхэлмэгц хурдан хугацаанд олон хүнийг хамарсан шинжилгээ болон ажиглалт хийж,  Covid-ийн зөвхөн хүндэрсэн тохиолдол биш харин илэрсэн бүх тохиолдлуудыг тусгаарлаж, мэдээллийн технологийн тусламжтайгаар маш сайн хяналт шалгалт хийж чадсан бол Германаас бусад ихэнх Европын орнууд эдгээр арга хэмжээг нэлээд хожуу хэрэгжүүлсэн юм. Түүнчлэн Азийн орнуудад ихэвчлэн эмнэлгийн байгууллагад тусгаарлаж байсан бол Европт гэртээ тусгаарлагдахыг зөвлөж байжээ. Мөн Азид бусдын аюулгүй байдлын төлөө нийтээрээ амны хаалт зүүж хэвшсэн байсан бол Европт тэгж чадаагүй юм.

Эдгээр ялгаанууд нь улс орнууд өмнө нь туулж байсан цар тахлын үеийн туршлага, өнөөдрийн хямралыг хүртэл олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн эдийн засгийн бодлогууд нь ямар байдгаас шууд хамаарч байгаа юм. Олон арван жилийн турш Европын олон орнуудад хэрэгжсэн эдийн засгийн хэмнэлтийн бодлого нь эмнэлгийн салбар болон нийгмийн хамгааллын чадавхыг маш ихээр доройтуулжээ. Эсрэгээрээ, 2003 онд гарсан SARS, 2015 гарсан MERS зэрэг тахалт өвчнууд Азийн олон орнуудыг дайрснаар эдгээр орнууд эмнэлгийн салбараа бэхжүүлэхийн төлөө хөрөнгө  оруулж, тахалт өвчин гарах үед хүн амыг хамгаалахын тулд нийгмийн эрүүл мэндийн дэд бүтцийг маш сайн болгосон юм. Мөн тахалт өвчин өмнө нь гарч байсан орнуудын иргэд халдварт өвчин гарч байгаагүй орны иргэдийг бодвол хатуу хөл хорио, эрчимтэй тандалт судалгааг сайн биелүүлж байсан ба хувь хүний эрх ашгийг хойш тавьж, нийтийн сайн сайхныг нэгдүгээрт тавихыг зөвшөөрч байсан юм. Хэдийгээр өнөөдрийн байдлаар COVID19-ийн цаашдын хандлага тодорхойгүй байгаа ч, улс орнууд хамгийн муу байдалд бэлдэж төлөвлөх хэрэгтэй. Одоо ч гэсэн дараах туршлагуудыг авч хэрэгжүүлэхэд оройтоогүй билээ.

Гурван зүйлт зөвлөмж:

Нэгдүгээрт, энд дурьдсанчлан, улс орнууд өвчний тархалтыг цаашид судлан, судалгаан дээр үндэслэн тархалтын аль хүчин зүйлүүдийг хамгийн чухалд тооцох тухай маш тодорхой төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Энэ төлөвлөгөө нь хөл хориог ямар зэрэгт суллах, дэглэмийн дараагийн шат руу хэзээ орох эсэх, мөн бүх шатанд авах тусгаарлалтын арга хэмжээг тодорхой болгох ёстой юм.

Хоёрдугаарт, улс орнууд өвчний тархалтыг нарийн хянах сайн системтэй болтлоо хязгаарлалтын арга хэмжээг цуцлахгүй байх хэрэгтэй. 

Гуравдугаарт, халдварыг намжаах арга хэмжээг тодорхой хугацаанд үргэлжлүүлэх хэрэгтэй. Жишээ нь, Шинэ Зенландад анх санаачилсан “Social Bubble” нь хүмүүсийн хоорондын харилцааг цөөн хүний хүрээнд болгон хумиж зөвшөөрснөөр  халдварыг бууруулах давуу талтай. Мөн амны хаалт нь хүнээс хүнд халдварлах халдварыг бууруулах нь нотлогдсон бөгөөд Германы нэг судалгаанд амны хаалт нь нэг өдрийн халдварын хэмжээг 40-60%-аар бууруулсан байна гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)