Монгол Улс Оюутолгой төслийн далд уурхайн хэрэгжилтийг зогсоож магадгүй гэсэн мэдээлэл уул уурхайгаар дагнан бичдэг Mining.com зэрэг цахим хэвлэлүүдэд өнөөдөр гарчээ. Үүнтэй холбоотойгоор олон улсын зах зээл дээр хувьцааных нь ханш 20 орчим хувиар унасан байна. Eagle.mn Оюутолгойтой холбоотой энэ асуудлыг тойрсон мэдээлэл бэлтгэн та бүхэндээ хүргэж байна.
Нийтлэл гарахаас өмнө төсөл ямар байдалтай байв
Төслийг гардан хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компани далд уурхайг байгуулахад шаардагдах 1.5-1.9 тэрбум ам.долларын санхүүжилт босгох төлөвлөгөөгөө танилцуулсан. Тодруулбал, баяжмал дахь алтны төлбөрийн урьдчилгаа, богино хугацааны үнэт цаас гаргаж санхүүжүүлнэ гэдгээ зарласан. Хэдий төлөвлөгөөгөө танилцуулсан ч арга хэлбэрийн тал дээр “Рио Тинто” болон бага хувьцаа эзэмшигчидтэйгээ маргаж байв. Тэгвэл маргаанд Монголын тал оролцсоноор далд уурхайн төлөвлөгөө эрсдэлд орох нь ойлгомжтой болсон юм. Манай тал өмнө нь ил уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөнөөс болоод асар их хохирол амссан /ирээдүйд/ учир гүний уурхайн бүтээн байгуулалт дээр хатуу байр суурь баримтлах нь ойлгомжтой байсан. Гэхдээ бодож байсанчлан төлөвлөгөөг эсэргүүцээд өнгөрсөнгүй, харин Татварын ерөнхий газраас мэдэгдэл хийж, Оюутолгой ХХК-ийн 2016-2018 онд төлсөн татварт аудит хийж, 228 сая ам.долларын /649 тэрбум төгрөг/ акт тавьсан талаар мэдэгдэл гаргах нь тэр.
Үүсээд буй асуудал анхных биш
Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар анх 2013 онд “Рио Тинто”-той Лондонд очиж, хэлэлцээр хийснийг санаж байгаа биз. “Рио Тинто” компани Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдэх зорилгоор 10 гаруй банкнаас зээл авахаар болж, Монголын Засгийн газраас “Зээл авахыг дэмжиж байна” гэсэн бичиг хийлгэж авахыг хүссэн” гэсэн мэдээлэл тухайн үед гарч байлаа. Манайхан Лондоны хэлэлцээрээр саналыг нь зөвшөөрөөгүй. Буцаж ирээд Татварын ерөнхий газар “Оюутолгой”-той холбоотой 130 сая ам.долларын татварын зөрчлийн асуудлыг гаргаж тавьж байв. Энэ асуудал олон улсад өнөөдрийнхтэй ижил нөлөө үзүүлж, хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнийн өөрчлөлт гарах зэрэг байдал ажиглагдсан байдаг. Харин өнөөдрийнхөөс ялгаатай нь /ялгаатай байгаасай/ манай талын ялагдлаар өндөрлөсөн юм. Тодруулбал, 130 сая ам.долларын 80 хувийг хэрэгсэхгүй болгосон юм.
Далд уурхайн асуудлыг ил уурхайгаас тусдаа гэж бичдэг явдал тэр үед байсан. Гэтэл Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган тухайн үед Ройтерс агентлагт "Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх тал дээр хоёр тал нягт хамтран ажиллаж байгаа. Тиймээс элдэв маргаанаас болж энэ ажлаа зогсоож болохгүй гэдгийг ойлгож байна” хэмээн хариулсан байдаг. “Эхлүүлсэн ажил” гэдэг нь ил уурхай болох нь ч ойлгомжтой болж эхэлсэн юм. Бүр тодруулбал ил, далд уурхай тусдаа биш, Рио Тинто эхний төслөөрөө барьцаалж, биднийг шантаажилсны нэг хэлбэр байсан. Харамсалтай нь, татварын асуудал дээр буулт хийсэн төдийгүй далд уурхай эхлүүлэх зөвшөөрлийг Дубайн гэрээгээр өгч, байр сууринаасаа ухарсан билээ.
Тэгвэл ил уурхайн нэгэн адилаар одоо хөрөнгө оруулалтын зардлаа дахин нэмэхээр зүтгэж байгааг зайлшгүй нөхцөл байдал гэхээс илүү давралт гэж ойлговол зохистой. “Рио Тинто” анхны төслөө шинэчлэхээс өөр аргагүй болсон гэдгээ 2019 оны долоодугаар сард анх мэдэгдсэн. 2020 оны наймдугаар сард гаргасан шинэчилсэн төлөвлөгөөнд үйлдвэрлэл явуулах хугацаа 25 сараар хоцорч, хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5 тэрбум орчим доллараар нэмэгдэх тооцоо танилцуулсан юм.
Ил уурхайг "Нэгэнт эхлүүлчихсэн” гэдэг шалтгаан "Цаашдаа бие биенээ хуурч мэхлээд, нөгөө нь уучлаад явна” гэсэн үг биш байлтай.
Рио Тинто даварч, Засгийн газар бууж өгөөд л байх уу
Аливаа юм хэмжээ хязгаартай. “Оюутолгой” төслийн ил уурхайн бүтээн байгуулалтын зардал бараг хоёр дахин өссөн. Энэ хэрээр хувьцаа эзэмшигчид ногдол авах хугацаа хойшилсон. Өмнийн говьд эрчим хүчний эх үүсвэр барих төсөлд орохдоо хөрөнгө оруулалтын гэрээний тодорхой зүйл заалтыг “царцааж” Монгол Улсад жилд 200 гаруй сая ам.долларын хохирол учруулж ирсэн гээд Хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн асуудал яривал аль, алинд нь ярих юм бий. Тиймээс Монгол Улс “Оюутолгой” ХХК, “Туркойз хилл ресурс”-д шахалт үзүүлж байгаа нь Монгол Улсын ашиг сонирхол, монголчуудын байр суурийг илэрхийлсэн нэг хэлбэр. Харин төгсгөл нь ямар байх вэ гэдэг л анхаарлыг хамгийн ихээр татаж байна.

130 сая ам.долларын зөрчлийн асуудал шийдэгдсэний дараа "Оюутолгой” ХХК "Татвартай холбоотой асуудлаар байр суурь илэрхийлэхгүй” гээд байр суурь илэрхийлээгүй. Маргаан таслах зөвлөлийн мэдэгдэлд "Оюутолгой ХХК-ийн нөхөн өгсөн баримтуудад тулгуурлаж” гэсэн өгүүлбэр байсан ч тэр нөхөж өгсөн баримтууд гэдэг нь юу болохыг УИХ-ын гишүүн ч мэдэх эрхгүй байсан юм.
Тэгвэл сая “Туркойз хилл ресурс” 228 сая ам.долларын зөрчлийн тухайд “Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу "Оюутолгой" ХХК бүх татвар, хураамжаа төлсөн. Лондоны арбитрийн шүүхэд нэмж нэхэмжлэл гаргана” гэжээ.
Энэ бол гэрээг анх байгуулж байх үед л олон хүний ёрлоод байсан "Бид сүүлдээ Рио Тинто, Айвенхоу майнзын атганд орно” гэсэн зөгнөлийг баталсан хэрэг болсон гэсэн дүгнэлттэй олон хүн санал нийлэх биз.
Цаашдаа яах вэ
Гэрээ байгуулагдсаны дараа олон хүн "Ил, далд уурхайн бүтээн байгуулалт тусдаа асуудал” гэж ярьж, бичиж байсан.
Гэвч төсөл нь тусдаа ч гэсэн яг ачир дээрээ тусдаа биш, нэг нэгэндээ маш их нөлөөтэй гэдгийг 2013 онд үүссэн 130 сая ам.долларын татварын маргааныг шийдсэн арга баталсан. Өөрөөр хэлбэл, ил уурхайгаар шантаажилж буулт хийхэд хүргэсэн. Магадгүй, тухайн үед 130 сая ам.долларын зөрчил далд уурхайн гэрээг зөвшөөрөх эсэхтэй арай бага холбоотой байсан байж болно. Зөвшөөрөх, эс зөвшөөрөх эрх нь манайд байсан учраас. Харин одоо гаргаж тавьсан 228 сая ам.долларын татварын маргаан цэвэр санхүүгийн асуудал боловч нөхцөл байдлын хувьд арай өөр. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг өсгөснийг эсэргүүцэж байгаатай холбоотой нь манай талын байр суурь, мэдэгдлүүдээс харагддаг. Тиймээс гэрээг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхээр тэмцэж байгаа энэ өдрүүдэд гарсан татварын маргаан бидэнд давуу тал авчирна. 2013 онд бид буулт хийсэн бол одоо хувьцаа эзэмшигчидтэй нэг талд гарч, далд уурхайн зардлын өсөлтийг хязгаарлах боломж байна. Дэлхийд томд орох Оюутолгойн уурхайн далд уурхайн бүтээн байгуулалт зогсох нь “Рио Тинто”, “Туркойз хилл ресурс”-д хохиролтой байж таарна.
Та бүхэн санаж байгаа бол, 2009 онд Оюутолгойн гэрээ анх байгуулагдахад ч, сүүлд “Дубайн” гэгдэх гэрээг байгуулахад ч УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн байр суурь нэг цэгт төвлөрч байгаагүй. УИХ нь үүрэг өгдөг, Засгийн газар нь биелүүлдэггүй. Бие, биенээсээ зөрж давхисан энэ байдал “Рио Тинто”-д нэг талаараа ашигтай туссан. Манайхан тал, тал тийшээ баахан давхиж, цаг алдсаныхаа дараа “Сүүлд засч сайжруулна” гэж өөрсдийгөө хуураад дэндүү хөнгөн хуумгай гэрээ баталж байсан. Харин одоо төрийн өндөрлөгүүдийн байр суурь хэр өөрчлөгдсөнийг харах боломж гарч байх шиг байна. "Рио Тинто"-г ямар ч үед хөөж гаргахгүй гэдэг дээр тэд 2019 онд байр сууриа нэгтгэсэн. Одоо далд уурхайг Монгол Улс, ард түмэнд илүү ашигтай байлгах тэмцэлд хэрхэхийг нь харах л үлдлээ.