Засгийн газар ээлжит бусаар хуралдаанаар айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг 2020.12.01-нээс 2021.07.01 хүртэл чөлөөлөх шийдвэрийг гаргаад буй билээ.
Усны төлбөрийг тэглэсэнтэй холбогдуулан Хот суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өнөөдөр /2021.01.13/ мэдээлэл хийлээ.
Тус зөвлөлийн мэдээлснээр хөл хорио тогтоосонтой холбоотойгоор усны хэрэглээ нэмэгдсэн байна. Тодруулбал, нэг өрхийн усны хэрэглээ 4-6 хувиар өссөн байна. Ирэх хоёрдугаар сараас эхлэн усны хэрэглээ өсөх хандлагатай байгаа нь Цагаан сарын баяртай холбон тайлбарлав.
Нэг өрхийн дундаж хэрэглээ хоногт 80-100 литр ба найм, ес, арванхоёр, хоёрдугаар сард усны хэрэглээ өсдөг байна. Энэ нь хичээл, сургууль орох, баяр ёслолын өдрүүдтэй холбоотой байдаг аж. Хөл хорионы үед усны хэрэглээ өссөн ч төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулахыг албаны хүмүүс мэдээлэв. Гэхдээ хэтэрсэн хэрэглээнд хяналт тавих ба үйлдвэрийн зориулалтаар ашиглах, өөр зориулалтаар ашигласан бол илүү төлөлтөө иргэд төлөх юм байна. Өөрөөр хэлбэл, ахуйн болон ундны усны төлбөрийг хөнгөлж байгааг тодотгов. Харин үйлдвэрийн зориулалттай аж ахуй нэгжүүдийн усны хэрэглээ, төлбөр айл өрхүүдээс ялгаатай гардгийг мэдээлэв.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь "Төрөөс ус, дулааны мөнгийг төлөх болсон шийдвэрийн хүрээнд 2020 оны арванхоёрдугаар сарын гүйцэтгэлийг улс орон даяар гаргаж дууслаа. Тус сард цэвэр бохир усны төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаар 728,123 өрх, 27,800 гаруй ААН байгууллага судалгаанд тусгагдсан. Арванхоёрдугаар сарын усны хөнгөлөлт чөлөөлөлтөд 11 тэрбум орчим төгрөг орох тооцоо гарлаа. Энэ мөнгийг Сангийн яамаар дамжуулан Ус сувгийн удирдах газар зэрэг усны төлбөр тооцоо хариуцдаг байгууллагуудад энэ сардаа багтааж шилжүүлэхээр тооцож байна. Арванхоёрдугаар сар бол усны өндөр хэрэглээтэй сар биш. Гэхдээ цар тахалтай холбоотойгоор иргэд гэртээ ихэнх цагийг өнгөрөөж байгаа тул судалгаагаар нэг хүний хоногийн хэрэглээ 4-6%-аар өссөн харагдлаа. Айл өрхүүд хариуцлагатай байж тухайн заасан хугацаандаа тоолуурынхаа заалтыг өгөх хэрэгтэй" хэмээв.