БНХАУ-ын “Синовак” компанийн хөгжүүлж буй ковид-19 өвчний эсрэг вакцин Бразилд хийсэн эмнэлзүйн туршилтаар 50.4 хувийн үр үзүүлжээ. Энэ нь зөвшөөрөгдсөн бусад вакцинаас доогуур үзүүлэлт юм. Бразил дахь туршилтыг зохион байгуулж буй Бутантан институтын эрдэмтэд эхлээд вакцины үр дүнг 78 хувь гэж зарласан ч судалгааны зарим үзүүлэлтийг эцсийн үр дүнд оруулаагүй болохыг олж мэдсэн байна. Орхигдсон үзүүлэлтийг оруулж тооцоход үр дүн 50.4 хувь болж буурч байгаа аж.
“Синовак”-ийн вакцин нь вирусийн үхмэл хэсгийг ашиглаж дархлаа үүсгэдэг бөгөөд улс бүрт харилцан адилгүй үр харуулж байна. Туркт явуулсан туршилт 91.25 хувьтай гарсан бол Индонезид 65.3 хувийн үр дүнтэй гарчээ.