-5м-аас дээш хүчтэй газар хөдлөлт жилд ойролцоогоор 1500-2500 удаа болдог-

Нийслэл хотод өнөө өглөө газар хөдлөлт мэдрэгдсэн билээ. Манайхан ер нь сүүлийн жилүүдэд энэ асуудал нэлээд анхаарал хандуулж, бүх нитийн сургалт ч зохион байгуулсан. Сая газар хөдөлснөөр энэ сэдвийг хүссэн хүсээгүй дахин олон нийтийн анхааралд оруулж ирлээ. Улмаар газар хөдлөлийн талаар олон янзын мэдээлэл гарч буй. Тэгвэл бид энэ сэдвээр CNN сайт дээр нэгэн сонирхолтой нийтлэл тавигдсаныг хүргэж байна. Газар судлалаар мэргэшсэн дэлхийн шилдэг эрдэмтэд энэхүү нийтлэлээр дамжуулан жирийн иргэдэд ойлголт өгөхийг хичээжээ.

“Тийм ээ, сүүлийн жилүүдэд хүчтэй газар хөдлөлтүүд болж байна. Гэхдээ энэ нь дэлхий сүйрэхийн дохио биш” хэмээн дэлхийн газар судлаач эрдэмтэд санал нэгтэйгээр мэдэгдэж байгаа юм. Эрдэмтдийн баталж байгаагаар бол, дэлхийн хаа нэгтээ газар хөдлөлтүүд үргэлж л болж байдаг. Сүүлийн жилүүдэд хүн ам суурьшсан бүс нутаг газар хөдлөлтөд илүү өртөж байгаа болохоос нийт газар хөдлөлтийн тоо хэвийн хэмжээндээ байгаа юм байна.

2009 оноос хойш Хаити, Чили, Мексик, Индонези, Япон, БНХАУ-ын Сычуань гэх мэт хохирлын хэмжээгээрээ түүхэнд үлдэхүйц гамшгууд болсон. Энэ онд Турк /41 хүн амиа алдсан/, Мексик /10/, Иран /10/, Пуэрто Рико /3/, БНХАУ /4/ хүний амь хохирсон газар хөдлөлийн гамшиг боллоо. Энийг эрдэмтэд газар хөдлөлтийн тоо өссөн бус, хүн ам, суурин газрууд олширсонтой холбож тайлбарлаж байгаа юм.

Иллинойс мужийн Эванстоны Их сургуулийн зөвлөх багш Сет Штейн энэ талаар “Хүмүүс бид заавал өөрсдөө хаширч байж л ухаан суудаг зантай шүү дээ. Засгийн газрууд газар хөдлөлтийн гамшгийг төдийлэн тоодоггүй байснаа Хаитид болсон хэрэг явдлаас хойш Газар судлалын төслүүдэд хөрөнгө оруулах болсон нь инээдтэй юм” гэсэн бол Вайнбергийн их сургуулийн Газар судлалын тэнхимийн багш, эрдэмтэн Уильям Диринг “Дэлхий дээр жил бүр зуугаас доошгүй удаа газар хөдөлдөг. Одоо ч хэвээрээ байгаа. Ялгаа нь, өмнөх жилүүдэд ихэнх газар хөдлөлт хүн ам суурьшаагүй бүс нутгуудад болдог байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, бид жаахан азтай байсан гэсэн үг.” хэмээн ярьж байна.

Сүүлийн 20 жилд болсон 5М-аас дээш газар хөдлөлтийн тоо /Geological survey, Statista/

Хаитийн нийслэлийг сүйтгэсэн шиг буюу долоон магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт жилд 15-20 удаа болдог юм байна. Гэхдээ ихэнх нь манай гаригийн газар нутгийн ихэнхийг эзэлдэг далайд болдог байна. Энэхүү тоо хэмжээ нь сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд харин ч тогтвортой буурч байгаа талаар “US Geological survey” цахим хуудаст бичжээ.

Жоржи мужийн технологийн дээд сургуулийн доцент Курт Френкелийнхээр бол, 8.8 баллын газар хөдлөлт нь “гайхаад байхаар зүйл биш” гэнэ. “Газрын чичирхийллийг хэмждэг багажууд газар доорх хайлмагийн хөдөлгөөний идэвхжил нэмэгдэж байгаа гэж зааж байгаа нь үнэн. Гэхдээ тодорхой бүс нутгуудад болохоос бүгд биш. Дэлхийн түүхэнд тавдугаарт орох хүчтэй байсан Чилийн газар хөдлөлт Хаити улсад их хохирол амсуулсан газар хөдлөлтөөс сар гаруйхан хугацаны дараа тохиосон нь хүмүүсийн сэтгэл санаанд хүчтэй цочрол өгсөн болов уу” хэмээн доцент хэлж байна. Дашрамд дурдахад, тэрбээр дэлхий дээр сүүлийн 100 жилд болсон газар хөдлөлтийг судлан газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга боловсруулсан нэгэн юм байна.

Тэгэхээр эрдэмтдийн хэлж байгаагаар бол газар хөдлөлтийн гамшиг нэмэгдээгүй, хэвэндээ байгаа ажээ. Гэсэн ч танин мэдэхүйн шинжтэй энэхүү нийтлэлээ Курт Френкелийн нийтлэлд буй “Гэхдээ хүмүүс “Эрдэмтэд тэгж хэлсэн” гээд шинжлэх ухаанд итгээд яваад байж байж болохгүй. Бид олон янзын таамаглал дэвшүүлж, газар хөдлөлтийн гамшиг тохиолдоход ямагт бэлэн байдалтай байхад буруудах юун” гэсэн үгээр өндөрлүүлмээр санагдлаа.