Монголд “халамж хавтайрлаа” гэдэг ч сүүлийн нэг жилд халамж бүр хальжээ. Учир нь, өнөөдөр Монгол Улсын гурван сая гаруй хүн амын 2.5 сая гаруй нь (давхардсан тоогоор) халамж авч байна.

Уул уурхайн орлогын гуравны нэгийг халамжид зарцуулдаг

2021 оны төсвийн төсөлд тусгаснаар энэ онд 1.65 их наяд төгрөгийн халамж олгох нь. Нийгмийн халамжийн сангаас 12 нэр төрлийн багц халамж олгодог. Энэ нь 72 нэр төрөл болж задардаг. Ингэхээр нэг өрх дунджаар 3-4 төрлийн халамж авдаг гэсэн тооцоо бий. Хүн бүр аваад байх боломжгүй, харьцангуй бага хүн хамрагддаг гэдэг хүнсний талоныг гэхэд улсын хэмжээнд 44 мянган өрхийн 243 мянган хүн авдаг. Үүнээс 50 хувь нь хүүхэд, 20 орчим хувь нь ахмад, үлдсэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг. Эдгээрт 808 дэлгүүрээр, мах, сүү, гурил гэх мэт наад захын хэрэглээний 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг олгодог. 2021 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр нэр бүхий гишүүд халамжийг 26.4 тэрбум төгрөгөөр бууруулах санал гаргасныг чуулганы хуралдаанд оролцогсдын ихэнх нь дэмжсэнээр халамж дээр дурдсан хэмжээгээр буурч буй.

Гэсэн ч зэсийн экспортын бүтэн жилийн орлого халамжид явна гэсэн үг. Дахин тодруулбал, уул уурхайгаас олох орлогын гуравны нэгийг халамжид зарцуулна. Уул уурхайгаас төсвийнхөө гуравны нэгийг бүрдүүлээд, буцаагаад гуравны нэгийг нь халамжид хаяхаар төсөвт тусгажээ. Энэ нь ДНБ-ий 3.6 хувь. Харин халамжийг төсөв боловсруулагчид тайлбарлахдаа “хүн амын өсөлтийг дэмжсэн бодлогод нийт төсвийн 60 орчим хувийг зарцуулдаг” гэж товчилдог.

Гурван хүн тутмын хоёр нь халамж авдаг

Халамжийн төсөв, халамж хүртэгчийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Таван жилийн дотор халамж хүртэгчид хоёр дахин нэмэгджээ. Өнөөдөр Монголд гурав хүний хоёр нь халамж авч байгаа. Ирэх онд ч энэ тоо 300 орчим мянгаар нэмэгдэхээр байгааг төсөвт санхүүжилтийг нь тусгажээ.

Түр тэтгэмж

Цар тахлын үед 16 хүртэлх насны хүүхэд бүрд олгож байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж 2020 оныг дуустал олгохоор болсон. Энэ дагуу 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгоно. Иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгөний энэхүү нэмэгдлийг 2021 оны эхний хагас жилийг дуустал олгохоор тооцож төсвийн төсөлд 864 тэрбум төгрөг суулгасан байна. Мөн Халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тэтгэмжийн нэмэгдлийг 2021 оны эхний хагасыг дуустал олгоно. Тодруулбал, Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 72 мянга орчим ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой иргэн, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс энэ оныг дуустал сар бүр 100 мянгаар нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болгосон. Энэхүү нэмэгдлийг мөн 2021 оны эхний хагас жил нэмэгдүүлсэн дүнгээр үргэлжлүүлэн олгохоор тооцож төсөвт тусгажээ.

Шинэ тэтгэмж

Энэ онд нэмэгдэж байгаа бас нэгэн тэтгэмж нь орон нутагт ажиллаж буй эмнэлгийн байгууллагын ажилчдынх юм. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д заасан мөнгөн тэтгэмжийг хөдөө орон нутгийн эрүүл мэндийн зарим байгууллагын ажилчдад олгох хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр заасны дагуу 463 ажилтанд 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор төсвийн төсөлд тусгажээ. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэж заасан байна.

Хөдөлмөр эрхлэгчдээс давсан халамж хүртэгч

Юүлүүр. Нийгмийн хамгааллын салбарын тогтолцоог ингэж зүйрлэмээр. Хөдөлмөр эрхлэгч, сайн дураар шимтгэл төлөгчдийн мөнгө халамжийн санд ороод буцаад тэтгэвэр, тэтгэмж, халамжид гардаг. Ингэхдээ гарах нь орохоосоо үргэлж их байдаг. Эхний есөн сарын байдлаар 2.3 сая хүнд 1.1 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгожээ. Энэ нь  өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 183.1 мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 629.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тэтгэмж халамжийн хэмжээ 2.3 дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

Харин нөгөө талдаа 1.2 сая ажиллагсад байгаа юм. Ингээд ажиллах хүний хүнээсээ хөдөлмөр эрхэлж байгаан нь хасвал ажилгүй 83 мянган байгаа гэсэн тооцоо бий. Энэ бол ҮСХ-ны тооцоо. Ингэхээр хөдөлмөр эрхлэж, шимтгэл төлж даатгал, сангийн мөнгө бүрдүүлэгч, халамж хүртэгчдийн ялгаа тодорхой харагдах биз ээ. Ингээд халамжийн сан нь ачааллаа дийлэхээ болиод зээл авч халамж тавьдаг. Сүүлд л гэхэд хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэврийг 2021 оны эхний хагасыг дуустал нэмэгдүүлсэн дүнгээр нь олгох, хүнсний талоныг санхүүжүүлэх зорилгоор Японоос 25 тэрбум иен буюу 233 сая ам.долларын зээл авсан.

Халамж хөдөлмөрийн зах зээлд халгаатай байна

Халамж хөдөлмөрийн зах зээлд халгаатай байгаа нь ажил олгогчдын толгойн өвчин болсон. “Ажлын зар тавиад хүн олдохоо байсан. Ажил хийх хүсэлтэй хүн алга” гэсэн ажил олгогчид хаа сайгүй. Сарын 600 мянган төгрөгийн цалингийн төлөө ажил хийж, зовж байснаас ажилгүй гээд хүнсний талон авч, халамж хүртсэн нь бие сэтгэлд амар гэсэн хандлага зарим нэг танилаас цухалзах болсон нь нуух юун.

Жишээ болгоход, Үндэсний тооцоо шинжилгээ, судалгааны газраас гаргаснаас нягтлан харвал улсаас тэтгэвэр, тэтгэмж хэлбэрээр өрхүүдэд оруулсан дүн өнгөрсөн оны эцсийн байдлаар 2.4 их наяд төгрөг байхад, эргээд өрхийн сектороос улсын данс руу шилжүүлсэн мөнгөн дүн буюу нийгмийн даатгалын шимтгэл, орлогын татвар нь 879.3 тэрбум байгаа юм байна. Өмнө өгүүлсэнчлэн ажилгүй 83 мянган хүн байгаа гэж тооцвол үүнээс 27.5 мянга нь хөдөлмөр эрхлэх байгууллагад бүртгүүлжээ. Тэгвэл цаана нь 40 гаруй мянган хүн ажил хийх хүсэлгүй байна гэсэн үг.