Баримт #1
Дэлхийн хамгийн үнэтэй уруулын будаг автомашинаас илүү үнэтэй. Очир эрдэнийн шигтгээтэй алтан савтай уруулын будгийг Guerlain компани 2007 онд худалдаанд гаргаж байв. "KissKiss Gold and Diamonds" нэртэй $62 000 долларын үнэтэй уруулын будгийг Арабын шейхүүд эхнэртээ бэлэглэдэг гэнэ.

Баримт #2
Уруулын будаг сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэг. Үүнийг бүсгүйчүүд өөрсдөө ч санаанаас зохиосон юм биш. Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль дэлхийн 2-р дайны үеэр шинэ уруулын будаг худалдаанд гаргаж иргэдийнхээ сэтгэл санааг өргөх тушаал өгч байв. Хүнд бэрх тэр цагт гоо сайхны үйлдвэрлэл бүрэн зогсоод байсан юм.

Баримт #3
"Уруулын будгийн нөлөө" бол бодит амьдрал дээр хэрэгжиж буй эдийн засгийн нэр томъёо юм. Тодруулбал улс орон эсвэл бүс нутгийн эдийн засаг агшихад эсрэгээрээ уруулын будгийн борлуулалт үргэлж өсдөг гэнэ. 1999-2000 онд АНУ-д эдийн засгийн уналтын үеэр уруулын будаг, гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт 4 хувиар өссөн болохыг энд дурдаж болно. Гэтэл хувцас, үнэт эдлэл, тавилгын худалдаа буурч байв. Эдийн засагчид “уруулын будгийн үр нөлөө”-г томоохон худалдан авалтад мөнгө нь хүрэлцэхгүй үед тааламжтай зүйлээр өөрийгөө баясгах хүслээр тайлбарладаг.
Баримт #4
Уруулын будаг таныг илүү ухаалаг харагдуулна. Эсвэл дор хаяж илүү мэргэжлийн. Харвардын их сургуулийн судлаачид Procter & Gamble компанитай хамтран явуулсан судалгаагаар нүдний будалт, уруулын будагтай эмэгтэй ажилчдыг хамт олон нь илүү чадварлаг гэж үнэлдэг болох нь батлагдсан юм.
Баримт #5
Уруулын будаг киноны урлагийн ачаар түгээмэл хэрэглээ болсон. Одоо уруулын будаг бол хамгийн алдартай гоо сайхны бүтээгдэхүүний нэг. Статистикийн мэдээгээр дэлхийн эмэгтэйчүүдийн 81% нь уруулын будаг тогтмол хэрэглэдэг. Өнгөрсөн зууны 20-иод оны үед хар, цагаан дуугүй кино гарч анхны од бүсгүйчүүд олны анхаарлыг татаж эхлэхтэй зэрэгцээд уруулын будгийн борлуулалт огцом өссөн гэдэг.

Баримт #6
Английн хатан хаан I Элизабет уруулын харандааг зохион бүтээгчдийн нэг. Хатан хаан I Элизабет уруул арчилгааны бүтээгдэхүүнд туйлын дуртай байв. Чухамдаа түүнийг пигмент, лав, тос зэргийг хольж уруулын будгийг зохион бүтээсэн гэх яриа ч байдаг. Хатантан нүүр будалтын анагаах чадварт итгэдэг бөгөөд бие нь тавгүйрхэх бүрийд уруулаа буддаг байжээ. Бүр амьсгал хураахдаа хүртэл уруулаа будсан байсныг түүхчид гэрчилдэг.

Баримт #7
Улаан уруулын будаг үнэхээр анхаарал татдаг. Манчестерийн их сургуулийн судалгаагаар эрчүүд улаанаар уруулаа будсан эмэгтэйг хамгийн түрүүнд анзаарч хардаг гэнэ. Эрчүүд тэднийг 7.3 секундын турш ширтэнэ. Тэгвэл ягаан уруулын будагтай охидыг ойролцоогоор 6.7 секунд, харин уруулаа будаагүй бүсгүйчүүдийг ердөө 2.2 секунд л тогтож хардаг байна.
