Оюутны суралцах боломжийг нэмэгдүүлж, дээд боловсролын чанар, стандартыг сайжруулах зорилгоор 2018 оноос эхлэн Боловсролын зээлийн сангаас “Оюутан хөгжлийн зээл” олгож эхэлсэн билээ.

Гэвч өнгөрсөн хавраас эхлэн боловсролын зээлийн сангаас санхүүжилт орж ирэхгүй гацсан учир ихэнх сургуулийн оюутнууд хичээл сонголтоо хийж чадахгүй, сургууль завсардахад хүрч байсан юм. Харин зарим сургуулийн захиргаа дотооддоо зохицуулалт хийж, оюутнуудад хичээлээ судлах боломж олгосон. Тухайлбал, МУИС-д оюутан хөгжлийн зээлээр суралцдаг оюутнууд өнгөрсөн улиралд зээлийн гэрээ хийж, хичээлээ сонгож үзсэн байна. Гэвч өнөөг хүртэл Боловсролын зээлийн сангаас санхүүжилт орж ирээгүй учир Монгол Улсын их сургууль Оюутны хөгжлийн зээл, Буцалтгүй тусламжаар суралцсан оюутнуудыг төлбөрөө дөрөв хоногийн дотор төлөөд, дипломоо авахыг шаарджээ.

Тодруулбал, тус сургуулийн  захиргаа “Монгол улсын их сургууль зээлийн хүсэлт гаргасан оюутнууддаа хичээл сонголт хийх, баталгаажуулах эрхийг нь нээн өгч, суралцах боломжоор хангасан боловч уг боловсролын зээлийн санхүүжилт өнөөдрийн байдлаар олгогдоогүй гэсэн байна.  2019-2020 оны хаврын болон 2020-2021 оны намрын хичээлийн жилд Оюутны хөгжлийн зээл, Буцалтгүй тусламжаар суралцсан төгсөх курсийн оюутнуудыг сургалтын төлбөрөө дөрөв хоногийн дотор буюу 2021.01.15-ний дотор төлөх, төлөөгүй тохиолдолд төгсгөх боломжгүй” гэж мэдэгдсэн байна.

Тиймээс эцэг, эхчүүд дөрөв хоногийн дотор хоёр улиралын төлбөр төлөх амаргүй шаргууртай нүүр тулжээ. Боловсролын зээлийн сангаас ямар арга хэмжээ авах талаар нь тодруулахад хариулт өгөх боломжгүй гэв.