Коронавируст халдвараас сэргийлэх вакцины үр дүн хийгээд цар тахлыг давж гарах боломжийн талаар эрдэмтэн судлаачдын байр суурийг хүргэж байна.
ВАКЦИН БИДНИЙГ АВРАХ УУ?
-Зарим улс орны эмнэл зүйн туршилтаа давсан вакцинуудыг иргэддээ хийгээд эхэллээ. АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн гээд Ковид19-ийн эсрэг өөр өөр вакцинууд байна. Эдгээр вакцинууд хоорондоо ямар ялгаатай вэ?
-ДЭМБ-аас COVAX системээр улс орнуудыг хамгийн багадаа хүн амынхаа 20 хувийг вакцинжуулья гэж байгаа. Эдгээр нь дандаа цоо шинэ генийн инженерчлэлийн технологиор бүтээсэн вакцинууд юм. Коронавирусийн нуклейн хүчлийг ялгаж түүнээс хэрэгтэй хэсгийг нь тасдаж аваад үүнийгээ өөр вирус буюу аденовирусийн зөөгчөөр дамжуулан хүний биед оруулж өсгөвөрлөдөг вакцинууд. ОХУ-ын Н.Ф.Гамелейны институтын Спутник-5, Их Британийн Оксфордын их сургууль биотехнологийн “AstraZeneca” компани хамтарсан вакцинууд бол вирусийн нэгдэл дээр тулгуурласан хүний биед хоргүй, өвчин үүсгэхгүй болгочихсон вирусийн суурин дотор коронавирусийн хамгаалах антитель үүсгэж чадах хэсгийг суулгасан вакцин. Энэ векторт суурилсан вакциныг хүнд өмнө нь хэрэглэж байгаагүй. Өөрөөр хэлбэл бид техник хөгжсөн орнуудын хийсэн вакциныг өөр дээрээ турших гэж байгаа гэсэн үг. Үйлдвэрлэгч компаниуд гурван шатанд тодорхой тооны хүмүүст буюу сүүлийн гуравдугаар шатанд 30-40 мянган хүн дээр туршаад гаж нөлөө үзүүлээгүй, коронавирусийн шинэ хувилбарын эсрэг антитель үүсгэж чадаж байгаа тийм вакцин байх ёстой.
Модерна компани болон өөр хэдэн компанийн гүйцэтгэж байгаа вакцин бол mRNA-гын вакцин буюу мэдээллийн рибонуклэйн хүчлийн вакцин. Энэ бол шууд хүний биед очоод шууд уншигдах нуклейн хүчил гэсэн үг. Ер нь бид тухайн улс орондоо аюулгүй дархлаа үүсгэж чадах юм байна гэдгийг нь баталсан вакцинуудыг бид авч хэрэглэх гэж байна. Эдгээр вакцинуудыг хоорондоо 4 долоо хоногийн зайтай хоёр удаа тарина. Онолын үүднээс хоёрдугаар тарианаас хойш доод тал нь 14 хоногийн дараа найдвартай дархлаа үүсэж, хүнд насан туршийн дархлаа тогтоно. Энэ дархлаа гадны биет хүний биед орж ирвэл таньдаг дархлалын ойн эс үүсгэнэ. Гэхдээ коронавирусийн вакцин одоо л үйлдвэрлэгдэж гарч байгаа учраас тэр эрсдэлийг дааж вакцин тарина. Түүний дараа үүнийгээ үргэлжлүүлэн судална. ДЭМБ зөвлөж байгаа учраас цоо шинэ зүйл рүү орж байгаа юм.
Эдгээр вакцинуудаас бид сонгохдоо нэг зүйлийг харгалзах хэрэгтэй. Тэр вакциныг манай улсад оруулж ирж хадгалан бүх сумдад тараахад хүйтэн хэлхээ буюу биологийн биетүүдийг удаан хадгалах боломж. Манайх зарим хөгжиж байгаа оронтой харьцуулах юм бол дархлаажуулалтын дэд бүтэц, систем сайн бүрэлдсэн орон. Жишээ нь гахайн томуугийн үед хамгийн эхэнд вакцин авч хэрэглэсэн 15 орны нэг бол манайх байсан.
ЦАР ТАХЛЫГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?
-Дэлхийн улс орнууд тэр дундаа Монгол улс халдварт өвчний дэгдэлтэнд хир зэрэг бэлэн байсан бол? Дэлхийн жишгээс харахад манай улс цаашид хэрхэн тэмцвэл зохилтой вэ?
- 2019 онд АНУ-ын Жонс Хопкинсийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран дэлхийн улс орнууд аливаа халдварт өвчний дэгдэлт, цар тахалд бэлэн байгаа эсэхийг үнэлсэн байдаг. Монгол улсын хувьд “Дунд зэрэг” үнэлгээтэйгээр судалгаанд орсон нийт 195 орноос 46-д эрэмбэлэгдсэн. Гэхдээ зарим үзүүлэлт нилээд хангалтгүй байсан. Тухайлбал, халдварт өвчний урьдчилан сэргийлэлт /100 онооноос 37.6/, шуурхай хариу арга хэмжээ авах байдал /37.8/, ЭМ-ийн тогтолцооны байдал /30.8 оноо/ хангалтгүй үзүүлэлттэй байсан. Гэхдээ, халдвар дотооддоо алдаагүй байх хугацаандаа зарим чиглэлд бэлтгэлээ хангаж, үзүүлэлтүүд тодорхой хэмжээнд сайжирсан гэж бодож байна.
Дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж буй арга хэмжээг судалж ерөнхийд нь хаах хориглох хязгаарлах арга хэмжээ, эдийн засгийн арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцооны арга хэмжээ гэсэн 3 үндсэн чиглэлийн 18 төрлийн арга хэмжээнд ангилж байна. 2021 оны 1 сарын 1-ний өдрийн байдлаар улс орон бүрт хэрэгжүүлж буй арга хэмжээг судалж үзэхэд 88 улс ажлын байрыг хэсэгчлэн хаах, 127 улс олон нийтийн арга хэмжээг цуцлах, 61 улс нийтийн тээврийн хэрэглээг багасгах, 19 улс хилээ бүрэн хаах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Эдийн засгийн арга хэмжээнээс дурдвал 59 улсад цалингийн 50 хүртэлх хувийг, 35 улсад 50-аас дээш хувийг нөхөн олгох, 137 улсад үндэсний валютын худалдан авах чадварыг хадгалах, 97 улсад зээлийн хүүг бууруулах, төлөх хугацааг хойшлуулах, зээл тэглэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Харин Эрүүл мэндийн тогтолцооны хариу арга хэмжээний хувьд 132 улсад үндэсний хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр нэгдсэн мэдээлэл түгээх, 45 улсад бүх нийтэд зориулсан КОВИД 19-ийн шинжилгээний цэгүүд байршуулах, 90 улсад КОВИД-19 батлагдсан бүх тохиолдлуудын хавьтлыг илрүүлэх, 103 улсад маск зүүхийг шаардах, 130 гаруй улсад ЭМ салбартаа болон болон вакцины худалдан авалт, бэлтгэл ажилд хөрөнгө оруулалтууд хийгдсэн байна.
Манай улсын хувьд цаашид, КОВИД 19 цар тахалтай үр дүнтэй тэмцэх мөн хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгаан болдог бусад халдварт болон халдварт бус өвчнийг эрс бууруулахын тулд эрүүл мэндийн тогтолцоонд дорвитой шинэчлэл хийж Нийгмийн Эрүүл Мэндийн тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй. Төрөөс Эрүүл Мэндийн талаар баримтлах бодлогод Нийгмийн Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл байхаар заасан байдаг хэдий ч сүүлийн 20 жилд дорвитой ахиц гараагүй. Ялангуяа, Нийгмийн эрүүл мэндийн хууль эрх зүйн орчин, Улаанбаатар хот, 21 аймаг дахь бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг маш тодорхой шийдэх хэрэгтэй. Япон улсад нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо нь сайн хөгжсөн учраас КОВИД 19 халдварыг амжилттай хянаж байгаа дэлхийн 3 орны нэг болсон, мэдээж тухайн улсын иргэдийн ухамсар, дэг журам, хандлага үүнд сайнаар нөлөөлж байгаа.