Монгол гэрт амьдарч, морин дэл дээр таваргаж, хөдөө талд, дураараа нүүдэллэн амьдарч байхдаа манай үндэстэн замын түгжрэл, барилгаас унаж амь насаа алдах, зам тээврийн осол гэх мэтийг мэддэггүй байсан. Суурьшлын нийгэмд шилжиж, хүн амын төвлөрөл, хотжилт нэмэгдсэнээс үүдэн дээрх зүйлс бидний амьдралын нэг хэсэг болж шинээр нэвтэрсэн гэхэд болно. Үүнтэй ижилхэн газар хөдлөлтийн эрсдэл ч “шинэ танил” болсон юм.
“Шинэ танил”
Сүүлийн үеийнх гэхээр газар хөдлөлт эдэнтэй зэрэгцэн, энэ зуунд л мэдрэгдсэн зүйл биш. Харин эрсдэл нь сүүлийн үеийнх. Аливаа улс, үндэстэнд нийгэм, эдийн засаг, байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулдагаараа газар хөдлөлт дэлхий нийтийн тулгамдсан асуудал болдог. Уг асуудал 1900-гаад оноос хүн төрөлхтөнд эрсдэл дагуулж эхэлсэн гэдэг. Манай улсад ч газар хөдлөлтийн аюул тэр цаг үетэй зэрэгцдэг. Анх Говь-Алтай аймагт найман баллын газар хөдөлснөөр тус аюул анхаарлын төвд орж, хүмүүсийг сэрээсэн түүхтэй. Түүнээс хойш хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт болсон ч суурьшлын бүсээс хол, алслагдмал газар байсан тул хохирол багатай байсан. Судлаач Л.Билэгжаргалын ярьснаар “Настай хүмүүсээс газар хөдлөлтийн тухай асуухад тэд “Газар хагараад, мал унадаг байсан. Хурганууд майлаад л... Бид авч чаддаггүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа газар аньдаг” гэх мэт зүйлсийг ярьдаг. Газар хөдлөх гэдгийг тэр үеийн хүмүүс мэддэггүй байсан хэрэг. Харин хүчтэй газар хөдлөлтүүд болсны дараа хүмүүсийн ойлголт өөр болсон” гэв.
Газар хөдлөлтийн өмнөх тохиолдлууд баруун бүсэд ихэвчлэн болж байснаараа тэнд идэвхжил ихтэйг харуулсан.
Баян-Өлгий, Ховд аймагт үүссэн хагарлаас газар хөдлөлийн идэвхжил 8-9 балл гэдгийг тодорхойлжээ. Дөрвөн жилийн өмнө япончуудын хийсэн газар хөдлөлийн үнэлгээгээр нийслэлд уг эрсдэл мөн ижил 8-9 балл байгааг тодорхойлсон байдаг. Мөн 2005 оноос хойш нийслэлд газар хөдлөлийн идэвхжил харьцангуй нэмэгдэж байгааг газар хөдлөлийн давтамж харуулжээ.
Тухайлбал, 2005 оноос өмнө жилдээ 100 гаруй удаагийн газар хөдлөлт мэдрэгддэг байсан бол өдгөө 2000 гарчээ. Нийслэлийн хаяанд буй “Эмээлт” газар хөдлөлтийн идэвхжилттэй бүсэд нэрлэгддэг. Жилд ойролцоогоор 1000 гаруй удаа газар хөдлөлт мэдрэгддэг байна. Түүнчлэн манай улсад хүчтэй газар хөдөлсний улмаас үүссэн зургаан том хагарал байдаг. Сүүлийн үед судлаачид долоо дахь хагарал нийслэлийг дайран өнгөрч байгаа талаар анхааруулж байна.
Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга М.Өлзийбат:
-Улаанбаатарын ойр орчимд хүчтэй газар хөдөлж байсан зургаан голомтыг тогтоосон. Газар хөдлөлтөөр газрын гадаргууд томоохон хэмжээний цууралт үүсдэг. Уг цууралтаар энэхүү голомтыг тогтоодог юм. Жишээ нь, Говь-Алтайд газар хөдлөхөд найман метр газар зөрж шилжсэн байдаг. Босоогоор бол гурван метр хүрч шилжсэн. Энэ нь хүчтэй газар хөдлөлт заавал нэг ул мөр үлдээдэг гэсэн үг. Өмнө нь үүссэн зургаан хагарал 2005 оноос хойш идэвхжиж эхэлсэн.
Эрсдэл өөрчлөгдөв
Газар хөдлөлтийн эрсдэл шинэхэн зүйл болж танигдаж байсан бол одоо нийгмийн өөрчлөлтийг даган хувьсаж байна. Өөрөөр хэлбэл, шинэ эрсдэл дахин шинэчлэгдэж байгаа юм. Тэр утгаараа сүүлийн жилүүдэд газар хөдлөлт гэхээр өндөр барилгууд хамгийн түрүүнд хэн бүхний толгойд буух болсон. Мэдээж энэ нь газар хөдлөлтийн үед хүн амыг эрсдэлд оруулах томоохон хүчин зүйл болсон хэрэг. Үүнийг дагаад улсуудын гамшгийн эрсдэлийг бууруулах арга нь өөрчлөгддөг. Манай улс 2009 оноос эхлэн “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр” боловсруулсан. Тус хөтөлбөр 2009-2014, 2015-2020 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжиж байна. Газар хөдлөлтөд эрсдэл үүрэхгүйн улмаас манай улс барилгын салбарт тусгай норм, дүрэм гаргасан байдаг. Харин хэрэгжилтийн тухайд хангалтгүй нь илэрхий байдаг. Ингэснээр насжилт өндөртэй барилгууд хүн амыг газар хөдлөлтийн эрсдэлд оруулаад байгаа юм. Газар хөдлөлтийн сүлжээ станцуудын ажиглалтын судалгаагаар манай улсад дунджаар жилд 1500-гаас дээш удаагийн сул болон мэдэгдэм газар хөдлөлт болдог. Харин өндөр баллын газар хөдлөлтүүд тэр бүр болоод байдаггүй бөгөөд давтамж нь хэдэн мянган жилийн дараа байдаг тул хэзээ ч тохиохгүй зүйл мэт ойлгодог. Гэвч энэ нь бидний хэзээ ч тааварлахгүй үл мэдэх эрсдэл юм. Манай улсын хувьд аж үйлдвэр, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалт сүүлийн үед нэмэгдэх болсон учир барилгын чанар стандартад ихээхэн анхаарах нь чухал асуудал болоод байгаа. Түүний нотолгоо Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны өнгөрсөн оны судалгаа юм.
Судалгаагаар сургууль, цэцэрлэг, соёлын 1896 барилгад газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээ хийхэд 50.3 хувь нь “хангалтгүй” гэж гарсан байдаг.
Зөвхөн сургууль, цэцэрлэг соёлын байгууллага дунд явуулсан судалгаа ийм хариутай гарчээ. Дээрх салбарын барилгууд харьцангуй сүүлийн үеийн бөгөөд засвар шинэчлэлт ч их хийгддэг. Гэвч түүнээс өндөр насжилттай, тэгээд хагас зуун жилээс ч илүү хугацаанд засвар хийгдээгүй орон сууцнууд нийслэлээр дүүрэн байна.
Төв суурин газрын нутаг дэвсгэрийн хөрсний тогтоцоос хамаарч газар хөдлөлтийн ерөнхий мужлалд тогтоосон үндсэн хэмжигдэхүүн өсөх магадлалтай байдаг. Энэхүү мужлал барилга байгууламжийг газар хөдлөлтөд тэсвэртэй барих, хот тосгоны төлөвлөлтийн газар хөдлөлтийн аюулгүй бүсийг сонгох, хүчтэй газар хөдлөлт болоход нүүлгэн шилжүүлэх, авран хамгаалах арга хэмжээг төлөвлөх зэрэг асуудлыг шийдэхэд үндэслэл болдгоороо ач холбогдолтой юм. Манай газар нутгийн 19.6 хувь нь ес, 30.6 хувь нь найм, 24.7 хувь нь долоон баллын газар хөдлөлтэй. Бүс нутгаар нь ангилбал, есөн баллын газар хөдлөлтөд хамаатай 91 бүс байна. Үүнд аймаг, сум орж байгаа юм. Найман баллд 80 хувь нь хамрагддаг. Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, энэ чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх мэргэжлийн алба байгуулах, газар хөдлөлтийн өндөр эрсдэл бүхий хот, суурин газар, бүсийн тулгуур төв болон зарим суурин газрын нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой масштаб бүхий газар хөдлөлтийн бичил мужлалын зураг зохиох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Манайд газар хөдлөлтийн эсрэг техникийн болоод эрхзүйн баримт бичиг ч хангалттай байгаа гэж үзэж байна.