Хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах уу

Хүмүүсийн өдөр тутмын ажил амьдралтай холбоотой хамгийн чухал хууль бол яах аргагүй Хөдөлмөрийн хууль. Тэгвэл 1999 онд баталсан Хөдөлмөрийн хуулийг анх удаа шинэчлэх гэж байна. Тодруулбал, 2018 онд үзэл баримтлалыг нь хэлэлцэн дэмжсэн Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг УИХ одоо батлахаар төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлээд байгаа юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн хууль шилжилтийн үед тохирсон, зах зээлийн нийгэмд үйлчлэхэд хүндрэлтэй, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн харилцааг зохицуулж чаддаггүй, зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи харилцааг зохицуулдаг нь хуулийг шинэчлэх үндэс болсныг ажлын хэсгийнхэн онцолж буй. Тиймдээ ч хөдөлмөрийн харилцаа үүссэн л бол гэрээ байгуулах үүрэг хүлээх, албан бус салбарынхны хөдөлмөрийн харилцааг хуулиар бий  болгох, хөдөлмөрийн маргааныг анхан шатанд шийдвэрлэх зэрэг онцлог зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Гэхдээ хуулийн шинэчлэлд ажилтныг хохироож мэдэх хэд хэдэн зохицуулалт байгааг энд сийрүүлье.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд үл өрсөлдөх нөхцөлийг нэмэхээр ажилтантай тохирч болох зохицуулалт нэмэх саналыг ажлын хэсгийнхэн гаргажээ. Энэ нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноос хойш тодорхой хугацаанд өрсөлдөгч байгууллагад ажил эрхлэхгүй байх санал юм. Хэдийгээр энэ хугацаандаа тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал авах ч энэ зохицуулалт нь хүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, ажиллах орчин нөхцөл сайтай, цалин хангамж өндөртэй байгууллагад шилжиж орох боломжийг Хөдөлмөрийн хуулиар үгүй хийнэ гэсэн үг.

Мөн ажил олгогч хөдөлмөрийн харилцааны явцад ажилтныг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх зорилгоор удаан хугацаагаар суралцуулах сургалтын нэмэлт нөхцөлийг тохирох боломжтой. Харин ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үед сургалтын зардлын зарим хэсгийг буцааж төлөх зохицуулалтыг хуулийн төсөлд нэмж тусгах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзжээ. Өөрөөр хэлбэл, нэг байгууллага ажилтнаа мэргэшүүлэх сургалтад хамруулчхаад ажилтнаа ажлаас гарах тохиолдолд сургалтын зардлыг нь төлүүлэх зохицуулалт нэмж тусгах нь. Хэдийгээр энэ нь байгууллагын зардлаар мэргэшил дээшлүүлсэн бол тухайн байгууллагад удаан ажиллаж, үр ашгийг нь гаргах агуулгатай ч ажилтнаа сургалтын зардлаар “барьж, хорих” боломжийг ажил олгогчдод олгох нь. Чанартай, чанаргүй хэсэг сургалтад хамруулчхаад ажлаас гарах болоход нь төлбөр тооцоо гаргаж өгөөд ажилтнаа өрөнд оруулах асуудал ч үүсэж мэднэ. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийнхний оруулсан энэхүү санал нь сургалтад хамрагдсанаар тухайн ажилтан өрөнд орж, өөр байгууллагад хөдөлмөр эрхлэх эрхээ алдах нь.  

Түүнчлэн ажлын хэсгийнхэн тухайн ажилтны улсад ажилласан жилээс илүүтэйгээр тухайн байгууллагад ажилласан жил болон хөдөлмөрийн бүтээмж зэрэг нь илүү ач холбогдолтой гэж үзжээ. Ингээд ээлжийн амралтын үндсэн хугацааг ажлын 20 өдрөөр тогтоож, тухайн байгууллагад ажилласан хугацаа, бусад хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг харгалзан аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр тогтоох эрхийг хуулиар олгож, уян хатан зохицуулалт бий болгохоор судалж байгаа аж. Энэ нь ахимаг насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг хүчин зүйл болно гэж ажлын хэсгийнхэн онцлов. Гэхдээ улсад олон жил ажилласан хүний ээлжийн амралтын хугацааг 20 хоног болгож бууруулах нь ахимаг насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга яагаад ч биш. Олон жил хөдөлмөр эрхэлсний шимтгэл, даатгалаа төлсөн л бол тухайн хүн үүнийхээ үр ашгийг хүртэх эрхтэй. Тэгээд ч ээлжийн амралтын хугацааг буурууллаа гээд ажил олгогчид ахимаг насныхныг сонирхож, ажилд авах нь юу л бол.

Энэ мэт хүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан зохицуулалтыг Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгахаар зэхэж байна. Харин эдгээр саналыг дэмжихгүй, хуульд тусгахгүй байх эрх нь УИХ-ын гишүүдэд бий. Тиймээс хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаагүй Хөдөлмөрийн хууль батлах эсэхийг харах л үлдлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. olon jil ajillasan humuus nileen udaan amardag shuu hudalch hund barag 2 sar amardag gehed bolno en huuli batlagdval hoorhiis budaa boloh ni ee

    0 0 Хариу бичих
  2. hudulmuriin taatai nohtsol mongold uneheer baihgui ee naad huuli chini nuuhiig ni avah geed nudiig ni sohloh vii dee

    0 0 Хариу бичих