-“Ялагдлын” таван шалтгаан-
Олон нийтийн анхаарал мэргэжлийн боксоос хөндийрч, холимог тулаанд илүүтэй шимтэх болжээ. Хэдэн жилийн өмнөөс л энэ тухай ярьсан ч мэргэжлийн бокс эргэлдэх мөнгөний хэмжээгээр холимог тулаанаас илүү байсан юм. Мөнгө бол туайн спортыг олны анхаарлыг хэр их татаж байгааг илэрхийлэгч гол үзүүлэлт учир энэ хооронд “Холимог тулаан №1” гэж дүгнэхэд арай эрт байсан хэрэг. Харин одоо бол хэлэх цаг нь болжээ. “Одоо энэ бол бодит үнэн. “Бокс холимог тулаанд ялагдсан”.
Баримт түшье. Мэргэжлийн боксын хүнд жингийн энэ цагийн алдарт аваргууд болох Сергей Ковалев, Андре Уорд нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тулалдахад ердөө 160 мянган үзэгч төлбөр төлж үзжээ. Хоёр боксчин амжилтынхаа оргил үед байгаа, бас ч үгүй мэргэжлийн боксын хамгийн том гурван холбоо (WBA/IBF/WBO)-ны бүсийг нэгтгэхээр дэвжээнд гарсан юм шүү дээ. М.Тайсон, Э.Холифильдын үед ийм тулаан асар их дуулиан шуугиан, нэр хүнд, мөнгө дагуулдаг байсан сан. Гэтэл энэ цаг үе байтугай бүх цаг үеийн шилдэг “нокаутер” Геннадий Головкины Дэниэль Жэйкобстой хийсэн тулааныг 200 мянга орчим хүн л мөнгө төлж үзэхийг зөвшөөрсөн нь гайхмаар. 2016 онд хамгийн их борлуулагдсан Амир Хан-Канело Альваресын тоглолт 600 мянга гэсэн үзүүлэлттэй.
Тэгвэл холимог тулааны хувьд байдал ямар байна вэ. К.МакГрегор-Нэт Диасын “даага нэхэх” тоглолтыг 1 сая 650 мянган хүн төлбөртэй үзжээ. Хабиб-Макгрегорын тоглолтыг түүнээс ч олон хүн үзсэн. Холимог тулааны түүхэнд өмнө нь Чак Лиделл-Тито Ортис (2006)-ын тулааныг 1 сая 50 мянга, Брок Леснар-Франк Мирагийн (2009) тулааныг 1 сая 600 мянга, Жозе Альдо-Конор МакГрегорын (2015) тулааныг 1 сая хоёр зуун мянган хүн худалдаж авч байсан түүхтэй.
Мэргэжлийн бокс холимог тулааны “ар шилэнд” хаягдаж, урьдын “сэтгэл татам” байдлаа алдсаны таван гол шалтгааныг дор холимог тлаантай харьцуулан нэрлэж байна.
Шалтгаан 1: Шилдэг аваргууд хоорондоо гар зөрүүлдэггүй
Промоутерууд шилдэг аваргуудыг төрүүлдэг хэрнээ тэднийг хооронд нь тулалдуулах сонирхол тун бага байдаг. За, яаж ийгээд тулалдахаар боллоо гэхэд аваргууд тулаанд оролцсоныхоо төлөө л мөнгө авахыг хүсч, үр дүнг хайхардаггүй. Энэ нь тоглолтын төвшинг ч бууруулдаг. Тодорхой жишээ нь Флойд Мэйвейзер, Мэнни Пакъяогийн зургаан жил “ярьж” байж хийсэн тулаан. Флойд 230, Мэнни 150 сая ам.доллар авна гээд тохирчихсон болохоор маш уйтгартай бокс харуулсныг спорт сонирхогчид санаж байгаа биз ээ.
Үнэхээр сэтгэл чангатай аваргууд бол “Ялагч бүхнийг авна” гэдэг дүрмийг сонгож, тулаан ч өндөр төвшинд, өрсөлдөөнтэй болох нь ойлгомжтой шүү дээ.
Холимог тулаан: Аваргууд өөр жингийн байсан ч хоорондоо чөлөөтэй үзэлцдэг. Альдо-МакГрегор, Жонс-Кормье, Вердум-Веласкес нарын зэрэг дээд төвшний аваргуудын тулааныг зургаан жил биш, зургаан сарын дотор л үзэх боломжтой. Шагнал нь мэргэжлийн боксыг бодвол бага ч үр дүнг чухалчилдгаараа ялгаатай. Оройн үзүүштэй тулаанд өндөр шагналыг ялагдсан тулаанч ч хүртэх боломжтой учраас тулаан болгонд “гал гардаг” онцлогтой.
Шалтгаан №2: Хурц “од”, өвөрмөц хувь хүний хомсдол
Олны анхаарлыг мэргэжлийн бокс руу соронздон татдаг байсан Рой Жонс, Жеймс Тони, Эрик Моралес, Марко Антонио Баррера, Артуро Гатти нарын өвөрмөц, содон дүр төрхүүд одоо ховорджээ. Одооний аваргуудыг хараад байхад Андре Уорд, Сауль Альваресаас бусад нь замналаа яг таг, болгоомжтой үргэлжлүүлэхийг хичээдэг болсон байна. “Хөгшин үлэг гүрвэл”, зодог тайлчихсан Флойд Мэйвейзер одоо мэргэжлийн боксын тод өнгө төрх байна гэхээр залуус ямар байгаа нь ойлгомжтой.
Холимог тулаан: Бокст уйтгартай “гарууд” ноёлж байгаа бол холимог тулаанд тийм биш. Ам хэлээрээ ярьснаа дэвжээн дээр гаргаж чаддаг К.Макгрегор мэтийн чанга эрсээр дүүрэн байдаг нь сайхан.

Шалтгаан №3: Хэтэрхий олон холбоо, аваргатай
Мэргэжлийн бокст хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөөс (WBC, WBA, IBF, WBO) гадна хэдэн арван холбоо бий. Тэд бүгд жин бүрт өөрсдийнхөө аваргуудыг тодруулдаг нь хэтэрхий замбараагүй. Бас түр зуурын аварга, “хүндэт”, “мөнгөн”, ”алмаазан” бүсний төлөө тулалдацгаах нь толгой эргүүлмээр. Иймэрхүү янз бүрийн тодотголтой бүсний эзэн тодруулдгаараа хамгийн лдартай нь дэлхийн боксын холбоо буюу WBA. Тус холбоо нэгэн үе дунд жинд Геннадий Головкин, Дэниэл Жейкобс, Дмитрий Чудинов гэсэн гурван аваргатай байсан гээд бод. Мэдээж, спорт сонирхогч хүн болгон өдөрт мэргэжлийн боксын мэдээлэл хайхын тулд хагас цаг зарцуулах боломжгүй учраас зарим аваргуудын нэрийг хэн ч мэдэхгүй өнгөрдөгт гайхах зүйлгүй юм.
Холимог тулаан: Энд бүх зүйл ойлгомжтой. Аваргын бүс эзэмшигч хамгийн шилдэг нь гэсэн хялбархан дүрэм үйлчилдэг. Заримдаа түр аварга зарладаг ч удаахгүй жинхэнэ аваргыг тодруулдаг. Холимог тулаанд “Bellator”, “ONE FC” гэх мэт холбоо бий ч UFC-д аваргалж байж л жинхэнэ шилдэгт тооцогддог.

Шалтгаан №4: Дүрэм нь хэтэрхий ярвигтай
12 үе гэдэг бол олон хүний хувьд маш удаан, тэвчишгүй урт хугацаа юм. Гэтэл боксын техник 10-20 жилийн өмнөхөөс өөрчлөгдөөгүй байдаг. Ийм “мэддэг” боксыг 12 үе үзэх нь уйтгартай. Бас, ццаас харандаа барьж тэмдэглэл хөтлөөд ч ойролцоо тулаанпд хэн ялсныг таамаглах магадлал бага.
Холимог тулаан: Хугацаа нь бага, энгийн тоглолт таван минутаар гурван үе, аваргын төлөө бол таван үе зодолддог. Үе нь цөөхөн учраас тулаан өрсөлдөөнтэй, ялагч нь тодорхой байдаг онцлогтой. Дээрээс нь тамирчдын тулааны арга барил өөр, өөр учраас үзэхэд ч сонирхолтой. Ялагчийн хувь заяа хормын төдийд шийдэгдэх тохиолдол олон байдаг нь үзэгчдийг татдаг.

Шалтгаан №5: Хэтэрхий хуучинсаг
Орчин үеийн дэлхийд бүх зйүл маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Үүнийг соргогоор мэдэрсэн спртын зарим төрлүүд дүрэм, хэлбэрээ байнга өөрчлөн шинчлэх замаар “амьд үлдэж” байна. Гэтэл бокст бүх зүйл бахь байдгаараа. 85 настай Боб Арумаар имиж хийсээр байгаа нь олон нийтийн анхаарлаас холдох нэг шалтгаан гэж болно.
Холимог тулаан: Яг одоо хамгийн моодны тулаан нь холимог тулаан болчихоод байна. Холбооны зүгээс тулаанч нэг бүрийг Твиттер хаягтай байхыг шаардаж, үзэгчдийн хүрээллээ тэлэх техник технологийн боломж бүрийг ашиглаж байна. Энэ бол мэргэжлийн боксоос ялгарах гол давуу тал. UFC нэгэн үе Твиттерт олон жиргэсэн, сонирхолтой пост оруулсан тулаанчдыг урамшуулдаг байсан. Ерөнхийлөгч Дана Уайт гэхэд л холимог тулааны ертөнцийн тухай маш сонирхолтой мэдээлэл хүргэдэг видео блогтой байх жишээтэй. Гэтэл Дон Кинг, Боб Арум ингэж чадаагүй. Тийм ч учраас залуус холимог тулааныг л ярьж, сонирхож, мэргэжлийн боксыг аажмаар “аньж” байна.