Өнгөрсөн оны сүүлээр Их Британид анх илэрсэн коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбар ОХУ-ын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн тухай Ням гарагт Роспотребнадзор байгууллага мэдэгджээ. Шинэ жилийн өмнө Их Британиас буцаж ирсэн Оросын иргэний шинжилгээнээс уг хувилбар илэрсэн байна.
Одоогоор эрэгтэйд ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байгааг Роспотребнадзорын тэргүүн Анна Попова ярьжээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээс 12 дугаар сарын 22-ны хооронд Их Британиас ОХУ руу 7000 орчим хүн иржээ. Эдгээр хүмүүсээс шинжилгээ авахад 32 хүнээс коронавирусийн халдвар, нэг хүнээс мутацид орсон вирусийн халдвар илэрчээ.
Эх хувилбараасаа 70 хүртэл хувийн өндөр халдварлах чадвартай гэгдэж байгаа шинэ хувилбар Их Британийн хүн амын дунд тарсны дараа дэлхийн олон орон тус улсаас ирэх зорчигчдод хилээ хаасан юм. Гэсэн хэдий ч өнөөдөр АНУ болон Европ, Азиийн олон оронд уг хувилбар тархаад байна.
Коронавирусийн мутацид орсон шинэ хувилбарын дамжих зам адилхан учраас түүнээс урьдчилан сэргийлж болно гэж судлаачид үзэж байгаа юм.