Хулан ба тахийн хүүрнэл

ХУЛАН 

Эх нь салхи, сэжиг авсан янзтай зүүнш алхахад унага нь дагаж дэгдэхийг хичээсэн нь өхөөрдөм. Тэгснээ гэнэт эргэж зогсмогц эх нь хөндөлсөөд над руу эгц ширтлээ. 

Сунагар урт хоёр чих нь соотойн босчээ. Нар жаргах дөхсөн ч өдөржин аагьсан агаар дээрээс, халсан хөрс доороос төөнөх нь нэн цухалтай. Дуранд орсон унагатай гүү “сэрүү татуулж” урам хайрлав. Хэсэг бусаг шар загны шингэн сүүдэр рүү шургаж хэвтсэн минь эх, үр хоёроос намайг халхалсан юм. 


Балга усны эрэлд

Унаганы төрх нь нярай туяхан, бараг тэр өдрийн үүрийн гэгээнээр мэндэлсэн гэхэд хол зөрөхгүй болов уу. Хулангийн гүү гол төлөв харуй бүрийд, эсвэл үүр шөнийн заагт унагалдаг гэж нутгийн буурлууд ярьдаг. Тэр эхийнхээ хоёр чихийг авч төржээ. Зэлүүд их говийн хайрган хөрсийг үүрээр тамгалж хөлд ороод жаргах нартай уралдан чангарч буй нь илт. Хулангийн унага босоо төрдөг гэх домгийг нотлох мэт. Түүнд айх, сэрдэх, бултах зэрэг нь шинэ мэдрэмж бөгөөд нүгэл, буяныг эс мэдэх амьтан. Гэвч эхийнхээ түгшүүртэй царайны учрыг мэдэрч буй шинжтэй. Ангаж цангасных ч юм уу уруулаа цорвойлгож, хамраа ялимгүй сарталзуулна. Тэрхэн зуур “ус хайрлана уу” гэх шиг харцаар дүрлийв. 

Эх нь үрээ харамлаж, сэргийлж, анир чимээ тандаж сэртэлзэнэ. Чингэхдээ эргэн тойрны байдлыг цэгнээстэй. Эхийнх нь харцнаас “…энэ гандаж хатсан халуун хөрсөнд гишгэх орон зай, амсах усны үнэр ч бидэнд үлдээгүй шүү. Хүмүүн, мал, машин техникийн хөлд хөөгдөөд харсан зүгтээ хатирч явна. Нялх үр минь хатуу хувь тавилантай учирч байна даа?…” гэж уншигдав. 

Тэрхэн цөөн агшинд унага, эх хоёрын харц ийн өгүүлэв. Цаанаа л нэг гунигтай, бас гомдолтой ч юм шиг санагдах. Өршөөл, аврал эрсэн харц нь зүрхэнд минь хадагдсан юм. Тэдний хүүрнэлд навс ховсдуулсан учраас би өөрийн эрхгүй загийн сүүдэр рүү улам шигдэв. Нөгөө хоёр ч цааш зугуухан алхалсаар холдож сэтгэлтийг минь амрааж билээ. 

Уг нь зурагчин хүний хүслийн үзүүрт ойрхоноос хөрөг татах, ховор агшин буулгах мөрөөдөл мөнх орших. Гэвч тэр хоёрыг дахин түгшээх зүрх дутсан бөлгөө. 

Хэвтээ чигтээ хөшиж хоцорсон намайг царцаа, голио мэт нь тойрч бужигнана. Тэд гал халуун зуны бүгчим үдшийг тоосон шинжгүй шаагилдана. Идэш ууш нь элбэг дэлбэг учраас өлсөж цангахын зовлонгүй бололтой. Эх, унага хоёрт чимх өвс ногоо, балга ус олдох болтугай гэж залбирах нь үлдэж билээ, хөөрхий. Тэр хоёрт дайсан ч, айдас хүйдэс ч энд тэндгүй тохиолдох бизээ.

Хулангийн гүү бол үрээ арван нэгэн сар гаруй тээж, зургаан сарын эхээр төрүүлдэг аж. Энэ гүү сүргээсээ тасран зожиглож унагалсан нь сонин. Гэхдээ хавтгай тэмээний ингэ шиг шилэрдэг амьтан биш. Учир явдал нь өөр сүргийн азаргатай таарч гэнэдсэн байж мэдэх. Ингэх явдал тохиодог гэж Галбын говийнхон ярьдаг. Жинхэнэ сүргийнх нь эзэн азарганы мэдрэмж, хардлага нь асар мэргэн гэлцэнэ.Тэгээд л “саахалтын азаргана”-аас заяасан нярай унагыг цавчиж орхидог араншинтай гэх. 

Ер нь азарган хулангийн дэглэм нь хатуу гэнэ. Эм үрээ шүдлэн настайд нь, эр үрээ дааганд ижил сүргээсээ таслан хөөж “бие даалгадаг”, буцааж авдаггүй аж. Эм унага нь тийнхүү өөр сүргийн азаргын атганд орох, эр нь энд тэнд бэдэрсээр хязаалан насандаа хэд гурван гүү хурааж эхлэх тавилантай учирдаг аж. Хулан 25 орчим насалдаг гэхлээр үрсээ хар нялхаар нь “хал үзүүлж, халуун чулуу долгойлгож” байгаа биз.

Арсалдаан

Азаргуудын үнэн ширүүн, өршөөлгүй харгис арсалдааныг үзэх завшаан тохиосон юм. Эзэгнэхийн төлөө эрч хүч, чац тэнхээ, хурд болоод арга мэх уралдуулж тэмцэлддэг аж. Энэ хоёр хазалцаж, тангаргалцаж, цавчилцаж үзэлцсэний эцэст залуувтар зээрд нь дийлдэж зугтав. Харин ялсан азрага бээр загийн бор шувуудын сүнс нь зайтал нэг янцгаагаад тэртээх сайрын цавчаал руу шогшиж одов. Цавчаал гэдэг нь хулан устай газрыг үнэрлэж мэдрээд ухаж гаргасан нэг ёсны “худаг” юм. 

Цавчаал-хулангийн худаг

Галбын говийг бүхэлд эзлэн заяасан түүхтэй боловч эдүгээ орон зай, ус, бэлчээр нь хумигдсаар цөөрч буй энэ зэрлэг адууны төрлийг Монгол хулан гэдэг. Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн зарим нутагт тааралдах нь бий. 

Манай оронд 1997 онд 63 мянга орчим хулан байсан бол 2009 он гэхэд 20 мянга орчим үлдсэн гэх мэдээ тааралдана, үнэн бол өдийд бүр ч цөөрсөн байж мэдэх талтай. Учир нь сүүлийн арваад жил нүүрсний зам, шонхорын наймаачдын зам, доншуур худалдаачдын зам, өвс ургамал, өнгөт чулуу түүгчдийн зам зэрэг нь Галбын говийг талхалж хулан улам цөөрөхөд нэрмээс болсон баримттай.

Харин Арабын хойгийн орнууд, Иран, Казакстан, Туркменистан, Пакистан, Хятад, Түвд, Турк зэрэг оронд хулан нилээд тархсан байдаг санж. Дэлхийд ч, манайд ч ховордож Улаан номонд орсон зэрлэг адууны ховор садан бөлгөө.

ТАХЬ

Манайх тахь хэмээх зэрлэг адуугаа тэртээ 1960-д оноос эхлэн үрэн таран болгож бүр мөхөлд хүргэсэн гашуун түүхтэй. Гэвч Франц руу арилжигдаж одсон тахийн маань үр сад сайн санаат хүмүүний ач тусаар уугуул Монголдоо бараг 100 жилийн дараа эргэж ирсэн ховор хувь тавилантай. 


Ширтэлт(2018.05.02)

Хустайн нурууны өвөр талын хадат энгэрт мэндэлсэн энэ унага миний хувьд тэр нэгэн өглөө бөөн олз болсон юм. Тэр цас чахрах анирт цочирсон боловч хэвлүүхэн алхаж эхийнхээ дулаахан энгэрт наалдчихав. Хөөрхөн. Гуравхан өдрийн өмнө ертөнцөд мэндэлсэн гэж тэндэхийн байгаль хамгаалагч залуу дэргэд шивнэж билээ. 

Ийм хөрөг буулгах тухай төсөөлөн бодож, түүндээ автагдажХустай руу олон хавар зүтгэсний хэрэг ингэж бүтэх аз тохиов. Тэр өглөө хул азаргатай сүргийн барааг алсаас авч дөхөх гэж чармайсан боловч аальгүй салхи хувьсаж гай болсон юм. Тэхлээр нь алсуур тойрч эсрэг хөтлийнх нь нугад амдаж тосов. Чингэхдээ цайвар шар үхэр хадны ёроолын сөөгөнд хүлээж суусан минь оносон юм. 2018 оны V сарын 2-ны явдал. Нартай тунгалаг өглөө байсан боловч зэврүүхэн салхитай, бага сага цастай байлаа. 

Эх нь ч сэрэмжлэх, харамлах, хамгаалах мэдрэмжээр дүрэлзэнэ. Тэр тайвандуу боловч чих, нүднийх нь өгүүлэмж тодорхой. Өнгө зүс сайтай харагдах нь өнтэй, тавлаг өвөлжснийг гэрчлэх мэт.

“Бид одоо Монголдоо эрх чөлөөтэй, жаргалтай. Өнөр олуулаа болох эрмэлзэлтэй. Нярай үрийг минь бүү айлгаарай”. Гүү харцаараа ингэж хүүрнэв. Унага дүрсгүй хүүхэд шиг цовоо сэргэлэн дэрвэлзэнэ. Сүрэг нь ч идээшлээд завгүй харагдах. Ашгүй салхи намайг ивээж байлаа. 

Эх нь Европоос тээгдэж ирсэн гүүний удам, үр нь Хустайн уугуул. 


“Морь харах” агшин

Төдөлгүй аюул заналгүйг мэдэрсэн эх нь тайвширч сүрэг рүүгээ чиглэхэд унага ч дагав. Тэр замдаа зогтусаж шинэхэн цасан дээр “морь харлаа”. Мань эр ичих, эмээхийг ч эс мэднэ. Хүмүүний нялх ч бас заримдаа ингэдэг шүүдээ. 


Араншин

Тахийн азарга ч эрх мэдлийн төлөө ширүүн үзэлцдэг араншинтай юм санж. 

Хустайд нэг удаа өвлийн эхэн сард ингэж тааралдсан юм. Энэ нь зэрлэг төрхөндөө улам бүр орж буйн шинж буйзаа. Харийн нутагт богтлогдож очсон монгол тахийн удам эргэж ирээд төрөлх нутгийнхаа хөрсөнд ийнхүү “дураараа дургиж” буйг ажиглаж суухад сэтгэлд минь нэн өег байж билээ. 

Хустайд ус цас, хур бороо, өвс ногоо дутахын зовлонгүй. Тэдэнд айж эмээх зүйл бараг байхгүй. Тусгай хамгаалалттай учраас буу зэвсэг, машин тэргэнээс хол нь хулантай жиших аргагүй. Харин саарал боохой л унага, даага зооглохыг оролдох гэмтэй гэнэ. 

Тэнд Европоос 1992 онд анх 16 тахь онгоцоор тээвэрлэн авчирч нутагшуулснаас хойш өсөж үржсэн намтартай. 

Европчууд тэртээ 1899 оноос эхлэн наймааны зорилгоор Монголоос тахийн олон тооны унага зөөсөн боловч 53 унага л тэнд амьд мэнд хүрсэн гэдэг. Тэндэхийн амьтдын хүрээлэнд тийнхүү авч үлдэн хамгаалж үржүүлээгүй бол тахь маань үлэг гүрвэл шиг домогт л үлдэх байжээ. 

Эдүгээ Говийн их дархан цаазат газар, мөн Хомын талдбараг 1000 орчим тахь бэлчиж байгаа гэсэн мэдээ байдаг. Эдгээр нь Франц, Герман, Чехээс зөөж ирсэн “гадаад” тахийн үр удмаас угшилтай боловч Монголдоо эргэж төрсөн онцлогтой.

Тахийг Хаант Оросын судлаач Николай Пржевальскийн нэрээр шинжлэх ухаанд овоглосон учир начрыг манайхан сайн мэднэ. Тэрбээр 1879 онд манай говьд олж илрүүлсэн гэх баримт үлдээсэн аж. Хамгийн сүүлчийн зэрлэг тахь 1969 онд Алтайн өврийн Тахийн шар нуруунд харагдсан гэж мэргэд тэмдэглэсэн байна. Түүнээс хойш тахь устаж мөхсөн амьтны төрөлд орсон гэдэг. Гэхдээ гадаад, дотоодын сайн санаат олон хүмүүний санаачлага, сэтгэл, зүтгэлээр өнөөгийн Монгол дахин тахийн орон болсон нь бахархууштай хэрэг. Тахь үзэх гэж хилийн чанад руу мордохгүйгээр эх орондоо өөрийн зоргоор харах сайн цаг иржээ.

АЛАГ ТАХЬ

Грантын алаг

Африкийн алаг тахь гэхлээр нэг л дотно танил сонсдож ирсэн юм, сурагч ахуйгаас. Алс хол тивд оршдог ч адууны төрөл садан, тэгээд ч манай тахийн үеэл хэмээдэгтэй холбоотой буйзаа гэж муйхарлана. 

Нар үнэртсэн Африкт аяны дөрөө мултлахаас өмнө тэнд ганцхан төрлийн алаг тахь байдаг гэж бодож явсан минь эндүүрэл байж. Гэтэл уг тивд эрээн судалтай зүсмийн гурван төрлийн тахь заяажээ. Грэвийн тахь(Grévy’s zebra) буюу заримдаа аварга тахь гэдэг, мөн уулын тахь, бас тал нутгийн тахь. Энд зөвхөн тал нутгийн алаг тахийн тухайд л өгүүлнэ. Өмнөд Африкийн Кругэрийн дархан газар, Танзанийн Серенгэтийн тал нутаг болоод Нгоронгоро тусгай хамгаалалттай газарт түүний зураг буулгах завшаан тохиосон юм. Тал нутгийн тахь дотроо долоон дэд төрөлтэй бөгөөд тэдний нэг нь энэхүү Грантын тахь(Grant's zebra) гэдэг нь хамгийн давжаа биетэй нь гэж бичжээ. 

Серенгэтийн тал-алаг тахийн орон

Түүний биеийг сүүн цагаан дээр босоо, хөндлөн, ташуу хэлбэртэй хилэн хар судал өвч ороосон нь содон. Энэ нь уг бодгалийг хээнцэр эрээн алаг зүстэй болгожээ. Эдгээр судал нь нилээд өргөн бөгөөд донжтой хэлбэржсэн төрхтэй нь бусад төрлийн алаг тахиас өвөрмөц аж. Чих, дэл, сүүл нь хүртэл алаг судалтай. Амьд байгаль урласан гоц уран бүтээл.

Алаг тахийн эрээн судал нь хүний хурууны хээ шиг өөр өөр гэдгийг судлаачид тогтоожээ. Өөрөөр хэлбэл, ижил судалтай хоёр тахь байгальд төрдөггүй гэсэн үг. Эрээн судал нь өөр ч гэсэн эх, үрсийн нүд, чихний галбир нь төстэй. Анир чимээ авах, бараа сүүдэр танихдаа бол манай тахь, хулангаас эс дутна. Ихээхэн соргог амьтан. 

Цэнгэлтэй гурав

Энэ гүү амгалан, нуруунд нь суух бух тоншуул цатгалан, унага нь эрх бөгөөд сониучхан, энэ гурвын төрх нь сэтгэлийг минь баясгаж билээ. Цэнгэлтэй гурвын жаргалтай зохиролын агшин. 

Танзанийн Нгоронгоро тогоо хэмээх нутгийн өндөр өвстэй аглаг талд алаг тахийн хувьд гол дайсан нь арслан, толбот цөөвөр хоёр аж. 


Гэнэн алаг

Шүлтсэн харц

Энэ боохой өвсөнд нуугдаж нялх унаганд шүлтэн гэтэх ахуйдаа миний дуранд өртсөн юм. Хорвоогийн хар, цагааныг мэдэрч эхэлж буй энэхүү гэнэн амьтныг эхээсээ холдмогц нь ухасхийн шүүрэхээр зэхэж байсан нь тэр. Уг нүгэлтийн жинхэнэ нэр нь толбот цөөвөр чоно. Толбот боохой олуулаа сүрэглэж тахь мэтийн том амьтдыг өртөөлөн хөөж намнадаг мэхтэй гэнэ. Уртын замд бараг эцэж цуцдаггүй онцлогтой. Харин нялх унагыг бол “суйлж” зуугаад чирч оддог шидтэй аж.

Монгол тахь 70 км/цаг давхидаг бол алаг тах 64 орчим км/цаг таваргадаг нь манай говийн хулантай дүйцнэ. 

Тэндээс буцаж мордоход Эрнст Хэмингуэйн “Африкийн ногоон толгод” туужид “Өвс ургамал гандаж хатсан учраас тал нутаг нам гүм, халуун агаад тоостой. Алсад орших Шоргоолжин толгод руу харж суухад тэртээх шаргал хөндийд суунаглах саарал зэргэлээн дунд алаг тахийн сүрэг шороо татуулан давхилдах нь нүднээ баясгалантай” гэж бичснийг бага залуудаа уншиж явсан минь санагдаж билээ. Тэр л үеэс алаг тахь, цөөвөр чоно мэт амьтны барааг харах мөрөөдөлд автагджээ. 

Галбын говийн хулан, Хустайн тахь, Танзани нутгийн алаг тахийн зовлон, жаргалын тухай товчхон өгүүлэхийг зорив. Гэрэл зураг сонирхогч өчүүхэн миний бие бээр эдгээр зургийн төлөө цөөнгүй сар жил бэдрэхдээ нар сар, цас бороо, салхи шуурга, ялаа шумуул мэтийн ааш авирыг олох гэж багагүй зүдэрсэн болой. 

2021.01.10


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ЗОВЛОНГОО БҮҮ ТООЧ ТЭР ЗОВЛОН ЧИНИЙ ЖАРГАЛ БИЗДЭЭ ККК

    0 0 Хариу бичих