Бурхан болсон даатгал

Монголд бурхангүйгээр болдог зүйл нэгээхэн ч үгүй билээ. Шинжлэх ухаан ямар ч хамаагүй. Ээж, аав бүр  падлийгүй. Хүүхэд төрвөл бурхны явуулсан бэлэг  бол хорвоогоос хальвал бурхан буцаагаад авсан хэрэг болно. Хүүхдэд нэр өгөхөөс эхлээд, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шав тавихад ч бурханы “оролцоогүйгээр” явахгүй. Монголын хамгийн гол үнэт зүйлс бол хүн. Түүний боловсрол гэх хэр нь элсэлт, төгсөлтийн шалгалтын дараа элс, будаа гээд бурхны шашны зан үйлийн эд зүйлс танхимд хөглөрсөөр үлддэг нь үгүйсгээд өгнө.

Бүгд бурхан бус эмч, сүсэг бишрэл бус шинжлэх ухаан аварна гэж ёс мэт хэлдэг хэр нь хэлсэнийхээ яг эсрэгээр нь хийнэ. Хүнд хагалгаанд лам багшийн хэлсэн өдрөөр орж, амжилттай болвол нойр, хоолоо хугасалсан эмч бус лам багш, эрүүл мэндийн даатгал бус лам багшийн даатгасан уншлага тус болдог нь харамсалтай. Эрүүл мэндийн даатгалд нийт хүн амын 80-90 хувь нь хамрагддаг хэр нь жилийн эхэнд заслаа хийлгэхгүйгээр амбан явж, гамбир хайрахгүй. Хийморийн сангүйгээр хэвийн явдаг нь ховор.

Хавдар, зүрх, судасны өвчлөлөөр нас баралтаар дэлхийд өндөрт тооцогддог Монголд Эрүүл мэндийн даатгалаар ач тусаа өгч байна уу гэсэн асуулт байнга тавигддаг ч хариулт нь хасах талдаа байнга шахуу гарна. Хэдийгээр Эрүүл мэндийн даатгалаар улсын эмнэлэгт авч болох үйлчилгээ мундахгүй олон ч оочер дараалал, тоног төхөөрөмжийн дутмагаас тэр болгон авч чаддаггүй аж. Хэрэвзээ тэр бүхнийг алгасая гэвэл нэг бол хувийн эмнэлэгт өндөр зардал гарган эмчлүүлэх, эсвэл танил талаа хайх хэрэг гарна.

Хамгийн сүүлд гэхэд ХСҮТ-ийн эмч хорт хавдартай өвчтнөөс гурван сая төгрөг нэхсэн хэрэг шуугиан тарьж байна. Энэ хэрэг ил болсны дараа буюу 2021 оны нэгдүгээр сарын 11-нд Эрүүл мэндийн даатгалын газрын шийдвэр гарч өндөр өртөгт хэрэгслийн иргэний төлөх 25 хувийн төлбөрийг авахгүй болсон шийдвэр гарсан ч асуудал бүрэн дүүрэн шийдэгдэхгүй.

Нийтлэг нэгэн жишээ: Иргэн Ш-ийн түүх

Би 2018.3 сараас 2019.2.22 хүртэл хөхний хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа 38-58 насны 12 эмэгтэйг төлөөлж байна. Бид 15-35 жил улсад ажиллаж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар төлсөн эмэгтэйчүүд байгаа. Би боловсролын салбарт 35 жил ажиллаж байгаа багш хүн. Би 2018.3.24-нд Хавдар судлалын үндэсний төвд онош тодруулахаар очсон ч ачаалал ихтэй тул үзүүлэх ээлжээ 20-иод хоног хүлээх болсон. Хугацаа алдахгүйн тулд аргагүйн эрхэнд “Интермед” хувийн эмнэлэгт үзүүлэн хагалгаанд орж, баруун хөхдөө үсэрхийлсэн 17 булчирхайг түүлгэж, 8 удаагийн химийн эмчилгээг хийлгэсэн. Нийт 30 сая төгрөг төлсөн. Сарын дараа туяа эмчилгээг хийлгэх байсан тул арваннэгдүгээр сарын эхээр Хавдар судлалын үндэсний төвд дахин очсон ч дахиад л сарын сүүл хүртэл оочир хүлээх хэрэгтэй болсон. Хугацаа алдахгүйн тулд тус төвд нэмэлт төлбөр 220 мянган төгрөг төлөөд, туяа эмчилгээнд орохоор болсон. Туяа эмчилгээний өмнө 48 цагийн дараа гарах тодосгогчтой цээжний хөндийн эхог хийлгэхэд 482 мянган төгрөг төлсөн. Мөн Нэгдсэн 1-р эмнэлэгт ясны шинжилгээ өгөх болсон ч 2 сарын 6 хүртэл ямар ч дугаар байхгүй байсан. Хугацаа алдахгүйн тулд 80 мянган төгрөг төлсөн. Тэгээд туяа эмчилгээг хийлгэхийн тулд тодосгогчтой тэмдэглэгээ хийлгэхэд 80 мянган төгрөг тушаасан. 25 удаагийн туяа эмчилгээнд орох хооронд хавдрын туяаны аппарат 3 удаа эвдэрсэн. Уг аппарат маш хуучирсан, ОУ-д 2013 оноос хойш ашиглахаа больсон гэж байсан. Энэ хооронд 10, 10 хоногийн зайтай цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөх шаардлагатай болсон ч Хавдар судлалын үндэсний төвийн бодис нь дуусчихсан учир хувийн эмнэлэгт 8 мянгаар 3 удаа төлбөртэй шинжилгээ өгсөн. Туяа эмчилгээг арванхоёрдугаар сарын 28-нд дууссан ч суга хэсэг улайж үрэвссэн ба туяанаас болж үүссэн 2-р зэргийн түлэгдэлт байсан учир гэрээр эмчлэх болж, эм, тариа авахад нийт 320 мянган төгрөг зарцуулсан. Хавдар дахих магадлал өндөр тул 21 хоногийн давтамжтай 2 тариаг жилийн хугацаанд хийлгэх болсон. “Монос” ХХК оруулж ирдэг, Шведийн 4 сая төгрөгийн үнэтэй тариаг авах мөнгөгүйн улмаас эм уух болсон. “Монос” ХХК оруулж ирдэг, 30 ширхэг нь 139 мянган төгрөгийн үнэтэй гормоны эмийг авч уусан. Тариа хийлгэх мөнгөгүй учир үүнийг 5 жил уухаас өөр аргагүй. Гэвч бодит амьдрал дээр уг даатгал миний эрүүл мэндэд учрах эрсдлийг хааж чадахгүй байна.

"Эрүүл мэндийн даатгалын хуулийн хэрэгжилт, тогтолцоо" хэлэлцүүлгийн видео мэдээллээс

Энэ бол даатгуулагчид тохиолддог нийтлэг нэгэн жишээ. Хэдийгээр "Иргэн хувийн эмнэлгээр үйлчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх зардлын хэмжээг нэмэгдүүлж, иргэнд учрах төлбөрийн дарамтыг бууруулна. Өндөр өртөгтэй компьютер томограф, MRI зэрэг оношилгоо, зарим мэс заслын төлбөр зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх" зорилт дэвшүүлж 12 хорт хавдрын химийн эмчилгээ, хорт хавдрын өдрийн туяаны эмчилгээ, өндөр үнэтэй эм, хэрэгсэл тодорхой хэмжээгээр даатгалд багтах болсон ч улсын эмнэлгийн ачааллаас шалтгаалан яаралтай тохиолдолд энэ боломжийг иргэд эдэлж чадахгүй байгааг дээрх иргэн Ш-ийн жишээ хэлээд өгнө.

Ийм л шалтгаанаар хүнд өвчин туссан олон тооны иргэд эх орондоо эмчлүүлж чадахгүй амь насаа алдаж, боломжтой цөөхөн нь гадаадад эмчлүүлж, зарим нь аргаа ядахдаа хандивын аян өрнүүлж, тэднээс цөөхөн нь хөрөнгө цуглуулж эмчлүүлж чаддаг, үлдсэн нь дээшээ тэнгэр хол ч бурхандаа залбирсаар өөд болдог болжээ.

Хэнд хэрэгтэй даатгал вэ?

Судалгаанаас харвал, эрүүл мэндийн даатгалын нийт даатгуулагчдын 58.2 хувийг төрөөс төлбөрийг нь хариуцаж байгаа хэсэг буюу хүүхэд, цэрэг, жирэмсэн болон ахмад настнууд гэхчлэн эзэлж байна. Энэ хэсгээс Эрүүл мэндийн даатгалын санд оруулсан орлого нь Сангийн нийт орлогын 11.2 хувийг бүрдүүлдэг бол ажил эрхлэгчид нийт даатгуулагчдын 25.7 хувийг эзэлдэг ч Сангийн орлогын 80.5 хувийг бүрдүүдэг байна. Нөгөө талаар, орлогын 11.2 хувийг бүрдүүлэгч төрийн шимтгэлийг нь хариуцах даатгуулагчид Сангийн зардлын санхүүжилтийн 58.4 хувийг хүртсэн байхад орлогын 80.5 хувийг бүрдүүлсэн ажил эрхлэгч даатгуулагчид Сангаас зарцуулсан нийт зардлын 14 хувийг л хүртсэн байна. 80-90 хувьтай даатгуулдаг хэр нь ийм л ядмаг үйлчилгээг өнөөдөр хүртэж байна.

ЭМД-ыг бүрэн дүүрэн ажиллуулахын тулд эмнэлгийн үйлчилгээг сайжруулах шаардлага зүй ёсоор урган гарна. Харин энэ ажлыг хийх ёстой бодлого боловсруулагчид ажлаа хийхээс илүү өөр дээрээ тулсан тохиолдолд гадаадын эмнэлгийг зорихыг илүүд үзсээр байна.

Одоогийн байдлаар эрүүл мэндийн санхүүжилтийн 40 хувийг улсын төсвөөс, 20 хувийг ЭМДС-аас, үлдсэн 40 хүртэлх хувийг иргэд хувиасаа гаргадаг аж.  

Төрөөс хариуцан төлөх шимтгэл нь ажил эрхэлж байгаа хүнээс 7-14 дахин бага байгаа нь шимтгэлийн хэмжээ тэнцвэргүй, ямаршуухан анхаарал тавьж буйг харуулаад өгнө.

Монголын нийт өрхийн 90 хувь нь хоол, орон байр гэх мэт суурь хэрэглээнээс бусад зардлынхаа 10 хувийг эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж байна. Өвдсөн хүүхдээ асраад гэр бүлийн хэн нэг нь ажлаа хийх боломжгүй болдог болохоор эргээд орлого олох боломж нь хязгаарлагддаг ЭМД-аар улсын эмнэлэг гэхээсээ илүү үйлчилгээ үзүүлж чадсан эмнэлэгт үйлчилдэг тогтолцоонд шилжүүлэхгүй иргэдийн эрүүл мэнд хөсөр хаягдсаар байх нь.

Товчхондоо, Эрүүл мэндийн даатгалын сан эрүүл мэндэд учрах эрсдлийг хааж чадахгүй байна. Тиймээс аргаа барсан иргэд ЭМД-аас илүү лам багшдаа даатгасан нь сэтгэлд сэвгүй өөдрөг болжээ. Даатгал өөрөө бурхан болоход ойрхон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)