Найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийн орлогын гол эх үүсвэр нь хүнсний бүтээгдэхүүн биш архи, пиво болжээ. Өдөрт зарагддаг архи болон талхны хэмжээг харьцуулахад талхны борлуулалт хамаагүй өндөр байгаа аж. Гэвч талхнаас унах ашиг нь цөөн тоогоор зарагдсан архины ашгаас бага байдаг юм байна. Жишээ нь 60 ширхэг талх зараад олох ашгийг 2 шил архи зараад олдог гэдгийг найман нэрийн хүнсний дэлгүүрт ажилладаг худалдаа эрхлэгчид хэлж байгаа юм.

Худалдаа эрхлэгчид нэг талхан дээр 50 төгрөг нэмж өдөрт нийтдээ 50-70 талх зардаг аж.Харин архин дээр тухайн архины чанар, олдоцоос нь шалтгаалаад 500-1000 төгрөг нэмж зардаг байна.Түүнчлэн архи зардаггүй өдөр найман нэрийн дэлгүүрүүдийн орлого 20-30 хувь буурдаг гэнэ. Худалдаа эрхлэгчид архинаас бусад өргөн хэрэглээний бараанд өндөр өртөг шингээж зарах боломжгүй байдаг бөгөөд архины үнийг нэмэхэд иргэд бухимдалгүй худалдан авдаг гэлээ.