Манай улсад 107,075 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж буй бөгөөд эдгээр иргэнийг насаар нь ангилан үзвэл, 0-18 насны 12,476, 19-34 насны 22,753, 35-64 насны 65,487, 65-аас дээш насны 6,539 хүн бий юм.
Хөгжлийн бэрхшээлтэй зургаагаас дээш насны 104,200 иргэний 87,385 нь боловсрол эзэмшсэн байна
Хөгжлийн бэрхшээлтэй зургаагаас дээш насны 104,200 иргэн байгаагаас ердөө 87,385 хүн нь боловсрол эзэмшсэн байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй, 15-аас дээш насны 98,243 иргэний 31.6 хувь буюу 31,092 хүн хөдөлмөр эрхэлж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсролын түвшин:
- бага 14,142,
- суурь 21,634,
- бүрэн дунд 30,335,
- техникийн болон мэргэжлийн 4,253
- тусгай мэргэжлийн дунд 5,465
- дипломын дээд 947
- бакалаврын дээд 10,004
- магистр 569
- доктор 36 байна.
Түүнчлэн ЕБС-д суралцаж буй хүүхдийн тоо 2010 оноос хойш тогтмол буурсан байна. Тодруулбал, 2010-2011 оны хичээлийн жилд 12.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЕБС-д суралцаж байсан бол өнгөрсөн онд тус тоо 66,9 хувиар буурч, нийт 6.1 мянга хүүхэд ЕБС-д суралцсан байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо ч мөн буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, өнгөрсөн оны хичээлийн жилд 1076 цэцэрлэг, яслид хамрагджээ. Энэ нь 2010-2011 оны хичээлийн жилээс 144 хүүхдээр, өнгөрсөн оныхоос 11 сурагчаар буурсан тоо юм.

Улсын хэмжээнд зургаан тусгай сургууль бий
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн суралцах, хөгжих боломжоор нь хангаагүйн улмаас олон мянган хүүхэд боловсролын гадна орхигдож байна. Тухайлбал, улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдийн нэг, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн нэг, оюуны бэрхшээлтэй хүүхдийн дөрвөн сургууль бий. Гэтэл 2019 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 11606 байхад улсын хэмжээнд тусгай сургууль ердөө зургаа байгаа нь дэндүү хангалтгүй тоо юм.
Нэг жишээ дурдахад, улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй иргэдийн сургууль бий ганц бий нь 116-р сургууль юм. Энд 120 гаруй хүүхэд суралцдаг. Гэтэл 1200 харааны бэрхшээлтэй хүүхэд байгааг ХНХЯ-аас мэдээлжээ. Тэдний хоёр зуу орчим нь тодорхой хэмжээнд боловсрол эзэмшиж байна. Өндөр хэмжээний сул хараатай хүүхдүүд сургуульд сурах эрмэлзэлтэй байдаг ч гэрээсээ хол суралцах хүндрэлтэйгээс гадна сургуулийн орчин хүртээмжгүй учир боловсролоос орхигдож байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах боловсон хүчин дутмаг байна
Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах багш нар хангалтгүй байгаа бөгөөд манай улсын аль ч их сургуульд энэ төрлийн мэргэжилтэн бэлтгэх анги байдаггүй аж. Уг нь 60 орчим жилийн өмнөөс тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг ОХУ, Унгарт бэлтгэж эхэлсэн ч 1990-ээд оны үеэс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн багш бэлтгэх ажил тасалджээ. Одоогийн байдлаар энэ тал дээр мэргэшсэн 20 гаруй багш МУБИС, Боловсролын хүрээлэн мөн тусгай сургуульд ажиллаж байна. Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах боловсон хүчинг чадавхжуулж, дотоодын их, дээд сургуульд энэ төрлийн мэргэжилтэн бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч буй юм.